-Гадаадын улс орнууд руу зорчоод сураггүй алга болсон 40 орчим иргэн бий-
Хилийн чанадыг зориод олон жил сураггүй болсон 40 орчим иргэний ар гэрийнхэн Гадаад хэргийн яаманд ханджээ. Сүүлийн жилүүдэд гадаадад сураг алдарсан иргэдийн талаарх гомдол тус яаманд тасралтгүй ирэх болсон байна. Одоогоор Гадаад хэргийн яам, Элчин сайдын яамдтай хамтран эрлийн ажиллагаа явуулж, мэдээллийг гэр бүлийнхэнд нь өгч байгаа аж.
Мөн энэ ажлын хүрээнд хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэхээр болжээ. Учир нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд Элчин сайдын яамандаа бүртгүүлэх эсэх нь тухайн хүний сайн дурын хэрэг байдаг аж. Уг нь 1990 оноос өмнө гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд Элчин сайдын яамандаа бүртгүүлэх үүрэгтэй байжээ. Харин “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль” гарснаар энэ нь сайн дурын шинжтэй болсон байна. Ингээд дараах гурван тохиолдолд л гадаадад амьдардаг монгол иргэд ЭСЯ-ндаа бүртгэл хийлгэх болжээ.
-Иргэн сайн дурын үндсэн дээр
-Хэрэг түвэгт орооцолдож, ЭСЯ-наас тусламж хүссэн
-Тухайн ЭСЯ өөрөө иргэдийн бүртгэлийг хийсэн тохиолдолд л гадаад дахь монголчуудын бүртгэлийн мэдээлэл гардаг байна. Тиймээс цаашид гадаадад түр болон урт хугацаагаар ажиллаж, суралцаж, аж төрж буй иргэдийн бүртгэлийн нэгдсэн санг төрийн бодлоготой уялдуулан зохион байгуулах юм байна.
Б.ЗОЛЗАЯА
ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ