Хятадад үерийн аюул хүрээгээ тэлсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Хятадад үерийн аюул хүрээгээ тэлсээр байна

Хятадын төв болон өмнөд хэсгээр сүүлийн хэд хоног тасралтгүй үргэлжлэн орж байгаа борооны улмаас олон зуун мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна. Тус улсад ийм хэмжээний хохирол дагуулсан үер 1955 оноос хойш болоогүй бөгөөд Хятадын Засгийн газрын зүгээс үерийн аюулд өртөж болзошгүй 550,000 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг томилоод байна. Хятадад онц байдал тогтоогоод байгаа энэ үед үерийн улмаас 100 гаруй хүн амиа алдсан нь тогтоогдоод байна. Ирэх өдрүүдэд бороо улам ширүүсэх төлөвтэй байгаа тул Жиангси мужаас 122,400 гаруй иргэдийг онц аюултай бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

Хубей мужийн төв хэсэгт үргэлжилсэн борооны улмаас хөрсөнд нуралт үүсч, зургаан хүн ор сураггүй алга болсон бөгөөд Пингду голын усны түвшин аюултай түвшинд хүрсэн тул 2,000 гаруй иргэд суугаа газраасаа дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ. Үер болохоос өмнө Хятадын төв болон хойд хэсэгт сар гаруй хугацаанд ган гачиг нүүрлэж, үр тарианы ургацыг сүйтгэсэн. Тиймээс Хятадад нүүрлэж болзошгүй үр тарианы хомсдол олон улсын зах зээлд сөргөөр нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж