Суннит-Шиитийн тэмцэл буюу Ойрхи Дорнодын самуун

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Суннит-Шиитийн тэмцэл буюу Ойрхи Дорнодын самуун

 

Дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Ойрхи Дорнодын ужиг хямралын үндэс юу болохыг ойлгохын тулд Суннит, Шийт гэж юу болохыг эхлээд мэдэх хэрэгтэй. Дэлхий дээр 1.5 тэрбум Исламын шашинтан амьдарч байгаагийн 85 хувь нь Суннит, бусад нь Шийтүүд аж. Суннит, Шийтийн  хоорондох өс, цуст тэмцэл нь олон зууны өмнөөс эхтэй ч одоогийнх шиг бүс нутгийн хэмжээнд хурцадмал байдал үүсгэж байгаагүй юм. Энэ тэмцэл нь Исламын түүхэн дэх хамгийн эртний бас хамгийн том хагарал билээ.

 

632 онд Зөнч Мухаммедыг нас нөхцсөний дараа дагалдагчдынх нь дийлэнх түүний нөхөр, Абу Бакрыг Исламын шашинтнуудын оюун санааны удирдагч, залгамжлагч хэмээн зарласан нь хожим Суннитууд гэгдэх болсон юм. Харин Зөнч Мухаммедын залгамжлагч Абу Бакр биш, түүний үеэл Али гэж үзсэн цөөнх нь одоогийн Шиитүүд билээ.

 

Абу Бакрыг нас нөхцсөний дараа Али хэдийгээр дөрөвдөх Халиф болсон ч Суннитууд Исламын шашинд давамгайлах болсон байна. Гэвч Алигийн хүү залгамжлагч Хуссейнийг 680 онд зэрлэгээр хөнөөхөд Суннит, Шиитийн тэмцэл дээд цэгтээ хүрсэн юм. Шийтүүд Хусейний алагдсан өдрийг Ашура хэмээн гашуудлын өдөр болгон өнгөрүүлдэг болжээ. Энэ өдөр Шийтийн эрчүүд цээж нуруугаа хутга мэсээр зүсэж, цус гарган, залгамжлагчийнхаа амийг нь аварч чадаагүй нүглээ наминчилдаг байна.

 

Исламын шашны Суннит, Шийтүүд хэдийгээр сүсэг бишрэл, ёс заншил нэгтэй боловч сургааль, зан үйл, шашны номлол, хууль нь тэс ондоо ажээ. Өв залгамжлах эрхийн төлөөх тэмцэл нь Исламын шашинтнуудыг ингэж хоёр урсгал болгон хуваасан билээ. Тэдний хоорондох тэмцэл нь Ливанаас эхлээд Сири, Иран, Ирак, Пакистан дахь үймээн самуун, бүс нутгийн зөрчлийн үндэс болсон юм.

 

Суннитууд гэж хэн бэ?

 

Суннитууд өөрсдийгөө Исламын шашны Ортодоксууд буюу шашны хуучинсаг үзэлтнүүд гэдэг. Дэлхийн 1.5 тэрбум Исламын шашинтнуудын 85-90 хувь нь Суннитууд бөгөөд Ойрхи Дорнодын Египет, Йордан, Саудын Арабын хүн амын 90 хувийг бүрдүүлж байна.

 

Суннит гэдэг нь "Ахль аль-Сунна", буюу "Уламжлалыг дагагчид" гэсэн үгнээс гаралтай. Уламжлал гэдэг нь Зөнч Мухаммедын сургаалийг хэлж байгаа болно. Бүх Исламын шашинтнууд Зөнч Мухаммедийн сургаалийг баримтлах ёстой бол Суннитууд өөрсдийн хэргэм зэргийг тэргүүнд тавьдаг.

 

Шиитүүд гэж хэн бэ?

 

Бүх Исламын шашинтнуудын 10 хувийг Шиитүүд эзэлдэг бөгөөд дэлхий даяар тэдний хүн ам 154-200 сая орчим байна.

 

Хүн амын дийлэнх нь Шиитүүд эзэлдэг улс орнуудын тоонд Иран, Ирак, Бахрейн, Азербайжан, болон Йемен ордог. Түүгээр зогсохгүй Афганистан, Энэтхэг, Кувейт, Ливан, Пакистан, Катар, Сири, Турк, Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмиратын хүн амын тодорхой хувийг Шиитүүд эзэлдэг.

 

Исламын түүхэнд бичсэнээр Шиит гэдэг нь эрт цагт Алиг Зөнч Мухаммедын хууль ёсны залгамжлагч гэж итгэдэг “Алигийн нөхөд” хэмээх хөдөлгөөн байжээ. 661 онд Али Исламын Халифаар таван жил суусны дараа хөнөөгдсөн бөгөөд түүний залгамжлагч Хассан, Хуссейн нар ч мөн Суннитуудад алуулсан аж.

 

Суннит, Шиитүүд аль аль нь Аллах бол туйлын үнэн, цорын ганц бурхан, Зөнч Мухаммед бол түүний элч гэдэгт эргэлзээгүй итгэдэг. Хоёулаа Коран судрыг ариун судар хэмээн сүсэглэж, Рамадан сарын үеэр мацаг барьдаг байна.

 

Суннит, Шиитийн тэмцэл Ойрхи Дорнодын хямралд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

 

Суннит тэргүүлсэн лалын шашинт орнуудад Шийтүүд нийгмийн хамгийн ядуу, эмзэг бүлэгт хамаарагдах нь түгээмэл үзэгдэл юм. Энэ байдлаас болж Шиитүүд өөрсдийгөө ялгаварлан гадуурхалт, дарлал мөлжлөг, хавчлагын золиос болж байна гэх нь олонтаа. Суннитийн хэт даврагсад Шиитүүдийг буруу номтнууд хэмээн тааралдсан газраа устгахыг уриалдаг байна.

 

1979 онд Иранд гарсан Исламын хувьсгалын дараа Суннит, Шиитийн хоорондох сөргөлдөөн улам хурцадсан билээ. Исламын хувьсгалын лидер, Шиитийн номлогч Аятолла Хомейни Иранд хяналтаа тогтоон, АНУ-ын баруунжуулах бодлогыг эсрэг дэлхийг исламжуулах хийрхэлд автаж, Ирак, Ливан, Сирийн Шийтүүдэд дэмжлэг үзүүлнэ гэсэн найдвар төрүүлж байв. Түүнээс нэг жилийн дараа хүн амын дийлэнх нь Шиитүүд эзэлдэг Иракийн Суннит удирдагч Иран руу халдаж, бүс нутгийн, шашны урсгалуудын хооронд дайн дэгдээсэн билээ.  Бараг найман жил үргэлжилсэн уг дайнд нэг сая гаруй хүн амиа алдсан тоо байдаг.

 

Мөн одоогоос таван жилийн өмнө эхэлсэн Араб хавар хувьсгал Суннит, Шийтийн хоорондох тэмцлийг мөн л дэвэргэж орхисон.

 

Өнөөдөр Ойрхи Дорнодын бүс нутагт өрнөж буй олон зөрчил, тэмцлийг Суннит, Шиитийн хоорондох сөргөлдөөн гэж ойлгож болно.

 

Сирид л гэхэд Ираны цэргүүд, Хезболлах бүлэглэл болон Ираны дэмжлэгтэй Шиитийн цэргийн эрхтэнүүд Башар Ассадын Шиит засгийн газрыг хамгаалж, Суннит давамгайлсан босогчидтой тэмцэж, энэ орныг дайны хөлд сөхрүүлж байгаа билээ. Үүний зэрэгцээ Персийн булан дахь Суннит урсгалын  баян араб орнуудын дэмжлэгтэй жихад бүлэглэлүүд, тэр дундаа Исламын улс бүлэглэл, Сири болон хөрш зэргэлдээ Шийт урсгалын орнууд дахь мөргөлийн газруудад аймшигтай халдлага үйлдэж, тэднийг хайр найргүй устгаж байна.

 

Хамгийн сүүлд л гэхэд Саудын Арабд 47 хүнийг, тэр дундаа Шийтийн номлогчийг цаазаар авсан нь Ойрхи Дорнодын Шийтүүдийн дунд томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдээж, Иран, Саудын Араб дипломат харилцаагаа таслахад хүргэсэн. Энэ явдлын дараа Ираны шашин, төрийн удирдагч Аятолла Али Хомейни Шиитийн номлогчийг цаазалсан Саудын  улстөрчдийг ариун өшөө авалт хүлээж байна гэж мэдэгдсэн билээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж