Фото: Exclusivepix Media / Zuma / Global Look
Хятадын Хэнань мужид Мао Зедунийн 36 метрийн өндөртэй хөшөөг босгожээ. Хөшөөг босгоход гурван сая юанийг зарцуулсан гэж The South China Morning Post мэдээлэв.
Тунсюй аймгийн тосгоны оршин суугчид шаардлагатай мөнгийг цуглуулсан байна. Асар том хөшөө нь тэдний тосгоны дэргэд сүндэрлэжээ. Хөшөөг бетоноор зутгаад алтан өнгөөр буджээ. Нутгийнхан энэ хөшөө нь жуулчдыг цуглуулна гэж найдаж байгаа ажээ.
Одоогоор интернэтэд зураг нь тавигдсан хөшөөг хэрэглэгчид нь дооглон шүүмжилж байна. “Тэр Мао даргатай адилхан биш. Тосгоны хэн нэгэн байлгүй” гэж нэг нь шоглов. Shanghaiist гэдэг блог Маогийн хөлний хажуу талд даргын хоёр дахь толгойн баримал байгааг анзаарчээ. “Маогийн нэмэлт толгойгоор юу хийх гэж байгааг бид мэдмээр байна” гэж уг блогт өгүүлжээ.
Нэг толгой сайн, хоёр бол бүр ч сайн
Фото: hnr.cn
Хэнань муж нь Мао даргын зохион байгуулсан их үсрэлтэд хамгаас хүчтэй нэрвэгдсэн юм. Их үсрэлт нэрээр Хятадад 1958-60 онуудад эдийн засаг, улс төрийн шинэчлэл болсон. Энэхүү туршилтаар өлсгөлөнгийн улмаас 20-40 сая хүн үрэгджээ. Мао Зэдун нь Хятадын улс төрийн зүтгэлтэн бөгөөд БНХАУ-ыг 1949 онд байгуулагдсанаас нь хойш 1976 онд нас бартлаа удирджээ. Өнөөдөр Хятадад Маогийн үйл ажиллагааг 70 хувийн ялалт, 30 хувийн алдаа гэсэн харьцаагаар үнэлдэг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР