Нялх үрээ хүйтэнд орц, гудамд төөрүүлж, орхигч хатуу сэтгэлтнүүдийн тоо олширсоор. Нийгэм, хүний мөн чанар хэрхэн цэвдэгшиж буйг гэрчлэх ноцтой хэргүүд ар араасаа гарсаар. Хүүхдийн үхэлд л би хамгаас илүү эмзэглэдэг. Хүн болохоор заяагдсан бяцхан амь цагаасаа эрт тасрах нь энэ хорвоогийн хамгийн шударга бус зүйл. Саяхан сошиал ертөнцөд орцонд орхигдсон ой хүрээгүй охины тухай мэдээлэл цацагдаж үртэй бүхний өр өмөрч, бяцхан охинд туслах аян өрнүүлсэн. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л удаагийн тусламж. Тэр охины ирээдүй тун чиг бүрхэг. Хайран дундаас мэндэлж, хайран дунд өсөх учиртай бяцхан үрс дэндүү эрт хүний орчлонгийн эрээн бараантай тулж, хувь заяа нь харанхуй ангалын эрмэгт байгааг тоолж, тооцож баршгүй. Мэдэгдсэн нь хэдхэн боловч хэчнээн үрс хүчирхийлэл дор нулимсан дунд өлмөн зэлмүүн амьдарч байгааг тааж мэдэшгүй. Эхийнхээ хэвлийд байгаа хэр нь аль хэдийнээ “зарагдчихсан” тохиолдол ч мэр сэр дуулдах боллоо. Үрчлэл, өргүүлэх нэрийн дор мэндлээгүй үрээ наймаалагсад олширч байна. “Ирэх сард төрөх хүүхдээ сайн хүнд үрчлүүлнэ, санхүүгийн дэмжлэг авна. Хүүхэдтэй болохыг хүссэн гэр бүлд очиж, амьдраад хүүхдээ төрүүлнэ. Хүүхдээ төрмөгц 3 сая төгрөгөөр үрчлүүлнэ” гэх зарууд нэмэгдсээр. Энэ бүхний цаана ядарсан нь ч байна, задарсан нь ч байна. Амь зуух аргагүйн эрхэнд үр хүүхдээ орхих нэгэн байхад зүгээр л хүсээгүй хүүхэд, хайргүй хүний хүүхэд гэдгээр хаяж орхих нь ч бас байх. Монголд хүн болж төрөх нь олдошгүй хувь заяа гэнэм. Гэтэл бас Монголд хүн болж төрөх нь орхигдсон хувь тавилан ч байж мэдэхээр тийм л цөвүүн цаг дор цэвдэг нийгэмд бид амьдарч, аж төрж байна. Хүн болж төрсний утга учир нь үр удмаа үлдээх гэдэг. Харин үр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээх чадваргүй хэсэг олширсоор. Хүүхдийн эрх зөрчигдсөөр л байна. Үүнийг бид хэрхэвч үл ойшоож боломгүй. Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо жилээс жилд өссөн болохыг статистик үзүүлэлт харуулна. 2013 онд 418 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан бол 2014 онд 1076 болж 2,7 дахин өссөн байна. Гэмт хэргийн улмаас 101 хүүхэд амь насаа алджээ. Нийгмийг цочирдуулсан нь бидний мэдэхээр дөрвөн настай охины амийг хөнөөсөн Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэрэг. Гэтэл цаана нь яг үүн шиг гэмт хэргийн улмаас 100 хүүхэд амь насаа алдсан болохыг бид огт анзааралгүй, мэдэлгүй өнгөрч. 2014 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 7 хүртэлх насны 11, 8-13 хүртэлх насны 10, 14-17 хүртэлх насны 10 хүүхэд нийт 31 хүүхэд бэртэж, гэмтэж. Энэ бол зүгээр нэг хөхөртөл нь цохисон тохиолдол биш гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо юм. Тэгвэл гэмт хэргийн улмаас 817 хүүхэд бэртэж, гэмтсэн байна. Зөвхөн зам тээврийн осолд гэхэд ганцхан жилийн дотор 1212 хүүхэд өртөж, 48 хүүхэд нас баржээ. Томчуудын хариуцлагагүйн улмаас хүүхэд ингэж хохироод зогсохгүй мөн л томчуудыг зугаацуулж цэнгүүлэхийн тулд 621 хүүхэд унаач хүүхэд хурдан мориноос унаж бэртсэн байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 10 мянгад дөхөж, 1000 гаруй хүүхэд улсын болон хувийн асрамжийн төвд амьдарч байна. Сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт үүгээр дуусахгүй.
Хүүхэд гэмт хэргийн золиос болсон төдийгүй гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ. Энэ бол бас л томчууд бидний хариуцлагагүйнх. 2014 онд 1250 хүүхэд насанд хүрээгүй сэжигтэнд тооцогдсон бол, 1151 хүүхэд ял сонсож. Хүн амь, хүчин, мансууруулах бодис, залилан, хулгай, дээрэм гээд бүх л хэлбэрээр гэмт хэрэг үйлдэж. Бид ямар нийгэмд амьдраад, ямар ирээдүйг ямар замаар хүмүүжүүлээд байгаад анхаарах цаг нэгэнт болжээ. Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал ирээдүй бидэн рүү их буугаар буудна гэдэг. Энэ улсад ирээдүй хэрэгтэй юу. Хэрэв хэрэгтэй бол ирээдүйнхээ төлөө хаа хаанаа анхаарах цаг болжээ. Бидний ирээдүй болсон хүүхдүүдэд эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчээс гадна нийгмийн хараа хяналт, анхаарал халамж дутагдаж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ч санаа тавих цаг болж. Улсын их хурлаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хууль батлах нь тулгамдсан асуудал болж. Эрх баригч намын лидерүүд тулгамдсан асуудал гэдэг дээр цэц булаалдаж суусан. Нэг нь сонгуулийн хууль тулгамдсан асуудал гэсэн бол нөгөөх нь үгүй ээ найман хувийн зээл тулгамдсан асуудал болчхоод байна хэмээн хэмлэлдэж харагдсан. Яг үнэндээ Монголд хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах нь хоолой дээр тавьсан хутга лугаа хамгийн тулгамдсан асуудал болчхоод байна. Талцаж цэц булаалдаж суухаар энэ улсын ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө ганц ч болов час хийсэн хууль батлалцвал таныг сайн улстөрч, сайн төрийн түшээ хэмээн өргөмжилье.
Монгол Улсад 18 насанд хүрээгүй бол хүүхэд хэмээн тооцдог. Тэд бие даан амьдрах чадваргүй. Тиймээс ч насанд хүртэл нь төр анхаарал халамжиндаа авч, амьд явахаас эхлээд сурч боловсрох, эрүүл аж төрөх, үг хэлэх эрх чөлөөг хангах үүрэгтэй. Ирээдүйдээ бид өр биш өв үлдээх учиртайг сануулагч Л.НАРАНТӨГС.