Дэлхийд алдартай үзэгчдийг хүсэн хүлээдэг теле цуврал болох “Найзууд”, “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар”, олон ангит сериалаараа мөн л дэлхийд соёлын давалгаа эхлүүлж буй Солонгосын “Хөгжилтэй гэр бүл”, “Гурван найз” цувралуудыг бид андахгүй мэдэх болсон. Тэр ч бүү хэл олон ангит сериал үзэх нь хоол идэх, унтахтай ижил амьдралын нэг дадал болж буй гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Тэгвэл дэлхийн давалгаа монголд ч хүчтэй өрнөж бид өөрсдийн нэрийн “дессерт”-тэй болсон. “Гурван найз” тун хөгжүүн өндөрлөсөн бол үдэш бүр их хотынхон “Их хотын залуус” цувралыг шимтэн үзэж буй. Шинэлэг санаа, жүжиглэлтийн өөр нэг хэлбэр, зохиомж, хамгийн гол зүйл престиж энэ бүгдийг амилуулж буй авьяаслаг залуучуудыг та бүхэнд танилцуулж байна. Тэдний хэн нь хэн бэ? Бидний сайтар мэддэг юм шиг хирнээ мэддэггүй их хотын залуусын талаарх сонирхолтой фактуудыг хүргэж байна.
Темка & Нарансолонго
-Тэд гэр бүлийн хоёр. Г.Нарансолонго 1980 онд, С.Тэмүүжин 1985 онд төрсөн. Насны зөрүүтэй гэж тухайн үедээ л гайхагдаж байсан болохоос одоо бол байдаг л зүйл гэж болно. Г.Нарансолонго нэг охинтой байсан ба жүжигчин залуутай амьдралаа холбон тэд хүүгээ өлгийдөн авсан. Тэдний хүү 3-р сарын 18-ны өдөр мэндэлсэн. Түүний охины аав ч мөн урлагийн хүн. Тодруулбал Германд найруулагчийн мэргэжлээр сураад ирэхдээ сэтгэл нь хувирсан байжээ.
-С.Тэмүүжин “Boomtown”хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн. Түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдох бас нэг гарц байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Г.Нарансолонго 19 насандаа “Зүүд шиг хайр” кинонд жүжигчин Г.Золбоот хоршин тоглож анхны гараагаа амжилттай эхэлсэн. Тэр Ерөнхий боловсролын 84-р дунд сургуулийг төгсөн 1998 онд СУИС-т оюутан болсон.
-Г.Нарансолонгыг ихэнх хүн сэргэлэн нүдтэй гэдэг бол ирээдүйн нөхөр нь түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэсэн шүү. Харин бүсгүй ирээдүйн нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагджээ.
-Тун амжилттай яваа залуу хосууд орлогоороо үеийнхэн дундаа дээгүүрт бичигдэнэ. Хачирхалтай нь Тэмка тун нарийн гэнэ шүү. Эхнэр нь хувцас гоёл чимэглэлд мөнгө зарах гэхлээр “Наадах чинь хэрэггүй. Чи минь байгаагаараа надад хөөрхөн харагддаг” хэмээн болиулж дөнгөдөг. Г.Нарансолонго ч нөхрийнхөө мөнгийг хэмнэсэн үү үнэтэй цэнэтэй зүйл авахаас татгалздаг. Товчхондоо тэд хамгийн хэмнэлттэй гэр бүл.
Эцэг Төтө
-Жүжигчин Д.Төвшинтөр нэгдүгээр курстээ аав болсноор энэ хочийг авчээ. Багаасаа жүжигчин болохыг мөрөөдсөн хүү 1997 онд СУИС-д хоёр удаа конкурс өгч тэнцсэн байна.
-Олон нийтийн газар үргэлж ганцаараа явдаг болохоор охид түүнийг “эхнэргүй” хэмээн итгэчихээд “Гурван найз” киноноос хойш харц чулуудах болсон. Гэвч уучлаарай, тэр гэргийтэй бүр 3 хүүхдийн аав.
-Түүний гэргий Туулмаа хүнсний технологич мэргэжилтэй. Арван жилд байхаасаа үерхэж амьдралаа холбожээ. Том хүү нь уран гимнастикаар хичээллэдэг тул гадагшаа тэмцээнд явж аавыгаа гадны сархадаар тасалдаггүй. Хөөрсөн аав бүр тасарч унасан нь хэд хэд.
-Төтө жолооны үнэмлэхийг ёстой “насаараа” мөрөөдөж авсан. ШУТИС-д 4 жил сурж үнэмлэх авдаг байхад л сурч эхэлсэн ч дундаас орхижээ. Хожим азаар жолооны курс 2-3 сар болсноор тэр үнэмлэхтэй болсон.
-Тэр тун загварлаг байх дуртай. Hugo boss-ийн костюмаар ихэвчлэн гоёно.
-Үй зайгүй найз нь “Мөрөөдлийн театр”-ын Батаа. Тэд хөршүүд тул бараг орой бүр бие биенийхээрээ ордог. Эв нь таарвал хоол “буудна”.
-Төтөгийн хамгийн дургүй зүйл хов жив. Ул шагайдаг хүмүүст бүр ясны дургүй, холуур өнгөрөхийг хичээдэг. Харин тэр өөрийгөө итгэмтгий цайлган сэтгэлтэй даруухан гэж тодорхойлдог. Ер нь ихэнх бүтээдэг дүр нь тийм хэв шинжтэй байх шүү.
Д.Оюунтуул:
-“Овжин охид” киногоор анх үзэгчдэд танигдаж байсан энэ бүсгүй айлын бага охин.
-Туулыг сургуульд байхад Дариймаагийн Оюунтуул гэхээр хүүхдүүд “Ээ, аавгүй” гэж дууддаг байжээ. Түүний аавыг Дариймаа, ээжийг Уртнасан гэдэг. Ийн нэрлэх болсон нь багадаа хоёул өвдөмтгий хүүхэд байсантай холбоотойг хүмүүс тэр бүр мэдэхгүй эндүүрдэг аж.
-Тэр монголын бүх цаг үеийн урлагийнхны намтрыг уншиж судалсан нь хэр нямбай хүн болохыг нь илтгэдэг. Хаанаас нь ч асуусан “гаргаахгүй” мэднэ гэж байгаа.
-Ганц бие бүсгүй нэг удаа хүүтэй хэмээн хардагдаж байв. Учир нь “Ханилснаас илүү амраг” кинонд түүний хүүгийн дүрд тоглосон хүү амьдрал дээр аавтайгаа амьдардаг байсан тул бүсгүйд өдөр хоногоор ээнэгшин дасжээ. Ихэд дотно харагдах болсноос ийм яриа үүдсэн аж.
-Золгүй явдлаас болж 31 хувийн түлэгдэлттэй байсан бүсгүй өдгөө эргэн хөл дээрээ босоод буй. Урлагийн тогоонд ирээд хийсэн түүний анхны ажил “Хуримын сюрприз” киноны зургийн дарга, мөн туслах дүрд тоглох байв.
-Саяхан тэр “Х-ТҮЦ”-д харьяалагдаж байгаад бие даан уран бүтээл туурвих болсон жүжигчин А.Туяатай хамтран Т&Т продакшныг байгуулсан. Тэд тун эрч хүчтэй тэсрэлт хийхээр зэхэж буй гэсэн. Үзэгчдэд ч тун сонихон байгаа.
Ганбаа:
-Ганбаад ч багадаа “чөргөр” хүү байсан үе бий. Явцдаа л таргалсан болохоос.
-Хэрвээ тэр жүжигчин болоогүй бол ээж шигээ барилгын инженер болох байсан гэдэг.
-Түүний биеийн жинг 150 кг татаж магад гэж үзэгчид таамагладаг. Харин тэр саяхнаас галбиртаа анхааран фитнессээр хичээллэж эхэлсэн. Түүнийг ороод суухад Ланд хүртэл хазайдаг гэсэн.
-Тэр саяхан гэргийгээсээ салж хоёр хүүхдээ орхисон. Асуудлаа шүүхээр шийдүүлсэн сингл залуу маань шинэ найз бүсгүйгээсээ Лексус машин бэлгэнд авсан гэж жиг жуг хийх болсон.
-Тэр хэвлэлд тийм ч нээлттэй ханддаггүй.
-Түүнд ихэвчлэн атаман дарга, хартай нөхрийн дүр оногддог. Харин Ганбаа түүхэн кинонд дүр бүтээхийг хүсдэг. “Заавал ноён биш үүдэнд нь жад бариад зогсдог хүний дүр ч гоё” гэж хэлсэн удаатай.
-Дүрийн онцлог том биенд нь байгаа гэдгийг тэр шударгаар хүлээн зөвшөөрдөг.
Ариука:
-“Амьдралд тавтай морил” киноны жудочин охины дүрийг бүтээсэн охин өнөөдрийн “мисс” Ариука болсон. Мэдээж багагүй хичээл зүтгэл, мэрийлт шаардсан биз ээ.
-“Эмоци”-д харьяалагддаг түүнийг үзэгчид “Гурван найз” киногоор илүүтэй танимхайрах болсон.
-Мисс болсон бүсгүй маань өнгөрсөн оны наймдугаар сард сүй тавьсан.
-Түүний ирээдүйн хань Чинзо хэмээх дуучин залуу юм. “Outlaw” хамтлаг гэвэл залуус андахгүй. Бүсгүй саяхан бие давхар болсон.
Г.Эзэнмөнх:
-Хямсгар, оффисын ажилтны дүр нь ихэд зохиж буй жүжигчин Г.Эзэнмөнх амьдрал дээр жүжигчнээс гадна оффисын ажилтан. Тэрбээр “Монгол шуудан” ТӨХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтэн.
-СУИС-т элсэхдээ жүжигчин М.Түвшинхүүгээр бэлдүүлж байсан. Нэрсийн жагсаалтыг доороос нь хараад нэр нь байхгүй болохоор Замын-Үүддээ очиж 69 барья даа гэж бодсон гэдэг. Дахиад хартал нэр нь дээрээсээ хоёрт байснаар түүний жүжигчний замнал эхэлжээ. Хэрвээ тэгээгүй бол жолооч хархүү болох байж.
-Жүжигчин С.Тэмүүжинтэй СУИС-ийн нэг анги, “Хувь тавилангийн ээдрээ” кинонд хамт ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл хамтдаа яваа. Өөрөөр хэлбэл алтан партнерууд.
-Түүний анхны дэлгэцийн дүр “9009” уран сайхны кино.
-25 дугаар суваг телевизийн “Дуэт Дуэль” нэвтрүүлэгт дуучин Х.Мөнгөнцэцэгтэй орж түрүүлснээр үзэгчид түүнийг авьяаслаг гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн.
-Охидын анхааралд байдаг жүжигчин залуу эгчмэд амрагтай гэж хардагдаж байсан ч үе тэнгийн бүсгүй, хүүхдийн хамт төвшин сайхан амьдардаг.
У.ЦАХИРМАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN