Үндсэн хуулийн төсөл дээр 180-190 орны туршлагаас судалсан

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн төсөл дээр 180-190 орны туршлагаас судалсан

Р.Хатанбаатар: Үндсэн хуулийн шинэ төслийн сэдэв бүр дээр 180-190 орны туршлагаас судалсан

1992 онд Ардчилсан Үндсэн хууль батлалцаж байсан Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн асан Р.Хатанбаатартай ярилцлаа. 

-Ардчилсан Үндсэн хууль баталсны 24 жилийн ой болж байна. Тэртээ 1992 онд судалаачид, хуульчид, депутатууд олон талын санаа бодлоо уралдуулж байж Үндсэн хуулиа баталсан. Тэр үеийн үйл явдлаас ярилцлагаа эхэлье?

-1992 оны Үндсэн хууль бол Монгол Улсын дөрөвдэх Үндсэн хууль. 1960 онд Монгол Улсын нөхцөл байдал өөр байсан үе. Социализм, коммунизм байгуулна гээд нэг намын системтэй байсан үе болохоор энэ бүхнээ 1960 оны Үндсэн хуульдаа тусгасан байдаг. 1980-аад оны дунд үеэс өөрчлөлт шинэчлэлт дэлхий дахинд болсон. Ингээд 1988 оноос 1960 оны Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байна гэсэн асуудал гарч ирж, эрдэмтэд, судлаачид, ялангуяа агуу их хуульч Чимид гуай гардан ажиллаж байсан юм. Монгол Улсад 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгал энэ үйл явцыг хурдасгаж өгсөн. Социалист систем нь задраад уначихсан, нийгмийн шинэ замаар замнах хэрэгтэй болсон учир Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Тэгээд 1990 оны тавдугаар сард 1960 оны Үндсэн хуульд томоохон өөрчлөлтүүд хийсэн л дээ.

Социализм, коммунизм байгуулах үзэл суртлын зүйлүүдээ хасч, төрийн байгуулалтаа нам биш төр төвтэй засаг төрийн системд шилжүүлсэн. 1960 оны Үндсэн хуульд дээрх өөрчлөлт  ороод 1992 оны эх хүртэл явсан. Өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гуравдахь Үндсэн хуулийн нэмэлтээр явж байсан гэсэн үг. Гэхдээ энэ хооронд Үндсэн хуулийг өөрчлөх ажил явагдаж эхэлсэн.

-Байнгын ажиллагаатай парламентын түүх ч давхар эхэлсэн үе.

-Үндсэн хуулийн өөрч­лөл­тийн дагуу байнгын ажиллагаатай парламент байгуулсан. Улсын бага хурал 1990 оны есдүгээр сард хуралдаж эхлээд аравдугаар сард нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах комисс байгуулсан юм. Комисс тухайн үеийн Ерөнхийлөгч Очирбат гуай тэргүүтэй нийтдээ 16 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Туршлага, мэдлэг чадвартай эрдэмтэн судлаач­даа оролцуулаад шинэ Үндсэн хуулийн төслийг бэлтгэж эхэлсэн юм. Энэ ажил үндсэндээ жил гаруйн хугацаанд үргэлжлээд Үндсэн хуулийнхаа анхны төслийг гаргаж ирсэн. Анх төсөл Монгол Улсын Их цааз гэсэн нэртэй байсан. Монгол Улсын Их цаазын төслийг Улсын Бага хурлаар гурван удаа авч хэлэлцсэн байдаг юм. Дараа нь бүх ард түмнээрээ гурван сарын турш хэлэлцүүлээд, энэ дүнгээ дахин хэлэлцсэний үндсэн дээр Ардын их хуралд өргөн барьж байж Үндсэн хууль батлагдан гарсан түүхтэй. Энэ хугацаанд маш их судалгааны ажлууд хийж, эрдэм шинжилгээний ажлууд явж, олон улсаас эрдэмтэд урьж туршлага судалж байсан.

-Ард түмний санал асуулга явуулж, бүх нийтээрээ баталсан хууль ч гэдэг?

-Ард түмний хэлэлцүүлэг өргөн хэмжээнд явсан. Тухайн үеийн тоогоор Монголд сонгуулийн насны иргэдийн тоо нэг сая 100 мянга орчим байсан л даа. Давхардсан тоогоор нийтдээ 900 мянган хүн Үндсэн хуулийн төсөлд саналаа өгсөн байдаг юм. Ерөнхийд нь аваад үзвэл эндээс 200 мянга орчим санал давхардсан байдлаар гарсан. Энэ бүгдийг олон эрдэмтэн, судлаачийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ард түмний саналыг түүвэрлээд заримыг нь төсөлд суулгаад Үндсэн хуулийн анхны төсөл гарч ирж байлаа. 1992 онд батлагдсан одоогийн Үндсэн хууль бүх ард түмний оролцоотой бүтсэн. Үндсэн хуулийн одоогийн тогтвортой орших үндэс нь бүх ард түмний оролцоо, дэмжлэгтэй бүтсэнд байгаа юм.

-Ард нийтийн санал асуулгаар иргэдээс 200 мянга орчим санал ирсэн гэлээ. Тэднээс хамгийн түгээмэл нь ямар асуудал байсан бэ?

-Тэр олон саналаас хамгийн түгээмэл нь тэр байсан гээд хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ монголчууд бэлгэдлийг эрхэмлэдэг ард түмэн болохоор төрийн сүлд, төрийн далбаа, төрийн дуулалтай холбоотой саналууд маш их ирж байсан. Бүгд найрамдах Монгол Ард Улс байх уу, Бүгд Найрамдах Монгол Улс гэх үү эсвэл зүгээр л Монгол Улс гэгдэх үү гэх мэтчлэн нэрний тухай санал ихээр ирсэн.

-Төрийн сүлдийг хэлэл­цэх үеэр багагүй мар­гаан гарч, цаг хугацаа ч зар­цуулсан. Тухайлбал, цагаан шонхор шувууг сүлдэндээ дүрслэх үү, морио үлдээх үү хэмээн депутатуудын санал зөрөлдсөн гэдэг?

-Сүлдэн дээр маш их маргалдсан. Улсын Бага хурлаас Ардын их хуралд оруулсан төсөлд цагаан шонхор шувуу байна гэж оруулж ирсэн. Гэхдээ үүний зэрэгцээ соёмбыг сүлд болгох хувилбар маш их дэмжлэг хүлээж байсан юм. Энэ хоёр дээр нэлээн удаан хэлэлцэж явсаар аль нь ч Ардын их хурлын депутатуудын олонхийн саналыг авч нэгтгэж чадаагүй. Ингээд зураачид, ард иргэдийн дундаас Төрийн соёрхолт зураач Ойдов гуайн төсөл дэмжигдэж, олонхийн санал авсан.

-Монгол Улсын Их цааз гэдэг төслийн нэрийг хэдий үед нь Үндсэн хууль гэхээр болсон юм бол?

-Их цаазын төсөл гэдэг нэр багагүй хугацаанд явсан. Тэгээд ард нийтийн санал асуулгын дараанаас Үндсэн хууль гэж нэрлэх нь зүйтэй гэж шийдсэн. Зөвхөн ард нийтийн санал асуулга явуулахаас гадна эрдэмтдийн маш том бүлгүүд ч ажиллаж байсан шүү дээ.

-УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхлээд ард нийтээс дэмжих үү, үгүй юу гэж санал асуулга явуулж шийдье гэж байсан шүү дээ. Тэгвэл тухайн үед авч байсан ард нийтийн санал асуулгыг ямар хэлбэрээр авч байсан бэ. Үндсэн хуу­лийн заалт тус бүрээр санал авч байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Үндсэн хуулийн төслийн заалт бүрээр нь санал авч байсан. Үндсэн хуульд хэрхэн нэмэлт, өөрчлөлт оруулах арга, механизм Үндсэн хууль дотроо бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль байдаг. Монгол Улсын төрийн байгуулал, Үндсэн хуулийн ямар заалтуудыг өөрчилж болох вэ, ямрыг нь хөндөж болохгүй зэргийг тусгасан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай сүүлийн үед их яригдаж байгаа. Бодитой хэрэгжиж байгаа хуулийн хувьд өөрчлөлт яригдаж л байдаг. 1990 онд Монгол орон ямар байлаа, өнөөдөр ямар болов тэс өөр хоёр улс шиг байгаа биз дээ. Нийгэм маш их өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол нэгэнт одоогийн Үндсэн хууль бүх ард түмний бүтээл юм бол халдахын тулд ард нийтээсээ асуух л ёстой. Асуулгыг янз бүрийн хэлбээр явуулж болно. Ийм өөрчлөлт оруулах нь зөв үү, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу гэж ч асууж болно. Ард түмний дуу хоолой Үндсэн хуульд заавал туссан байх ёстой юм. 

-АИХ-ын депутатуудын хурлаар Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэж, янз бүрийн хэлэлцүүлэг, санал гарч байж баталсан. Мэдээж, санал нэгдэх гэж багагүй хугацаа авсан байх. Хамгийн их маргаан дагуулж байсан асуудал жишээ нь юу байв?

-Ямарваа нэг хууль, баримт бичиг, тэр тусмаа Үндсэн хуулийн төслийг бий болгох, батлана гэдэг нь төслөө бичиж байгаа, баталж байгаа бүх хүн нэг санаа бодолд хүрэх ёстой. 430 депутат одоо болж байна гэж нэгэн зэрэг гараа өргөхийн тулд 76 хоног болсон гэхээр маш түргэн баталсан гэж үздэг. Жирийн нэг 3-4 хуудас материал бэлдэхийн тулд 10 хүнтэй баг нэг санаа бодолд хүрэх гэж сар гаруй болно доо. Тэгэхээр яахын аргагүй монголчуудын хувьд өөрчлөлтийн үе, бүх хүний сэтгэл санаа нэгдсэн, нөхцөл байдал бүрэлдсэн байсан учир 76 хоногт баталж чадсан юм. Их олон асуудалд олон хоногоор маргалдаж байсан зүйл бий. Жишээлбэл, газар өмчлөх тухай асуудал. Хувьд өгч болох уу, гадаадынхан авчихвал яах вэ, төрийн сүлд, далбаа, улсын нэрийн тухай асуудал, төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч байх юм бол хэрхэн сонгох гээд бүгд л дор бүрээ маргаан өрнүүлж байсан. Анхны төсөлд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгохоор орж ирээгүй. Хэлэлцүүлгийн явцад парламентаас биш бүх ард түмнээс сонгоё гэж өөрчлөгдсөн. Парламентыг дөрвөн жилээр сонгохоор байгаагүй юм. Зургаан жилээр сонгоод гурав гурван жилээр ротаци хийх зарчмаар тусгасан байсан. Монгол Улсын төрийн бодлогын залгамж чанарыг алдахгүй байх үүднээс гарсан санал.

-Парламентын гишүү­дийн тоог яагаад 76 гэж тогтоож байсан юм бэ. Хүн амын тоонд харьцуулсан байх. Гэхдээ энэ тооны учир утга гэж байсан байх?

-Дэлхийн жишигт парламентын нэг гишүүн хэдэн сонгогчийг төлөөлж байдаг тухай манай судлаачид судалсан. Хүн ам олонтой орон бол нэг тоо эсвэл цөөн хүн амтай бол өөр тоо гарна. Ерөнхийдөө дунджаар нь авч үзвэл 20-40 мянган иргэнийг парламентын нэг гишүүн төлөөлж байдаг.  Өнөөдөр манай улсад бол 39 мянган хүнийг нэг гишүүн төлөөлж байгаа нь дэлхийн жишиг. Яахав, тухай үед парламентын гишүүдийн тоог тогтооход олон янзын хувилбар яригдаж байсан. Хэлэлцсээр байгаад 76 дээр буусан юм. Яагаад 75 байгаагүй юм гэвэл тэгш тоо байх нь зүйтгэй гэсэн л дээ тухайн үед. Жишээлбэл, таван хүнээс санал хураахад 3:2 гэж нэг хүнээр олонхи болно. Дөрвөн хүнээс санал хураавал 3:1 болж байж олонхи болно. Өөрөөр хэлбэл, тэгш тооны сайн чанар нь энэ. Тэгэхээр ганц хүний давуугаар шийдэх биш аргаа барлаа гэхэд 2-3 хүний давуугаар шийдэж байх үүднээс 75 биш 76 гэж тухайн үед ярьж байсан.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр яригдаж байсан 99,100 гишүүнтэй байх тухайд бэлгэ тэмдгийн чанартай гэдэг шүүмжлэл маш их гарсан шүү дээ?

-Энэ бол зөвхөн бэлгэдэл гэхээсээ төлөөллийн чадвараа олон болгох нь чухал. 1990 онд Монгол Улсын хүн ам хоёр сая байсан бол одоо гурван сая боллоо. Хэдий чинээ олон гишүүн ард түмнээ төлөөлж парламентад сууна төдий чинээ төлөөлөх чадвар нэмэгдэх талтай. Гишүүдийн тоог нэмье гэхэд буруу юм байхгүй. Миний хувийн бодлоор манайд 120 гишүүнтэй парламент байвал төлөөллийн чанар их сайн хангагдана.

-Тухайн үед хоёр танхимтай парламенттай байх тухай яригдаж байсан гэж сонссон. Ер нь манай улсад хоёр танхимтай парламент байх нь одоогийн нөхцөл байдлын хувьд хэр боломжтой хувилбар вэ?

-Хоёр танхимын тухай асуудал яригдаж байсан. НҮБ-ын гишүүн 200-гаад хувьд аваад үзэхэд хоёр танхимтай, нэг танхимтай парламенттай нь ч бий. Манайх шиг нэгдмэл орнуудын хувьд ихэнх нь нэг танхимтай парламенттай байдаг. Үндсэн хуулийг баталж байхад хоёр танхимын тухайд хүмүүс өөр өөр ойлголттой байсан. Жишээ нь, Бага хурлын гишүүн байсан хүмүүс хоёр танхим байнгын ажиллагаатай байх тухай илүү ихээр ярьж байсан юм. Депутатуудын олонхи нь тэр үеийн хоёр танхим буюу шатлалаа ярьж байсан. Байнгын бус ажиллагаатай Ардын их хурал, байнгын ажиллагаатай Улсын Бага хурал ч гэдэг юм уу. Харин өнөөгийн нөхцөлд бол байнгын бус ажиллагаатай парламент бодитой бус зүйл. Хэрвээ хоёр танхимтай байх юм бол хоёулаа байнгын ажиллагаатай л байх ёстой. Хяналтгүй нийгмийн институт болчихлоо гэж УИХ-ыг шүүмжлээд байх нь бий. Гэхдээ хяналтыг хоёр танхим тогтоогоод хийж ч болно, ганц танхимтай үед ч хийж болно. Парламент нь ард түмэндээ шууд тайлагнадаг хяналт байдаг. Мөн баталсан хуульд Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилдэг хяналтын хувилбар гээд маш олон төрлийн хяналтын систем байж болно.

-Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтыг сайн хийж өгөөгүй нь одоогийн тогтолцооны хувьд хамгийн том асуудал болоод байна гэж тайлбарладагт таны бодол?

-Ер нь, манай Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой заасан. Яаж хэрэгжүүлэв гэдгийг нь яривал өөр хэрэг. Үндсэн хуулийн зарчмуудыг яг таг мөрдөж чадав уу гэдэг нь асуудал. Ерөнхийлөгч бүрийг хараад байхад бүрэн эрхийнхээ эхэн болон сүүл хэсгийн хугацааг бүгд өөрөөр хэрэгжүүлсэн байдаг. Хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэг асуудал болохоос биш Үндсэн хуульд дутуу зүйл байгаа юм биш. 1990 онд монголчууд бидэнд ардчилсан нийгмийн талаарх туршлага байгаагүй шүү дээ. Одоо бол цаг өөр болсон. Үндсэн хуульдаа зарим заалтыг илүү нарийвчилж зааж өгөх байсан юм уу гэсэн хувийн бодол бий. Ялангуяа эрх мэдлийн хуваарилалттай холбоотой асуудал. Тухайлбал, парламент ямар хэмжээнд байх, Засгийн газраа танхимын зарчмаар ажиллуулж чадаж байна уу гээд бидэнд 25 жилийн хугацаанд алдаа дутагдал их гарсан. Одоо ч алдаа, дутагдал байгаа.

-Н.Батбаяр нарын гишүүдийн боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрх мэдлийн хуваарилалтыг ойлгомжтой болгохоор тусгасан байсан. Одоогийн парламентад өөрчлөлт оруулах хууль эрхзүйн бололцоо байхгүй болчихлоо.

-Энэ төсөл маш их судалгаан дээр суурилсан. УИХ-ын Тамгын газрын судалгааны хэлтэс нэлээн олон жил судалгаа хийж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа яаж сонгодог байх, Засгийн газар парламент хоёрын хэрхэн харьцдаг гээд сэдэв бүр дээр 180-190 орны туршлагаас судалсан. Ингээд үзэхээр манай Үндсэн хуульд тодруулах зүйлүүд байгаа нь гарч ирсэн.

1992 оны Шинэ Үндсэн хууль хэрэгжсэн 20 гаруй жилийн туршлага дээр суурилж гарч ирсэн санааг уг нь төсөлд тусгасан байсан л даа. Хамгийн гол нь эрх мэдлийн хуваарилалтыг нарийвчилж тогтоох санаа байсан юм. Анх Үндсэн хууль батлахаөр хэлэлцэж байхад маргаан дагуулж байсан асуудал энд дахиад ороод ирсэн. Яахав, тэр хугацааг сунгах, тоог нэмэх зэрэг бол тийм ч чухал өөрчлөлт биш. Хотын статусыг сэргээх зэргийг тусгаж, орон нутгийг улстөржилтөөс салгах санааг оруулсан өөрчлөлт бол өнөөгийн нийгмийн шаардлага байсан. Төслийнхөө хувьд бол муу биш. Гэвч одоогийн парламентад энэ өөрчлөлт хийх боломж байхгүй болсон.

Л.НОМИН

ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛАЛ СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж