Сүүлийн үед нийгэмд хар бараан сөрөг үзэгдэл ар араасаа гарч байна. 20-25 насны залуус удаа дараа банк дээрэмдлээ, залуухан эмэгтэй төрсөн хүүхдээ хаясан, төрсөн хүүхдээ хөнөөсөн, хамгийн сүүлд л гэхэд хоёр өсвөр насны охин амиа хорлосон хэрэг гарсан юм. Энэ мэт сэтгэл эмзэглүүлсэн үйл явдалд ялангуяа өсвөр насны хүүхэд, залуус холбогдох болсон билээ. Энэ асуудлаар “Монгол Өрх” хүрээлэнгийн захирал, клиник сэтгэл зүйч, докторант С.Баасанбаттай ярилцлаа.
-Нийгэмд хар бараан үйл явдал ар араасаа гарч байна. Үүнийг хүмүүс гадны янз бүрийн алан хядлагатай кино, сериал, интернет, фейсбүүктэй холбон тайлбарлах болсон. Сэтгэл зүйчийн хувьд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-1991 оноос Монголын нийгмийн амьдрал эрс өөрчлөгдсөн. Ийм эргэлтийн үед дасан зохицохын төлөө ард иргэд зүтгэсээр гэр бүл, хувь хүний амьдралд ихээр өөрчлөлт гарсан гэж болно. Нийгмийн сэтгэл зүйн үүднээс авч үзвэл шинэчлэл өөрчлөлт гэдэг тодорхой үе шатыг дамжих хэрэгтэй байдаг. Тодорхой таван үе шатыг дамжаад 60 жилийн дараа л тухайн нийгэм, гэр бүл, хувь хүн эмх цэгцдээ орно гэж үздэг. Таван үе шатыг хураангуйлаад гурван үе шат гэж хувааж авч үзье л дээ.
Тэгэхээр өөрчлөлт хийсэн эхний 20 жилд тухайн нийгэмд эмх замбараагүй байдал үргэлжилдэг. Дараагийн 20 жилд хүмүүст итгэл найдвар төрж, шинэ нөхцөл байдалд дасаж эхэлнэ. Эсвэл сэтгэл гутралын байдалд орох жишээтэй. Гурав дахь үе шатанд иргэд тухайн өөрчлөлтөд дасан зохицож, нийгэм, эдийн засгийн амьдрал тогтворжиж эхэлнэ гэсэн үг. Хэрвээ энэ хугацаанд өөрчлөлтөд дасаж чадахгүй бол цөхрөл гутралд орж, яваандаа улс, үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг. Энэ үүднээс авч үзвэл өнөөгийн нийгэмд гараад байгаа сөрөг үйл явдлууд 20 жилийн өмнөх амьдралаас үүдэлтэй гэж харж болохоор байна. Тухайн үед гэр бүлийн амьдрал эмх цэгцгүй, эцэг эхчүүд шилжилт, өөрчлөлтийн үед тэсэж гарахын тулд амьдралын төлөө уйгагүй зүтгэсэн. Энэ үед хүүхдэдээ анхаарал хандуулах нь битгий хэл эцэг эхчүүд өөрийнхөө сэтгэл зүйг ч анзаарах сөхөөгүй явсан. Хүүхэд маань өлсөж байна уу, өвдөж байна уу, сурч боловсорч чадаж байна уу гэдгээс өөрөөр анхаарах сөхөөгүйгээр амьдралын төлөө зүтгэсэн. Мэдээж үүний хажуугаар сайн сайхан зүйлс бий гэдгийг энд хэлэх хэрэгтэй.
-Нийгмийн эмх замбараагүй байдал эхний 20 жилд үргэлжилдэг гэж байна. Тэгэхээр бид энэ эмх замбараагүй байдалдаа байна гэсэн үг үү?
-Тухайн нийгэм аль үедээ байна вэ гэдгийг тодорхой хэдэн шалгуураар индексжүүлж тодорхойлдог. Жишээ нь, авлигал, хүчирхийлэл, гэмт хэрэг, архидалт мансуурал, зугаа цэнгэл, садар самуун, мухар сүсэг гэсэн үзүүлэлтүүдээр индексжүүлдэг. Авлигын индексийг хэд хэдэн үзүүлэлтээр тодорхойлдог. Тухайн нийгэмд өндөр үнэтэй дэлгүүр оршин тогтнож, төрийн албаныхан өндөр өртгөөр амьдраад, баялгийн хуваарилалт шударга бус, банкин дахь хадгаламжийн дийлэнхийг цөөн хүн эзэмшиж байгаагаар түвшнийг тодорхойлдог.
Хоёр дахь нь архидалт, мансуурлын асуудал. Бид архидалтыг хазаарлаж чадахгүй байсаар гамшгийн түвшинд хүрсэн. Аян зохион байгуулаад нэг, хоёр жилд хязгаарлаж чадахгүй. Гэхдээ нэг үеэ бодвол цэгцэрч байгаа. Мансуурлын асуудлыг бол бүр орхичихсон. Энэ чиглэлийн мэргэжилтэн ч ховор байдаг.
Гэмт хэргийн хувьд гурван сая хүн амтай харьцуулахад шоронжсон орны тоонд орохоор болсон гэдэг. Нэг хүнд ногдох гэмт хэргийн хэмжээгээр дэлхийн улсуудаас эхний тавдугаарт бичигдэхүйц байдаг. Гэтэл эсрэгээрээ боловсролын түвшнийг аваад үзэхээр дэлхийд мөн л тэргүүлдэг байх жишээтэй. Гурван сая хүнд ногдох дээд боловсролтой хүний тоо өндөр байдаг. Уг нь боловсролын түвшин ийм өндөр байгаа тохиолдолд хорих анги эзгүй байх учиртай. Үүнээс харахаар манай улсад хөгжлийн гажиг харагдаад байгаа юм.
Энэ нь мөн л боловсролын систем унасантай холбогдоно. Соён гэгээрэл гэдгийг богино хугацааны лекц, сургалт төдийхнөөр ойлгодог. Мөн мухар сүсэг ч багтаж байгаа. Гэтэл соён гэгээрэл гэж соёлын довтолгоо хийх хэмжээний удаан хугацааны ажил байдаг. Энэ мэтчилэн үзүүлэлтүүд нь доогуур байна гэдэг нь тухайн нийгэм эмх замбараагүй байгааг илтгэсэн хэрэг. Нийгэм эмх замбараагүй байна гэдэг эргээд хамгийн бага нэгж болох гэр бүлийн тогтворгүй байдалд нөлөөлдөг. Амьдралын баталгаа эргэлзээтэй, энэ тохиолдолд эцэг эхчүүд анхан шатны хэрэглээндээ л анхаарлаа ихээр хандуулна. Ажилдаа бүх юмаа зориулахаар үүний цаана хүүхдүүд орхигдоод байгаа юм. Нөгөө талаас боловсролын салбар хүүхдийн дотоод сэтгэхүйд хүрэхээс илүүтэй академик сургалтад л анхаарч байна. Шүүн тунгаах чадвар, бүтээлч сэтгэлгээнд биш зөвхөн тархинд нь бүх мэдээллийг автоматаар суулгадаг. Тэр мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэх нь бага. Хатуухнаар хэлэхэд боддоггүй боловсролыг өгч ирсэн.
Уг нь ЮНЕСКО-гийн барьж буй бодлого бол суралцах, хамтрах, харилцах, амьдрах гэсэн дөрвөн чадварыг хөгжүүлэхэд чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, номер нэгт хүмүүжил, хоёрдугаарт мэдлэг гэсэн зарчмаар явдаг. Тэгэхээр хүмүүжилтэй хүн бол нийгэмд дасан зохицоод явна. Энэ чиг хандлагаар бид явахгүй бол ийм харамсалтай, харгис явдал ар араасаа гарсаар л байна.
-Нэг талаас гадны алан хядлага харуулсан, эсвэл Солонгосын хэт туйлширсан сериал хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлснөөс ийм байдал үүсээд байна гэх хэсэг ч бий?
-Миний хувьд эдгээр асуудлыг шалтгаан гэж үзэхгүй байна. Харин эдгээр хүчин зүйлс нөлөөлснөөс сэдэл өгснийг үгүйсгэхгүй. Гол нь энэ бүгдийн суурь бол эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллахад л байгаа юм. Ингэхдээ хэдэн цагаар ном уншиж өгөөд хичээлийг нь давтахаас өөрөөр сэтгэлзүйг нь ойлгох хэрэгтэй байна. Хүүгийнхээ, охиндоо цаг гарга. Хүүхдийнхээ нүдийг нь нэг сайн ажигла.Тэр юу хүсч байна вэ, таны хүүхэд хэн болох вэ гэдэгт анхаарлаа хандуул. Нас, сэтгэлзүйн онцлогийг нь судал. Мөн тухайн насных нь онцлогийн талаар мэдээлэл ав. Сэтгэл зүйчтэй харилцаж, зөвлөгөө, мэдээлэл авах хэрэгтэй.
Б.ЗОЛЗАЯА
ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД