-Аравхан доллар хүүхдээсээ харамлаж байхаар авлига авахаа, төсвөө хулгайлахаа л больчих л доо, улстөрчид өө-
Эдийн засгийн хямралаар далимдуулан төсвийн хөрөнгийг хэмнэх үүднээс халамжийн мөнгийг танах төрийн бодлогод хамгийн түрүүнд хүүхдүүд өртөв. Шальтай ч мөнгө биш л дээ, ердөө сард өгдөг 10 доллараа харамлаж, амьжиргааны төвшингөөр нь ялгаварлахаар шийдсэн Ч.Сайханбилэгийн ганц “томорч”, халаасанд ордог мөнгийг нь булааж чадах нь сонгуульд санал өгөх эрхгүй хүүхдүүд байжээ гэлтэй.
Ядаж л сайд нар нь төсвийн хулгай, авлига хоёроо зогсоочихвол арван доллар байтугай харамласнаас илүү ашигтай гарах юм шүү дээ. Аравхан доллар хүүхдээсээ харамлаж байхаар авлига авахаа, төсвөө хулгайлахаа л больчих л доо, улстөрчид өө.
“Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг” гэж гарч ирсэн Шийдлийн засагт төсвийг хэмнэх үүнээс өөр шилдэг арга олдоогүй бололтой. Наанаа төрийн тансаг хэрэглээг хумина гэсэн засгийн бодлого үнэндээ цаанаа сайд дарга нарт хүрч үйлчилж чадахгүй байгаа шүү дээ. Танхимын сайд нь газар дээрээ авлига авч байгаад л баригдаж байна.
Ядаж л сайд нар нь төсвийн хулгай, авлига хоёроо зогсоочихвол арван доллар байтугай харамласнаас илүү ашигтай гарах болов уу.
Аравхан доллар хүүхдээсээ харамлаж байхаар авлига авахаа, төсвөө хулгайлахаа л больчих л доо, улстөрчид өө.
Хүүхдүүд сонгуульд оролцдоггүй. Тийм ч болохоор тэд автобусанд мөнгөө төлөөд явах ёстой. Тийм болохоор тэдний мөнгийг төр булаах “эрхтэй” бололтой. Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд хүүхдийг үндэс угсаа, язгуур гарал, арьс өнгөөр нь ялгаварлахгүй гэсэн заалт бий.
Эрх баригч АН-ын гаргасан энэ шийдвэр бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөнөөсөө мөн.
МАН-ынхан талбай дээр хар хайрцаг шатааж байхаар хүүхдээс 10 доллар харамласан АН-ын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөд цэвэрхэн бөгөөд гоё улс төр хийж болохоор байгаа. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний хувиар эрх баригчдын рейтингийг унагааж, ирэх сонгуульд оноо цугуулъя гэвэл энэ асуудлаар МАН Цэцэд хандаж болно шүү дээ. Тэгсэн тохиолдолд эрх баригч АН-ын гаргасан шийдвэр Цэц дээр унана гэдэгт мөрийцсөн ч болно.
Арван доллар хүүхдээс харамласан эрх баригчдын шийдвэр эцэстээ авлига авах, өгөх асуудал болж хувирав.
Амьжиргааны 1-17 бүлэгт нь багтах өрх бараг байхгүй, зарим нь хороо хориныхоо Засаг дарга, нийгмийн ажилтанг авлигадах юм уу ар өврийн хаалга, танил талаа ашиглаж амьжиргааны төвшин бага гэсэн тодорхойлолт авах болсон гэх яриа ч байна. Нийслэлийн зарим нэг хороон дээр өрхийн амьжиргааны төвшинг бууруулж, хариуд нь авлига авах явдал ч гарч байгаа аж.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Монгол Улсын айл өрхийг амьжиргааны 1-20 бүлэгт хуваахаар болсон. Амьжиргааны төвшинг тодорхойлох энэ аргачлал дунд ,доод шатны төрийн албан хаагчдад авлига авах сайхан далим болж байгааг энэ дашрамд дуулгачихад гэмгүй биз.
С.Эрдэнэ сайдын хийж байгаа энэ ажил иргэдэд ямархуу дарамт, хүнд суртал чирэгдэл авчирч байгааг захын нэг хороо, хориноор ороод мэдчихэж болно.
Хүүхдийн мөнгө авах гэсэн аав ээжүүд сум, хорооныхоо ажилтнуудад авлига өгч байгаа бол 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээл хэрэгжих үед ахин нэг авлига авах шалтгаан бүрдэхээр байна. Учир нь, өнгөрсөн долдугаар сарын 7-ны өдрийн 296 тоот тогтоолоор батлагдсан журамд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд баталгаа гаргахаар заажээ. Энэ бүлэгт багтахын тулд сум, хорооны нийгмийн халамжийн асуудал хариуцсан байцаагчаа бас л авлигадах хэрэг гарч болзошгүй юм.
Иймээс иргэдээ амьжиргааны төвшингөөр нь ялгаварлаж, авлига авч, өгөх нөхцөл үүсгээд байгаа аргачлалаа больчихвол яасан юм бэ.
Эцэс нь хэлэхэд төсвөөсөө хэдэн тэрбум, хэдэн зуун саяар нь идэхээ Монголын улстөрчид минь больчих л доо. Тэгвэл хүүхдүүдэд өгөх 10 доллар өлхөн гараад ирнэ шүү дээ
Ж.ЭРХЭС