Украины баруун хэсэгт өнгөрсөн арванхоёрдугаар сард нийтээр цахилгаан тасарсан нь хакерын халдлага байсан гэнэ. Украины Ивано-Франковск мужид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд нийтээр цахилгаан тасарсан нь компьютерийн вирусээс болсон гэнэ.
Украины цахилгаан түгээх “Прикарпаттяобленерго” компанийн удирдлагын системд гаднаас нэвтэрч ажиллагаагүй болгосноос цахилгаан тасарсан аж. Тиймээс инженерүүд гар аргаар залгах шаардлагатай болсон аж. Тус компанийн компьютерээс сүйтгэгч программ илэрсэн хэмээн Украины Аюулгүй албанаас /SBU/ мэдээлжээ. Украины аюулгүйн алба энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.
Түүнчлэн “IT” хамгааллын “ESET” фирмийн мэдээлснээр уг программ нь “KillDisk” нэртэй “Excel”-ийн файлаар дамжин тархдаг хорлонт вирус гэнэ. Энэ халдлагыг мэргэшсэн хакерууд үйлдэх боломжтой аж. Тиймээс энэ 2016 онд Украины иргэний тээвэр болон цахилгаан түгээх сүлжээнүүдэд ийм дайралт олон хийгдэнэ хэмээн сэрэмжилж байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE