Суннитын орнууд Ирантай харилцаагаа тасалжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Суннитын орнууд Ирантай харилцаагаа тасалжээ

 

Саудын Араб исламын шашны шийт урсгалын номлогч Нимр аль-Нимрийг цаазалснаас үүдэн Ирантай хагарал үүсээд байна. Саудын Араб терроризмын хэрэгт буруутган 47 хүнийг цаазаар авсан юм. Ойрхи-Дорнодын хүчирхэг хоёр орны дунд зөрчил үүссэн нь олон улсыг хагаралд хүргэж байна.

 

Ойрхи-Дорнод болон Африкийн суннит орнууд Саудын Арабын талд орж, Ирантай дипломат харилцаагаа таслах, бууруулах зэрэг арга хэмжээ авчээ. Бахрейн өчигдөр /I.4/ Ирантай дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн бол Арабын Нэгдсэн Эмират улс Тегеранаас элчин сайдаа татаж, Иранд байрлах дипломатуудын тоог бууруулсан аж. Түүнчлэн Африкийн Судан улс Иранаас элчин сайдаа Тегеранаас эргүүлэн татаж, Ираны дипломатуудыг нутгаасаа хөөсөн байна. Гэхдээ АНУ болон Турк зэрэг орнууд Саудын Араб, Иран хоёрыг тайвширч, ойлголцохыг ятгаж байна. Мөн Ираны холбоотон ОХУ, Хятадын зүгээс энэ асуудалд төвийг сахиж, бүс нутгийг хамарсан хямрал, зөрчлөөс сэрэмжлэхийг уриалжээ.

 

Шийт номлогчийг цаазалснаас хэдхэн цагийн дараа Тегеран дахь Саудын Арабын элчин сайдын яам руу жагсагчид халдаж, галдан шатаасан юм. Энэ хэргийн дараа Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасалж, иргэдээ эргүүлэн татжээ. Түүнчлэн Саудын Араб Ирантай хоёр талын онгоцны нислэгээ зогсоож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Тегераныг буруутгасан захидал илгээсэн байна.

 

 

Саудын Араб болон Иран улсууд олон улсын бусад асуудалд эсрэг байр суурьтай дээр шийт номлогчийн хэрэг зөрчил үүсгэжээ. Саудын Араб, Иран нь хоёул исламын шашинт орнууд боловч суннит ба шийт урсгалыг баримталдгаараа эсрэгцдэг аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж