Хүүхдэд халтай Монгол…

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Хүүхдэд халтай Монгол…

Монгол Улс 3 059 674 иргэнтэй. Үүнээс улсын хэмжээнд нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай буюу амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд 211,700 хүүхэд амьдарч байна. Эдийн засгийн хямралыг дагаад хүүхдүүдийн сурч боловсрох эрх ч бас зөрчигдсөөр. Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 2014 оны хувьд улсын дундаж 80,5 хувь гарчээ. Уг нь 90 гаруй хувьтай гардаг байсан үзүүлэлт ийнхүү 10 орчим хувиар өссөн байх юм. Ялангуяа Баян-Өлгий, УБ болон Архангай аймгуудад 70,1 хувь байгаа нь хүн ам төвлөрсөн болоод захын аймгуудад сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт тааруу байгааг илтгэнэ. Хүүхдэд халтай Монгол гэсний учир нийт хүүхдүүдийн 38% нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөнөөс харагдаж байгаа юм. Наад зах нь хүүхдийг тэнэг, залхуу зэргээр дуудах, орилж хашгирах нь хүртэл хүчирхийлэлийн нэг хэлбэр. Гэтэл манайхан үүнийг байх ёстой л зүйл мэт хүлээж авдаг. Үүнээс хэрдгийлгэм тоо байгаа нь нийт хүүхдүүдийн 26% нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг байна. Тухайлбал алгадах, дугтчиж сэгсрэх, чимхэх, бүс саваа зэргээр цохиж зодох гэх мэтээр дөрвөн хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг. Зөвхөн 2015 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 1333 хүүхэд өртжээ. Хүүхдээс үйлдсэн болон хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 22.9%-иар өсч 702 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэргийг авч үзвэл 2015 оны 11 сарын байдлаар нийт 691 хэрэг бүтгэгдсэн байна. Үүнээс 43 хүүхэд гэмтсэн. Түүнчлэн 11-17 насны 10 хүүхэд тутмын 1 нэг нь бэлгийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртөж байна, 18-24 насны 10 хүүхэд тутмын 2 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдээ чимхэх 44,4%, бөгснөөс өөр газруудад зодох 37,6 хувь, бөгсөн дээр юм ашиглан ороолгох 36,8 хувь, хөлөөрөө өшиглөсөн 30,1 хувь, зангидсан гараар дахин дахин цохих 27,1 хувь зэрэг шийтгэлийн аргуудыг голчлон хэрэглэж байна. Хүүхдийн хүчирхийллээс гадна хүүхдийн хөдөлмөрийн асуудал ч бас өндөр хувьтай гарч. Тухайлбал улсын хэмжээнд 5-17 насны хүүхдийн 18% нь хөдөлмөр эрхэлдэг үүнээс 10 хувь нь хүнд хөдөлмөр эрхэлж байна. Хүүхдүүдийн 9% нь аюултай, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчин, нөхцөлд ажилладаг. Тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс хүүхдийг хамгаалах хувь улсын хэмжээнд 34% байгаа бөгөөд Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий аймгуудад нэг ч хүүхдийг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс хөндийрүүлээгүй мэт харагдаж байгаа юм. Нийслэлд 300 орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Энэ мэтээр зөвхөн сурч, боловсроход цагаа зарцуулах ёстой хүүхэд багачууд маань амь зуухын эрхэнд хөдөлмөр эрхлэхээс аргагүй байдалд орж. Бичил уурхайн орчинд амьдарч буй хүүхдийн нэг томоохон хүндрэлтэй асуудал нь хөдөлмөр эрхлэлт байлаа. Хүүхдүүд эцэг эх, өөр хэн нэгний шахалтаар гэхээс илүүтэйгээр өөрсдийн хүсэлтээр аав, ээжийнхээ ажилд тусалдаг байна. Энэ нь тэдний өрхийн эдийн засагт нэмэр болохыг хүссэний илрэл юм. Хүүхдийн уурхайн ажилд оролцох байдал зуны улиралд хичээл амарсантай холбоотойгоор эрс нэмэгддэг байна.

Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 38 хувь нь хүүхдээ уурхайн ажилд туслуулдаг гэсэн бол, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 42.3 хувь нь хааяа, 22.5 хувь нь байнга тусалдаг гэсэн юм. Уурхайн ажилд туслахдаа ихэвчлэн ямар ажил хийдэг болохыг тодруулахад, угаахад зориулж бэлдсэн чулуу, шороо савлах зөөх, ус зөөх, нүх ухах, алт угаах зэрэг бүхий л үе шатанд оролцдог байна.

Хүүхдэд халтайг илтгэх өөр нэгэн баримт дурдъя. 2014 оны 6 сараас эхлэн Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын дэргэд Хүүхдийн тусламжийн утас 108 үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ утсанд нийт 3739 хамгаллын үйлчилгээ хүссэн дуудлага ирсэн, үүнээс яаралтай 388 дуудлагыг Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвд шилжүүлсэн байна. Нийт дуудлагын 37% УБ, 42% орон нутаг, 12% Дархан Эрдэнэтээс иржээ. Өдөрт дунджаар 434 хүүхэд тусламж хүсдэгээс 7 нь хүчирхийллийн дуудлага байдаг гэнэ. Бие махбодийн хүчирхийлэл 1154 дуудлага буюу 28,5%, үл хайхрах байдал 901 буюу 10%, сэтгэл санааны  хүчирхийлэл 346 дуудлага буюу 3,8%, бэлгийн хүчирхийлэл 158 дуудлага буюу 3,3 хувийг тус тус эзэлж байгаагаас манай улс хүүхдэд халтай гэдэг нь харагдаж байна. Харин бид хүүхдэд ээлтэй улс болохын тулд хүүхэд хамгааллын асуудлыг нэн тэргүүнд тавьж, төрийн бодлогыг ч энэ чиглэл рүү хандуулахгүй бол горьгүй нь ээ.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж