Дуучин Бейонсе, Жей-Зи нарын охин Блю Айви дөрвөн нас хүрчээ. Алдартай хос охиныхоо төрсөн өдрийг нэг биш, хоёр удаа тэмдэглэсэн байна. Блю Айвигийн дөрвөн насны эхний баяр чихэр, амттан, бялуугаар бялхаж, охин найзуудтайгаа өдөржин тоглож өнгөрүүлжээ. Блю Айвигийн төрсөн өдрийн баярт 50 гаруй зочид, хүүхдүүд уригдсан бөгөөд тэдний дунд Бейонсегийн “Destiny`s child”хамтлагийн гишүүн байсан Келли Роуланд, Английн дуучин Крис Мартин нар байжээ. Гэхдээ Блю Айвигийн төрсөн өдрийн баяр түүгээр дууссангүй. Дуучин Бейонсе, Жей-Зи нар охиныхоо төрсөн өдрийг нэгэн жүжигчний гэр бүлийнхэнтэй хамт тэмдэглэжээ. Дуучин Бейонсе, Жей-Зи нар 2008 онд гэрлэж, охин нь 2012 онд төрсөн.
Дуучин Бейонсегийн амжилт 1990-ээд онд “Destiny's Child” хамтлагийн ахлагч байсан үеэс эхэлсэн. Удалгүй Бейонсе хамтлагаасаа гарч, ганцаараа дуулах болж, алдартай студийн хараанд өртөж чадсан. Өнгөрсөн хугацаанд Грэммийн 20 шагналын эзэн болж, Супер цомын тэмцээнд дуу дуулсан Бейонсег Форбес сэтгүүл 2015 оны хамгийн хүчирхэг эмэгтэй гэж нэрлэсэн билээ. Бейонсе ирэх хоёрдугаар сард “Coldplay” хамтлагтай хамтран тоглохоор болсон талаар шоуны спонсор Пепси компани мэдэгдсэн юм.
Н.ЭНХ