Дэлхийн эдийн засаг сэргэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засаг сэргэх үү?

Дэлхийн банкны Вашингтон дахь төв оффисоос Дэлхийн эдийн засгийн энэ оны тоймыг дэлхий нийтэд хүргэлээ. Нэгдүгээр сарын 6-ны өдөр гаргасан уг тоймд “Эдийн засаг нь хурдтай өсч буй орнуудад (emerging markets) эдийн засгийн идэвхжил 2016 оны турш сул байх нь. Энэ нь дэлхий нийтийн  эдийн засгийн өсөлтөд дарамт учруулах хэдий ч хөгжилтэй орнуудын эдийн засгийн идэвхжил сэргэнэ. Тиймээс дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 2.9 хувьд хүрэхээр байгааг Дэлхийн банкнаас гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд онцолжээ. 2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай гарсан юм.

Хятадын эдийн засаг саарч, Энэтхэгийнх сайжирна

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн идэвхжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн хурдтай өсч буй орнуудын эдийн засгийн идэвхжил суларч байгаа нь ядуурлыг бууруулах, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилтод асуудал үүсгэж байна гэж Дэлхийн банк дүгнэжээ. Тэр байтугай эдийн засгийн сулрал ядуурлыг бууруулахад зориулсан бүхнийг үнэгүйдүүлж болохыг анхаарууллаа. Дэлхийн банкны ерөнхийлөгч ноён Жим Ён Ким “Дэлхийн  ядуу иргэдийн 40 гаруй хувь 2015 онд эдийн засгийн өсөлт нь саарсан хөгжиж буй орнуудад амьдарч байна. Хөгжиж буй орнууд эдийн засгийн эмзэг байдлаа бууруулах, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалахын тулд дархлаагаа сайжруулах чиглэлд анхаарал хандуулах нь зүйтэй" гэжээ.

2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас доогуур үзүүлэлттэй гарсан. Энэ нь түүхий эдийн үнэ буурч, худалдаа болон хөрөнгийн урсгал сааран, санхүүгийн зах зээлийн савлагаа нэмэгдсэнтэй холбоотой аж. Харин энэ онд өндөр орлоготой орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, түүхий эдийн үнэ тогтворжилт болон БНХАУ хэрэглээ, үйлчилгээний салбарт түлхүү суурилсан хөгжлийн загварт аажмаар шилжих эсэхээс хамаарна гэж Дэлхийн банкны эдийн засагчид  харж байна. Тэд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2016 онд 4.8 хувиар тэлнэ хэмээн таамаглажээ. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарахаар байгаа бол Бразил, ОХУ-д эдийн засгийн идэвхжил сул хэвээр байна гэжээ. Энэтхэг тэргүүтэй Өмнөд Азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн идэвжил сайн байх төлөвтэй байгаа төдийгүй саяхан хэлэлцээ хийсэн “Trans-Pacific Partnership” буюу 9 орон хоорондын чөлөөт худалдааны гэрээ нь худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд таатай нөлөө үзүүлнэ. АНУ-ын мөнгөний хатуу бодлого болон геополитикийн хурцадмал байдлыг тойрсон санхүүгийн хүндрэл нь мөн эдийн засгийн төлөвт эрсдэл учруулах хүчин зүйлүүдэд тооцогдоно гэж дурдсан байна.

Бүс нутгуудын эдийн засгийн төлөв

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд: Уг бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт 2016 онд үргэлжлэн саарч, 2015 оны 6.4 хувийн өсөлтөөс ялимгүй бууран 6.3 хувьд хүрэх төлөвтэй. Хятадын эдийн засгийн өсөлт 2015 оны 6.9 хувиас өсөлтөөс бага зэрэг буурч 2016 онд 6.7 хувь болохоор байна. Түүхий эд экспортлогч Индонези, Малайз зэрэг улсуудад эдийн засгийн өсөлт саарсан хэдий ч Вьетнамд эдийн засгийн өсөлт худасч, Тайландад эдийн засгийн идэвхжил бага зэрэг сэргэсэн зэрэг нь дээрх орнуудын өсөлтийн сааралтыг нөхсөн тул Хятадыг оролцуулалгүй тооцсон эдийн засгийн өсөлт тус бүс нутгийн хувьд 2015 онд 4.6 хувь болсон нь 2014 оныхтой ерөнхийдөө ижил байлаа. Хятадын эдийн засгийн өсөлт төсөөлснөөс илүү эрчимтэй удаашрах, санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэх, болон санхүүжилтийн нөхцөл эрс чангарах зэрэг эрсдлүүд байсаар байна.

Европ ба Төв Ази: Газрын тосны үнийн бууралт саарч тогтворжсон, ОХУ-ын эдийн засаг сайжирч, Украйны эдийн засгийн идэвхжил сэргэсэн зэргээс тус бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт 2016 онд 3 хувь болж өнгөрөгч 2015 оны 2.1 хувиас өсч гарахаар байна. ОХУ-ын эдийн засаг өнгөрөгч онд 3.8 хувиар агшсан бол 2016 онд 0.7 хувиар агших төлөвтэй байна. Хэрэв түүхий эдийн үнэ тогтворжвол бүс нутгийн зүүн хэсэгт орших Зүүн Европ, өмнөд Кавказ болон Төв Азийн орнуудын эдийн засгийн идэвхжил сэргэхээр байна. Евро бүсийн эдийн засгийн идэвхжлээс хамааралтайгаар тус бүс нутгийн баруун хэсэгт орших Болгар, Румин, Турк болон Баруун Балканы орнуудын эдийг засаг 2016 онд алгуур өсөхөөр байна.

Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд: Түүхий эдийн үнэ буурсан, бүс нутгийн томоохон орнуудад дотоод хүндрэл бэрхшээл учирсан зэргээс үүдэн тус бүс нутгийн эдийн засаг өнгөрөгч онд 0.9 хувиар агшсан бол харин 2016 онд уналтын төлөвөөс алгуур гарахаар байна.. Гэвч хөгжиж буй Төв болон Хойд Америк мөн Карибын тэнгисийн орнуудын эдийн засгийн өндөр өсөлт нь Өмнөд Америкийн орнуудын эдийн засгийн идэвхжлийн сааралтыг нөхөх зэргээр дэд бүс нутгууд өөр хоорондоо ялгаатай байна. Бразилийн эдийн засгийн өнөөгийн уналттай байдал 2016 онд улам гүнзгийрэх төлөвтэй байгаа боловч 2017 оноос эргэн өсөх хүлээлт байна. Хэдийгээр газрын тосны үнэ буурсан, төсвийн ачаалал нэмэгдсэн боловч бүтцийн өөрчлөлтийн бодлого хэрэгжүүлж байгаа, АНУ-ын зах зээлээс ирэх эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Мексикийн эдийн засаг 2016 онд сэргэхээр байна.

Ойрхи Дорнод ба Хойд Африк: Ираны эсрэг хориг арга хэмжээ цуцлагдаж улмаар тус улсын дэлхийн эрчим хүчний зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэхээр хүлээгдэж байгаа тул 2016 онд уг бүс нутгийн эдийн засаг өнгөрөгч оны 2.5 хувиас давсан 5.1 хувийн өсөлттэй байхаар байна. Газрын тосны үнэ тогтворжино гэсэн таамаглал дээр үндэслэн бүс нутгийн газрын тос экспортлогч бусад орнуудад өсөлт сэргэхээр байна. Гэвч бүс нутгийн орнуудад дотоодын зөрчил даамжрах, газрын тосны үнэ үргэлжлэн буурах болон амьдрах орчин нөхцөл сайжраагүйгээс нийгэмд үймээн самуун дэгдэх зэрэг томоохон эрсдлүүд нүүрлэсээр байна.

Өмнөд Ази: Уг бүс нутгийн хувьд үсрэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй эдийн засгууд дундаа үзүүлэлт сайтай бөгөөд өсөлт нь өнгөрөгч оны 7 хувиас давж 2016 онд 7.3 хувь болох төлөвтэй байна. Тус бүс нутагт ихэвчлэн газрын тос импортлогч орнууд оршдог тул газрын тосны үнийн бууралтаас үр ашиг хүртэж байгаа. Түүнчлэн энэ бүс нутаг дэлхийн улс орнуудтай харилцаа холбоо харьцангуй бага тул бусад эдийн засгуудын өсөлтийн хэлбэлзлээс хамгаалагдсан. 2016-17 онуудад бүс нутгийн голлох орон болох Энэтхэгийн эдийн засаг 7.8 хувиар өсөхөөр байгаа бол Пакистаны эдийн засгийн өсөлт 4.5 хувь болж нэмэгдэх (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) төлөвтэй байна. 

Саб-сахарын Африк: Түүхий эдийн үнэ тогтворжсоноор 2015 онд 3.4  хувьтай байсан бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2016 онд 4.2 хувь болж нэмэгдэхээр хүлээгдэж байна.  Газрын тос экспортлогч орнуудын хувьд түлшний зардал өсөхийн хэрээр хэрэглээний өсөлт саарч байхад харин газрын тос импортлогч орнуудад инфляци буурснаар хэрэглээ нэмэгдэж байгаа зэргээр бүс нутгийн орнуудын эдийн засгийн үйл ажиллагаа харилцан адилгүй байна. Нигерийн эдийн засаг 2015 онд 3.3 хувиар өссөн бол энэ онд 4.6 хувиар өсөх төлөвтэй байна. Харин Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт  2015 оны 1.3 хувиас ялимгүй нэмэгдэж 2016 онд 1.4 хувьд хүрэхээр байна.

2016 оны 1 дүгээр сарын Дэлхийн эдийн засгийн төлөвийг бүрэн эхээр нь дараах хаягаар хүлээн авч унших боломжтой: www.worldbank.org


Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдал: Хятад болон түүхий эд экспортлогч Индонези, Малайз зэрэг улс орнуудын эдийн засгийн өсөлт саарсаар байгаатай холбоотойгоор Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2015 онд 6.4 хувьд хүрч өмнөх оны 6.8 хувиас буураад байна. Түүхий эд экспортлогч орнуудын эдийн засгийн идэвхжил саарч байгаа хэдий ч Хятадыг хасч тооцсоноор тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа нь (2015 онд 4.6 хувь) түүхий эд импортлогч орнуудад, тэр дундаа Вьетнам, Филиппинд эдийн засгийн идэвхжил сайн мөн Тайландын эдийн засаг алгуур сэргэж байгаа зэрэгтэй холбоотой.

Бүс нутагтаа хамгийн том эдийн засагтай Хятад улс эдийн засгийн өсөлтөө тэнцвэржүүлэх, зарим салбарын өрийг бууруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн нь  тус улсын эдийн засгийн өсөлт 2014 онд 7.3 хувь байснаа 2015 онд 6.9 хувь болж буурахад нөлөөлсөн. Хятадын үл хөдлөх болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил илүүтэй суларсан бол үйлчилгээний салбарын идэвхжил харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл болон өнгөрсөн зуны хөрөнгийн зах зээлд хийгдсэн тохиргоотой давхацсан юм.

Хөгжилтэй орнууд мөнгөний тэлэх бодлого авч хэрэгжүүлсэн хэдий ч 2015 онд энэ бүс нутгийн орнууд тэр дундаа түүхий эд экспортлогч болон санхүүгийн эх үүсвэр нэн хэрэгцээтэй байгаа орнуудын хувьд гадаад санхүүжилтийн нөхцөл чангарсан.

Цаашдын төлөв: Хятадын эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрч буурснаар тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2016 онд 6.3 хувь болж саарах төлөвтэй байна. Хятадыг хасч тооцвол бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2016 онд 4.8 хувь болж бага зэрэг нэмэгдэхээр байна.

Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралтыг ASEAN-ний гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт нөхөхөөр байна. АНУ-ын мөнгөний бодлого хумих чиглэлд хэрэгжихээр байгаа хэдий ч хөгжингүй эдийн засгуудын идэвхжил сэргэж байгаа, газрын тосны үнэ буурч байгаа, улс төрийн тогтвортой байдал нэмэгдэж байгаа болон дэлхийн санхүүгийн зах зээлд таатай нөхцөл үргэлжилсээр байгаа зэрэг нь энэ бүс нутгийн орнуудад эерэгээр нөлөөлөхөөр байна.

Хөрөнгө оруулалтыг дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын шинэчлэл хийвэл 2016 онд Индонези эдийн засгийн өсөлт 4.7 хувиас нэмэгдэж 5.3 хувьд хүрэх боломжтой. Малайзын эдийн засгийн өсөлт дотоод эрэлт саарч байгаагаас үүдэн 2016 онд 4.5 хувь болж 2015 оны 4.7 хувиас буурахаар байна. Өрхийн өндөр хэмжээний өрийн дарамт хэрэглээг хязгаарлаж, экспортын өсөлт саарч байгаагаас шалтгаалан Тайландын эдийн засгийн өсөлт 2016 онд 2 хувьд хүрч 2015 оны 2.5 хувийн өсөлтөөс буурах төлөвтэй байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэл болон төсвийн зардал эдийн засгийн идэвхжлийг сэргээснээр Филиппин улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 6.4 хувьд хүрч 2015 оны 5.8 хувиас өсөхөөр байна. Вьетнамын эдийн засаг 2016 онд 6.6 хувиар өсч 2015 оны 6.5 хувиас хурдсахаар байгаа нь хөрөнгө оруулалтын огцом өсөлт, хэрэглээний өсөлт болон экспортын өсөлтөөс хамааралтай.

Эрсдэл: Хятадын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас илүү саарахаар байгаа нь бүсийн эдийн засгийн төлөвт эрсдэл учруулж байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэх, зээл хязгаарлагдах зэрэг нь өсөлтөд дарамт үзүүлэхээр байна. Ам.долларын ханш чангарсаар байгаа болон өндөр орлоготой орнуудын өсөлт хүлээж байснаас удаашрах нь уг бүс нутгийн эдийн засагт дарамт учруулахаар байна.  

Хятадын бодлого боловсруулагчдын богино хугацааны гол сорилт нь санхүүгийн зах зээлийн эмзэг байдлаа бууруулахын зэрэгцээ эдийн засгийн бүтцээ өөрчилж, хэрэглээ, үйлчилгээний салбарт голчлон суурилсан өсөлтийн загварт шилжих явдал юм. Хятад улстай хийх худалдаанаас хамаарал ихтэй орнууд өөрсдийн эдийн засгаа төрөлжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй. 

Монгол, Папуа Шинэ Гвиней, Вьетнам зэрэг бүс нутгийн зарим орнууд төсвийн өндөр алдагдлаа удирдах тал дээр анхаарал хандуулах шаардлагатай болно. Индонези, Малайз, Монгол зэрэг орнууд түүхий эдийн орлогоос хамаарах хамаарлаа бууруулах нь зүйтэй. Хятад, Тайланд болон Вьетнамд төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийн засаглал болон ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх нь төсөвт учрах ирэх болзошгүй эрсдлийг бууруулах юм. Бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжил болон ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ. “The Trans-Pacific Partnership trade accord” буюу чөлөөт худалдааны гэрээ хэрэгжсэн тохиолдолд энэ нь бүс нутгийн эдийн засаг болон худалдааг дэмжих юм.

Эх сурвалж: Дэлхийн банкны Улаанбаатар хот дахь суурин төлөөлөгчийн газар

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж