Ипотекийн зээлийн хүү буурах нөхцөл бүрджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн хүү буурах нөхцөл бүрджээ

УИХ-ын дарга З.Энхболд оны өмнө “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтэд оролцохдоо орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг одоогийнхоос ч багасгах боломжтойг мэдэгдсэн. Мөн “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “УИХ ипотекийн найман хувийн зээлийн асуудлыг энэ сардаа шийдвэрлэнэ” гэж амлалаа. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс болж байранд орж чадах эсэхдээ эргэлзэж байсан хүмүүст энэ мэдээлэл чимэгтэй байгаа нь гарцаагүй. Найман хувийн зээл үргэлжлэхээс гадна хүү нь буурах нь тодорхой болжээ. Ипотекийн зээлтэй холбоотой Цэцийн шийдвэрээс болж банкууд зээлээ зогсоосон нь асар их хор хөнөөлтэй байгаа нь ойлгомжтой.Тиймээс дахиж Цэц хуулийг хэлэлцэхдээ Үндсэн хуульд нийцүүлнэ гэхээсээ иргэдийнхээ аж амьдралтай яаж холбогдож байгаа, ямар хор хөнөөл, ашиг тус байгааг эн тэргүүнд харах шаардлагатай гэдэг нь энэ өдрүүдэд харагдлаа. Гэхдээ энэ асуудал боссоноор хүн бүрийн анхааралд найман хувийн хүүтэй орон сууцнызээлийн хүүг дахин бууруулах боломж байгааг олж харав. УИХ-ын дарга З.Энхболд ч амласан. Одооноос л олон хүний итгэл найдвар эргэн сэргэх шиг боллоо.

Харин хүү нь хэд рүү уруудах вэ гэдэг нь зээл олгогдох эсэхээс ч илүүтэй анхаарал татаж байгаа юм. УИХ-ын дарга “Зээлийн хүү бууруулах боломж сүүлийн 25 жилд анх удаа бүрдлээ” гэж. Тэрбээр “…Яагаад бид зээлийн хүүг бууруулж чадахгүй 25 жил явсан бэ гэхээр инфляци гэдэг зүйл үргэлж хоёр оронтой тоонд байсан. Энэ жил анх удаа 3.5, гурван хувь руу орж байна. Тэгэхээр бид Монголбанкны бодлогын хүүг хоёр оронтой биш, нэг оронтой тоо руу оруулж болж байна. Монголбанкны бодлогын хүү буурна гэхээр хадгаламжийн хүү буурна. Зээлийн хүү буурахын нөгөө талд үргэлж хадгаламжийн хүүгийн бууралт явна. Хэдийгээр найман хувийн зээл эхлэх үед инфляци 14 хувьтай байсан ч инфляциас доогуур хувьтай зээлийн хүү бодлогоор гаргаж Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хоёр дахь зах зээлээс моргейжийн бондыг худалдаж авсан. Гэхдээ зориуд бага хүүгээр авсан. Тэрний хүчинд найман хувийн хүүтэй зээл эхэлсэн. Ажлын эхлэл маш сайн байгаа. 76 мянган иргэн байртай болж байна. 77 мянган монгол барилгачин ажиллаж байна” гэжээ.

Орон сууцны зээл хүсэгчдэд ямар боломж бүрдэх вэ. Орон сууцны зээл хүсэгчид одоогийнхоос ч өснө гэсэн таамгыг банкныхан тавьж байна. Зээлийн хүү уруудах тутам сард төлөх мөнгөний хэмжээ нь багасна. 70 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай найман хувийн хүүтэй зээлэхэд сард 550 орчим мянган төгрөг төлнө. Энэ хүү буурч зургаан хувь болоход сард төлөх мөнгө нь 30-40 мянгаар буураад эхэлнэ. Тэр хэрээр зээлийн шалгуур, босго нам болно гэсэн үг. Өдгөө ийм хэмжээний мөнгө зээлэх бол 1.5 сая төгрөгийн орлоготой байх шаардлагыг банк тавьж байгаа. Тэгвэл зээлийн хүү зургаа болж буурвал орлогын босго нэг сая төгрөг болж дагаж буурна гэсэн үг. Энэ нь иргэдэд таатай нөхцлийг бүрдүүлж байгаа хэрэг.

Энэ бүхнээс харахад орон сууцны зээлийн хүү зургаан хувь болж буурах бүх нөхцөл нь бүрджээ. Эдийн засагт, банкны салбарт, барилгынханд, иргэдэд импотекийн зээл бага хүүтэй үргэлжлэх нь хамгийн зөв төдийгүй, ашигтай гарц болж байна. Нөхцөл нь хангалттай бүрдсэн гэсэн үг. Одоо зөвхөн хууль эрх зүйн орчин дутагдаж байгаа хэрэг. УИХ-ын даргын амласнаар сар шинээс өмнө хуулийн орчин бүрдэж ипотекийн бага хүүтэй зургаан хувийн зээл хэрэгжиж эхэлбэл иргэдийн нуруун дээрх ачаа бага ч болов хөнгөрнө.

Дуулгах бас нэгэн таатай мэдээлэл байгаа нь ипотекийн зээлийн төрөл нэмэгдэх. Юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа ажилтай, тогтмол орлоготой, бараг банкнаас зээл авах шаардлагагүй байж зээл авах шалгуурыг бүрдүүлдэг. Тэгвэл ипотекийн зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгаж чадвал тэтгэврийн, цалингийн гэх мэтээр орлоготой иргэн бүрт зориулсан төрөл бүрийн моргейжийн зээл гарах юм байна.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж