Германд эмэгтэйчүүд халдлагад өртөв

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Германд эмэгтэйчүүд халдлагад өртөв

 

Шинэ оны өмнө Германы Кёльн хотын галт тэрэгний буудал, хотын цогчин дуганы ойролцоо олон охид эмэгтэйчүүдийг татаж, чангаан, айлган сүрдүүлж, дээрэмдсэн 80 гаруй хэрэг гарч, олныг цочирдуулаад байна. Хэргийг үйлдсэн этгээдүүд нь Араб, хойд Африкаас гаралтай, согтуу, дээрэнгүй 1,000 орчим нөхдүүд байсан гэж гэрчүүд мэдээлж байгаа юм. Тэдгээр эмэгтэйчүүдийн нэг нь хүчиндүүлсэн бөгөөд дийлэнх нь дээрэмдүүлсэн гэж цагдаад мэдүүлсэн байна.

 

Кёльн хотын дарга дээрх хэргийг Германд урьд хожид гарч байгаагүй шинэ төрлийн гэмт хэрэг хэмээн тодорхойлсон байна. Дээрхтэй адил хэргүүд Хамбург хотод ч мөн гарсан гэнэ. Тэдгээр эмэгтэйчүүдийн дунд цагдаагийн  ажилтан эмэгтэй ч байжээ. Өнөөдөр Кёльн хотод олон зуун эмэгтэйчүүд дээрх ичгүүртэй хэргийг эсэргүүцэн жагсаж, Германы Канцлер Ангела Меркелийг шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм байна.

 

Германы Канцлер Ангела Меркел ийм шившигтэй хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих шийтгэлээ хүлээх ёстой гэж хэлжээ. Өнгөрсөн жил хамгийн олон цагаач, дүрвэгч хүлээн авсан, энэ онд мөн нэг сая цагаач хүлээж авахаа мэдэгдсэн Герман улсад урьд хожид гарч байгаагүй ийм хэрэг гарсан нь Германчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлж байгаа юм. Гэрчүүд, цагдаагийн ажилтнуудын мэдүүлснээр хэрэг үйлдсэн этгээдүүд араб, африк гаралтай хүмүүс байсан гэж мэдүүлсэн нь энэ хэргийг дүрвэгсэд үйлдсэн байж магадгүй гэх сэжиг төрүүлж байгаа ч Кёльн хотын дарга гэмт этгээдүүд баригдаагүй байхад хүмүүсийг яаран ийм дүгнэлт хийхгүй байхыг уриалсан юм. Германы Хууль зүйн сайд Хейко Маас дээрх хэргийг дүрвэгсдийн эсрэг хандлага болгон дэвэргэхгүй байхыг уриалж байгаа ажээ.

 

Хейко Маас хэлэхдээ "Эрүүгийн хуульд гэмт хэргийг нотлох нь хамгийн чухал гэж заадаг. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Хэн, хаанаас ирсэн гэдэг нь чухал биш. Харин гэмт хэрэг хийсэн бол нотлогдсоны дараа буруутгах ёстой” гэжээ.

 

Германы Кёльн, Хамбург хотод он солигдохын өмнө гарсан дээрх хэргийг Сири, Ирак, Афганистан, Хойд Африкаас тус улсад очсон цагаач, дүрвэгчид үйлдсэн эсэх нь тодорхойгүй ч одоо үүсээд буй нөхцөл байдал Ангела Меркелд улс төрийн шинэ сорилт авчирч байгаа юм. Учир нь Ангела Меркелийн  шийдвэрээр дайн, самууны хөлд нэрвэгдсэн улс орнуудаас очсон цагаач, дүрвэгсдийг тус улс хаалгаа нээн угтаж авсан билээ.

 

Харин энэ шийдвэрийнхээ хариуд Ангела Меркел шүүмжлэлийн бай болсон.  Шүүмжлэгчид түүний энэ бодлогынхоо нийгэм, эдийн засагт үзүүлэх үр дагаврыг тооцоогүй гэсэн билээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж