Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дараах хариулт өгснийг хүргэе.
-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох санаачлагыг та гаргасан. Эх үүсвэрийг нь хаанаас гаргахаар ярилцсан байдаг юм бол?
-Олон эцэг, эх хандсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан. Төсөв хүрэхгүй байна гээд УИХ-ын тогтоолоор шийдсэн байгаа. Тэгэхээр одоо УИХ тогтоолдоо өөрчлөлт оруулах асуудал байгаа юм билээ. Засгийн газар ч дотроо яриад шийдүүлэх байр сууринд хүрсэн. Шийдчих болов уу.
Хүүхдийн мөнгийг олгох хүрээнд 1-20 хүртэл шатлал тавьсан байгаа. Шатлал хэрэгтэй нь хэрэгтэй. Судалгаагаар нийт 18 хүртэлх насны 86 хувь нь хүүхдийн мөнгө авдаг, 14 хувь нь авдаггүй юм билээ. Жишээ нь би өөрийнхөө насанд хүрээгүй хоёр хүүхэд дээр 20 мянгыг нь авдаггүй. Асарч явдаг хүүхдүүдийнхээ мөнгийг аваад хадгаламжид нь шилжүүлдэг. Хуримтлал хүүхэддээ үүсгэх ёстой.
Шатлал тавиад явахаар болоход нэг хүндрэлтэй юм нь халамжийн ажилтан айл өрхөд очиж судалгаа авна. Машинтай юм уу, машинаа зээлээр авсан юм уу, хөргөгчтэй юм уу, зурагттай юм уу гээд. Ямар ч хүнд амьдралтай айл байсан хөргөгч, зурагт байгаа. Гэтэл “Би танай хүүхдийг оруулж чадна, би танай хүүхдийг хасаж чадна” гэдэг ч юм уу тодорхой албан тушаалтан дээр асуудал үүсээд байгаа.
Хүүхдийн мөнгөн дээр миний барьсан зарчим бол ийм юм хэрэггүй, иргэнд нь эрхийг өгчихье. Хүүхдийн мөнгө авахаар бүртгүүлсэн бол тэр боломжийг олгоё. Нөгөө нэг үндэслэл бол нийгмийн халамжийн мөнгө гэхээсээ Монголын хойч үе эрүүл өсч торних, монголчууд олуулаа болох асуудал юм. Ийм том асуудал дээр хүүхэд ялгаварлаж болохгүй.
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг та санаачлан боловсруулсан. Саяхан УИХ-д өргөн мэдүүлсэн. Батлагдах боломж ер нь хэр байгаа бол?
–Улс төрийн намын тухай хуулийг батлагдаасай гэж харж байна. Улс төрийн намын удирдлагуудтай уулзсан. Эсэргүүцдэг ганц нэг заалт бий, энэ бүхнийг ярилцаад УИХ дээр шийдэх бүрэн боломжтой. Оруулах ёстой харилцаа, хүн бүхний яриад байдаг харилцааг оруулсан.
“Нам муу байна, болохгүй байна, энэ нь буруу байна” гэх шүүмжлэл их бий. Тэр бүгдийг, засахын тулд төсөл боловсруулах амаргүй ажил. Хэрийн албан тушаалтнаас гардаг алхам биш.
Гэхдээ л нам нь буруу болохоор төрийн ажил явахгүй байна. Нам дотор янз бүрийн муу юм байгаа учраас түүгээр нь далимдуулаад төр лүү нь муу бүхэн орж ирээд байгаа.
Хууль батлагдана гэж найдаж хүлээж байна.
-Сонгуулийн хуулиар таны байр суурийг сонирхоё. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой анхаарах ёстой нэлээд зүйлүүд туссан?
-Сонгуулийн хуулиар УИХ эцсийн редакциа сонсоогүй байгаа юм билээ. Миний баримталж ирсэн зарчим бол улс төрийн нам, УИХ-тай ярьдаг зүйл бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах бол сонгууль болсны дараах нэг жилийн дотор өөрчлөлт оруулчихмаар байгаа юм. Гэтэл явсаар байгаад шинэ он гарахаас 3-4 хоногийн өмнө шахаж баталсан нь янз бүрийн шүүмжлэлд оруулж байна. Уг нь сонгуулиа хийлээ ямар алдаа гарав, ямар сургамж байна, жилийн дотор өөрчлөлтөө хийгээд зарлачих юм бол үлдсэн гурван жилд нь бүгд мэдээлэлтэй болно. Ийм зарчмыг Сонгуулийн хуульд барих ёстой гэж боддог, улс төрд олон жил явсан хүний хувьд. Олонхи нь санал нэгддэг ч хэрэгжүүлж чадахгүй явж байгаа.
Гэхдээ олон жил, олон талаасаа яриад арай гэж зөвшилд хүрээд баталсан хуульд үнэхээр онцгой нөхцөл байдал үүсээгүй бол хориг тавих асуудал байхгүй.
-Таны санаачилсан Төвийг сахих бодлогоор мэргэжилтнүүд мэтгэлцээн өрнүүлж МҮОНТ-ээр ярьж байна лээ. Энэ санаагаа хэзээ баримт бичиг болгох вэ?
-Албан ёсоор баримт бичиг болгоод УИХ-д өргөн барьсан. Хүмүүс тойруулаад шуугидаг. Энэ хуулинд “Монгол Улс энхийн цагт цэрэг дайны эвсэлд оролцохгүй” гэдгийг маш тодорхой заасан. Өөр лүү нь л довтлоогүй бол бусдад аюул занал учруулахгүй гэсэн бодлого. Маш цомхон, асар их шахсан хэдхэн заалттай ойлгомжтой хууль байгаа.
Төвийг сахих гэдэг бол бид бүгдээрээ боддог Монгол Улсын тусгаар тогтнол эрх чөлөө бие даасан байдал үеийн үед тасралтгүй үргэлжлээсэй гэж… Энэний уяа нь Төвийг сахих бодлого юм. 100 жилийн өмнө ч, 1990 оны үед ч ярьж л байсан асуудал. Одоо нөхцөл байдал нь бүрэн бүрэлджээ гэж үзэн бодлого болгосон. Цаана нь эдийн засгийн чадавхи бий юу гэдэг асуудал яригддаг. Бид өөртөө л итгэх хэрэгтэй. Бидний өмнөөс Монгол Улсыг хэн ч хөгжүүлж өгөхгүй. Эдийн засаг ч бай бусад бүх салбарыг монголчууд л хөгжүүлнэ. Өөртөө итгээд энэнийг бид хийх ёстой. Төвийг сахих бодлого бол хөгжилтэй эргэж уялдана. Бүс нутаг хөрш орнуудын хувьд хамгийн сайнаар нөлөөлөх зөв бодлого.
Монгол Улс нь өөрөө энх тайван тууштай тогтвортой бодлоготой байна гэдэг харилцаж байгаа бүх оронд сайн. Эндээс хохирох нөхцөл үүсэхгүй. Эрдэмтэн судлаачдыг оролцуулаад 100 гаруй жагсаалт гаргаж байгаад ярьсан зүйл ч бий. Тэр бүхнээс аваад үзэхэд энэ цаг үед хийх ёстой, дэмжих шаардлагатай бодлого байгаа.
УИХ-д өргөн барьсан учраас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор бодлогыг хэлэлцэх үед гишүүдийг өргөтгөж оролцуулаад ярилцана гэж бодож байна. Бодлого санаачилсан үндэслэлээ тайлбарлана, хэлэхээр ойлгомжтой л болдог. Ерөнхийлөгч юу бодсон юм, яаж боловсрогдсон юм, ямар учраас энэ бодлого гарч ирсэн юм гээд асуудлыг тал талаасаа ярих бүрэн боломж бий.
Ер нь бусад санаачилсан хуулиудын хэлэлцэх эсэхийг шийдэх үед хэрвээ би энд байж таарах юм бол хэлэлцүүлэгт нь оролцоно. Жишээлбэл, Хариуцлагын тухай хууль тойроод баахан яриа гарч магадгүй. Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хууль ч юм уу. УИХ-ын гишүүддээ нэгдмэл ойлголт өгөх ёстой.
Г.ДАРЬ