Шатрын спортын “Мончесс” клубээс санаачлан “Оюуны ундраа” шатрын их наадам зохион байгуулах гэж буйтай холбогдуулан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. “Нэмэх трейд” компанийн харьяа Хөвсгөл аймагт байрлах “Галт халуун ус” рашаан сувиллын газар ивээн тэтгэж буй шилдэг их мастеруудын тэмцээнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас цувралаар зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн оюуны спортын наадам зургадугаар сарын 22-25-нд Хөвсгөл аймагт болох ажээ. Финалын гэж хэлж болох их наадмыг рейтинг өндөртэй, шилдэг шатарчдын, хүүхдийн, шатар сонирхогчдын гэсэн гурван ангиллаар зохион байгуулах юм байна. Наадмын үеэр шатар сонирхогчид үдэш бүр шатрын их мастеруудтай тоглох боломжтой аж. Зохион байгуулагчдын зүгээс цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хүрээг нь тэлэн, олон улсын нээлттэй тэмцээн, шатрын их наадам болгох зорилготой байгаагаа хэлэв.
Г.Даша