Эквадор газрын тосны компаниудыг заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Эквадор газрын тосны компаниудыг заналхийлж байна

Эквадорын Засгийн газар тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын газрын тосны компаниуд хэрвээ төрийн хяналтыг эсэргүүцсээр байх юм бол орд газруудыг нь төрийн мэдэлд авах болно гэж заналхийллээ гэж “BBC” агентлаг мэдээллээ. Тус улсын ерөнхийлөгч Rafael Correa “Өдөр бүр улсад орох ёстой олон сая ам.доллар газрын тосны компаниуд руу орж байна” гэж мэдэгдсэн. Эквадорын Засгийн газар гадаадын газрын тосны компаниудыг концессын гэрээнээсээ татгалзаж оронд нь үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахыг шахаж байгаа юм. Эквадорт Испани, Бразил, Хятад, Италийн газрын тосны компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Бямба гаригт Эквадорын зурагтаар өгсөн ярилцлагынхаа үеэр ерөнхийлөгч Correa “Өдөр бүр, Эквадорын төрд орох ёстой олон сая доллар эдгээр компаниуд руу орж байна. Миний тэсвэр алдагдаж байна. Хэрвээ эдгээр компаниуд шинэ гэрээ байгуулахыг хүсэхгүй байгаа бол бид газрын тосны компаниудын олборлож буй ордыг төрийн мэдэлд авахыг зөвшөөрсөн хуулийн төслийг Конгресст оруулах болно. Газрын тосны компаниуд биднээр даажигнаж, тоглож байна. Ойрын хэдэн долоо хоногт эрс арга хэмжээ авах болно. Манай эх орныг хууль бусаар ашиглаж байгаа тул эдгээр компаниудын эрх ашгийг бодох шаардлагагүй” гэж ярьсан байна. Эквадорд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд дотор Хятадын “Andes Petrolium”, Бразилийн “Petrobras” болон Испани, Аргентины хөрөнгө орууулалттай “Repsol-YPF” орж байна.  

2008 онд ноён Correa Эквадорын гадаад өр 3.2 тэрбум ам.долларыг төлөхийг зогсоож, “хууль бус” хэмээгээд олон улсын зээлдэгчдийг нь “мангасууд” гэж нэрлэж байсан. Эквадор газрын тосны олборлолтоороо Латин Америкт тавд ордог газрын тосны том экспортлогч хэдий ч Дэлхийн банкны тооцоогоор 13.4 сая хүн амынх нь 56 орчим хувь ядуурлын төвшинд амьдарч байна.  Ялангуяа уулархаг нутагт амьдардаг малчин, фермер уугуул Эквадорчуудын 80 гаруй хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой амь зууж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж