Сэлэнгэ аймгийн хилийн манаанд харуулд гарч байсан хоёр ахлах байлдагч байрлалаа орхин оргосон хэрэг нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө гарчээ. Ахлах байлдагч Г, Б нар нь энэ сарын 05 ны өдрийн 23.00 цагаас, нэгдүгээр сарын 06 ны өдрийн 07.00 цаг хүртэл хилийн манаанд томилогдон үүрэг гүйцэтгэсэн боловч тогтсон хугацаандаа харуулын байрлалдаа ирээгүй аж. Цэргийн албан хаагчид нь байлдагч хилийн манааны табелаар олгогдсон зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй оргосон байжээ. Мөн оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд амьдардаг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн цааш зугтсан байна. Гэхдээ Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг өчигдөр орой оргосон цэргүүдийг Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээрээс баривчилсан байна.
Одоо хуулийнхан дээрх хугацаат цэргийн албан хаагчид ямар шалтгааны улмаас хилийн манаагаа орхиж, зугтах болсон бэ гэдгийг тогтоохоор хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Оргосон цэргүүд өнгөрсөн оны цэрэг татлагын нэгдүгээр ээлжээр Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумаас татагдан ирж, Сэлэнгэ аймгийн хугацаат цэргийн ангид алба хааж байсан юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ