Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Догшин арслан

/Баримтат, уянгын таталбар/

Улирагч зууны гучин дөрвөн онд Бумуудэнгээгийнх хүүтэй болов. Өвгөн Орхоны эх Улаан цутгалан, Цагаан голыг өгсөж уруудан “таваргаж”, үе тэнгийнхэнтэйгээ уралдаж, барилдаж, гар зөрүүлбэл ч зөрүүлж эмнэг танхай өссөн хүү сумынхаа бага сургуулийг төгсөөд нэг л сайхан нартай өдөр холыг, хотыг зорив.

Багшийн техникумд гурван жил сурч төгсөв. Аж үйлдвэрийн комбинатын дэргэдэх зургадугаар сургуульд бага ангийн багшаар томилогдов.

Хөдөө төрж, хөдөө өссөн ч хотоос, жирийн нэгэн дунд сургуулиас ажил, амьдралын гараагаа эхэлсэн арван зургаахан настай, гялбаатай залуу багшийг хожим боксын нэртэй тамирчин, алдарт дасгалжуулагч болно чинээ зүүдэлсэн нь тэр цагт хэд сэн билээ.

…Жанжны талбайд цугласан олон, улаан даавуун хашлага, том бээлий өмссөн чийрэг, жавхлант эрсийн тулаан Олзотын сэтгэлийн гижгийг хүргэж орхих нь тэр. “Эд нар шиг боксчин болох сон”, “Рингэнд гарч үзэх сэн” гэсэн явуу цагаан бодол нь өдөр хоног дамжин үржиж, сүүлдээ эзнээ хөтөчлөн Н.Лувсандорж багштай уулзуулснаар боксын дугуйланд орж явчихаж. Бэлтгэлийн хувцас, энэ тэрийг мэдэхгүй залуус ширэн бээлий өмсөөд хоорондоо навс нүдэлцэж гарах. Энэ л үеэс Олзот.. Олзот гэсэн нэр газар авч эхлэв. 

Улсын таван удаагийн аварга, офицерийн сургуулийн Отгоныг рингний олсон дээгүүр нистэл нь хэн цохисон. Олзот. Сибирь, алс Дорнодын хошой аварга Буриадын Владимир Николаевыг хүнд цохилтоор хэн буулгаж авсан. Олзот.

Оросын алдарт боксчин Васинтай хэн ана мана үзэлцэж, Германы Лайпцигийн үзвэр, үйлчилгээний газрууд Монголын хэний зургийг ханандаа өлгөж “догшин арслан” хэмээн шүтэж, шагшаан шуугиан болсон. Мөнөөх л Олзот.

Боксоор өвчилж, энд тэндгүй шуугиулах болсон тэрбээр яагаад ч юм, спортоос ангид Багшийн дээдийн орос хэл, утга зохиолын ангийг төгсөв. Төгсөөд Гэгээрлийн яамны “Соёл” нийгэмлэгт мэргэжилтэн, Хөнгөн морин цэргийн штабт нарийн бичгийн дарга… юм юм л хийв. Жаран онд Улсын шигшээ баг байгуулагдахад анхны тамирчдынх нь нэг болов.

Гэсэн ч боксын нарийн мэргэжлийг эзэмших сэн, энэ спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд мандуулахсан гэсэн мөрөөдлөө биелүүлэхээр Москвагийн биеийн тамирын институтийн боксын дасгалжуулагчийн ангид сурахаар одож, умард их хөршийн алдарт багш, дасгалжуулагч нараас ихийг сонсч, ихийг мэдэж, бие, оюунаа цэнэглэж аваад жаран таван онд бөөн тэмүүлэл, бөөн эрч хүч эх орондоо иртэл… боксыг хөрөнгөтний хэрцгий спорт гэж адлаад хаачихсан байх нь тэр.

Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаад ирсэн хүн цагийн урсгал дагаж хөвөхийг хүссэнгүй. Эрслэн босов. Боксыг дахин сэргээх ажилд ханцуй шамлан оров. Боксын мөн чанар, бокс тоглохын ач тус, монгол залуус богино хугацаанд амжилт гаргах ямар боломж байгааг удирдах хүмүүст ярьж, таниулж, тайлбарлаж, боксыг хөгжүүлэх боломж бололцоогоор хангаж өгөхийг дээд газарт уламжилж, шаргуу хөөцөлдөж, “хаасан спортыг нээх гэлээ” гэсэн эсэргүүцлийн үгээр бөмбөгдүүлж, мундахгүй их саад тотгортой тулгарсан ч цуцаж няцсангүй.

Нэг л сайхан нартай өдөр төв хорооны Б.Лхамсүрэн даргаас зөвшөөрсөн хариу сонсч, магнайгаа хагартал баярлаж, тэр эрчээрээ боксын анхны төв дугуйланг байгуулж, өөрөө Биеийн тамир, спортын хорооны улсын дасгалжуулагчаар томилогдов. Бокст дуртай залуусыг дэмжиж, энд тэндгүй дугуйлан хичээллүүлэв.

Октябрийн баярын, Майн баярын… нэрэмжит тэмцээнүүдийг ар араас нь олноор зохиож, бүх аймаг руу явж, шинэ залуу тамирчдаар “цус сэлбэв”. Бүтэн таван жилийн /1962-1967/ турш “ичээнд” байсан боксын спорт сэрж, сэргэв. Амжилт, ололтын ургац ч хурааж эхлэв.  Жаран найман онд Ереван хотноо болсон олон улсын тэмцээнээс П.Ядамжав анхны хүрэл медаль хүртэв. Далан онд Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/ Монголын боксын холбоог  гишүүнээрээ бүртгэж, Олзот холбоогоо төлөөлөн үг хэлж байв. Далан нэгэн онд Ираны Тегеран хотноо Азийн аваргын алтан медалийг Х.Алтанхуяг Монголын тамирчдаас анхлан зүүж, Д.Баяр, Г.Зориг нар мөнгө, Н.Цэнд-Аюуш, Д.Батсуурь нар хүрэл медалиар энгэрээ мялаав. 

Тэр жил буюу 1971 онд Монголын боксын спортын түүхэнд нэгэн шинэ “шан татаж” анхны гавьяат дасгалжуулагч төрсөн нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, улсын долоон удаагийн аварга, “Буревестник” тэмцээний аварга Бумуудэнгээгийн Олзот байлаа.

ҮНЭНДЭЭ, Монголын боксын их шинэчлэлийн “үр хөрөнгө”-ийг тээж ирсэн тэрбээр өвлийн өглөө цээж нүцгэн гүйж, мөстэй алчуураар биеэ арчин чийрэгжиж, айлын түлээ модыг хагалж, чулуу тэврэн Туулын урсгалыг сөрж хатуужихаас өгсүүлээд бүхнийг өөрөө магнайлан галын тэргүүн шугаманд давшиж, цаг ямагт шавь нараа үлгэрлэн дагуулагч их бахархал нь байж.

ҮНЭНДЭЭ, Монголын боксын бүхэл бүтэн дэг сургуулийг бий болгосон тэрбээр тамирчдынхаа бэлтгэлийг хангахын тулд цохилт засах лап барьж, гартаа 120-420 кг-ын жингийн цохилттой, дөчөөд хүнээр хэдэн цаг гөвшүүлж, хоёр гар нь мэдээ алдан мөр нь янгинаж, нойр муутай хонодог байсан ч ажлынхаа завсар чөлөөгөөр “Боксын тэмцээний дүрэм”, “Боксын спортоор хичээлэцгээе” ном бичиж, үе үеийнхний чиг зүгийг заагч алтан гадас нь байж. 

Х.Алтанхуяг, Б.Мишигдорж, С.Гомбо, Б.Ганбат, Г.Зориг, Д.Банди, В.Батбаяр, Г.Батбилэг, Г.Оюунболд, Р.Отгонбаяр, В.Баясгалан… ер хэчнээнийг ч нэрлэж болох. Тэд цөм Олзот гавьяатын үе үеийн шавь нар.

Бокс.. боксчдынхоо төлөө дуугарсан үг, буулгасан нударга нь шүүмж сонсох дургүй эрх мэдэлт албан тушаалтанд “ахдан” буруудаж, Ганцхудагт 42 насандаа 42 хоног хоригдож, намаасаа хөөгдөн ажлаасаа халагдаж, хөлс ханхалсан бэлтгэлийн умгар өрөө, хайртай олон шавь, ижилдэж дассан нөхдөө бусдын эрхээр орхисон ч цаст уулын “догшин арслан” цагаасаа өмнө шоргоолжинд баригдсангүй…

Нийслэлийн арван жилийн 34 дүгээр сургуульд багшилж, охидыг боксоор хичээллүүлж үзэв. Монголд мэргэжлийн бокс хөгжих эх суурийг тавьж, Мэргэжлийн боксын  холбоо байгуулаад шавьдаа хүлээлгэн өгөв.

Өөрийнх нь нэрэмжит өсвөрийн боксчдын тэмцээн зохиогдсоноор шавь нарынх нь шавь нар тив, дэлхий, олимпийн дэвжээнд өрсөлдөж эхлэв.

…Домогт “догшин арслан” өдгөө энхжингийн орноо завилан буй. “Догшин арслан”-гийн бий болгосон дэг сургууль, заасан чиг зүгийг алдалгүй дагаж гэмээнэ дэлхийн боксын их өргөө Монголын боксчдыг хүлээж буй. Тэнд, тэр өргөөний хойморт Монголын “ширэн бээлийтнүүд”-ийн завилах зай буй.

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

“Монголын цуут” номоос

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж