Өнгөрсөн долоо хоногт дэлхий ертөнц сөрөг үйл явдлаар дүүрэн байлаа. Германы Кельн хотод болсон үйл явдал тус улсын Канцлер хатагтай Ангела Меркелийн “нээлттэй хаалганы бодлого” бүтэлгүйтсэнийг харууллаа. Герман энэ хэрэг явдлыг дөрөв хоног дарсаны эцэст ил гаргасан нь гал дээр тос нэмлээ.
Дүрвэгсдэд туслах гэсэн Германы Канцлерийн “нээлттэй хаалганы бодлого”-ын хүрээнд өнгөрсөн намар олон дүрвэгч Европт хөл тавилаа. Тэр үед “дүрвэгсэд нээлттэй хаалгыг дайрч эвдэн орж ирээд, хаалганы хэлтэрхийнүүд бидний толгой дээр унаж байна. Хоёр өөр иргэншлэл, хоёр өөр соёлыг нийлүүлж болдоггүй” гэж хэлэн хилийн хамгаалалтаа бэхэлж эхлүүлсэн Унгарын ерөнхий сайд Орбаны эсрэг Европын лидерүүд зогсон хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж байсныг одоо хэн ч дурсахгүй болов.
Дүрвэгсдийн гуравны нэг нь буюу нэг сая зуун мянгаад дүрвэгсэд 2015 онд Германд орж ирсэн юм. Он солигдох үед Мюнхенд алан хядах ажиллагаа болно гэсэн мэдээлэлд германчууд хамаг хүч анхаарлаа хандуулсан бөгөөд таслан зогсоож чадлаа хэмээн чимээгүй өнгөрөв. Гэтэл энэ нь Мюенхенд биш Кельнд болов.
Хэдэн зуун эмэгтэй дүрвэгч олон зуун согтуу эрийн халдлагад өртжээ. Хохирсон эмэгтэйчүүдийн цагдаад гаргасан өргөдөл хэдэн арав болоод ирэхээр цагдаагийнхан дуугарахаас өөр аргагүй болсон юм. Үүнийг дагаад үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал цуглаан Германы олон хотод үргэлжилж хууль хяналтынхантай мөргөлдлөө. Хэргийн талаар ч дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаж эхэллээ. Кельн хотын захирагчийн туслах хатагтай герман бүсгүйчүүдийн бөөнөөр хамтдаа явж, танихгүй хүнээс хол явахыг уриалаад олны дургүйцлийг бүүр хүргэлээ. Дүрвэгсдийн хуаранд интернэт чөлөөтэй учир дүрвэгч залуус шинэ жилийн хэргийг зохион байгуулалттай өдөөсөн байж магадгүй гэсэн сэжиг улам бүр газар авч байна. Германаар ярьдаггүй дүрвэгч залуус “чиний хөх яасан том юм бэ?”, “ална шүү” зэрэг үгийг зориуд суран энэ хэрэгт бэлтгэсэн байв. Ганцхан Кельнд биш Герман, Австри, Швейцар, Финландын хотуудад иймэрхүү “сексийн жихадууд” төлөвлөгдөж байжээ. Энэ дуулианаар герман бүсгүйчүүд эх нутагтаа байгаа хэрнээ аврал хайхад хүрлээ. Энэ хэрэг явдлын улмаас дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрч Ангела Меркелийн нэр хүнд унаж, ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байна. Германы хэвлэл мэдээлэл ч эрх баригчдын шахалтаар энэ хэргийг эхэн үед нь чимээгүй дарсан байв.
Нөгөө талаас энэ хэрэг нь германчуудын дүрвэгсдэд хандах сөрөг хандлагыг дэврээв. Европын холбооны мөхлийг улам түргэтгэлээ гэж хэлэх хүн ч байна. Европын хамгийн эрх чөлөөтэй орны нэг Швед хилийн биеийн байцаалтын шалгалтыг сэргээлээ. Европын олон орон хилийн хамгаалалтаа бэхжүүлж, Европын холбооны гадаад хилийн хамгаалалтыг чангатгахыг шаардаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР