Улсын онцгой комисс энэ оны анхны хуралдааныг хийлээ. Энэ удаад өвөлжилтийн талаарх мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцуулсан. Үүний дараа Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгсөн юм.
Нийт 50 сумд цагаан зудтай байна
Улсын онцгой комиссын гишүүд 2015 оны арванхоёрдугаар сарын 16-28-ны өдрүүдэд 21 аймгийн 95 суманд ажилласан байна.
Одоогоор 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байна. Тиймээс Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 6560 тонн өвсийг үнэ төлбөргүй, 2678 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болжээ. Түүнчлэн 20 аймгийн 120 сум цагаан зудархуу, 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Хэрэв энэ сард нэмж цас орохгүй бол эрсдэл буурна гэлээ. Гэсэн ч аймаг орон нутгийн удирдлагуудад шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгожээ.
Энэ сард зудын эрсдэл бага байна
Мөн зудыг аюул багатай даван туулах үүднээс Онцгой байдлын ерөнхий газраас авч байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал танилцуулга хийлээ.
Тэрбээр зудын аюулыг хүндрүүлэхгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгааг мэдээллийн эхэнд онцолсон юм. Нэгдүгээр сарыг дуустал аймаг орон нутгийн онцгой комисс өвс тэжээл тараах, зам давааны хаагдсан боогдсон хэсгийн нээх, чиглэлээр арга хэмжээ авч ажиллана. Харин хоёрдугаар сараас төсөв мөнгөний асуудалтай болохыг анхааруулсан юм. Одоогоор аймаг орон нутагт өвсны пондтой болсон. Энэхүү фондоос зуд нүүрлээд байгаа сумдад өвс хүргэж эхэлсэн байна.
Мөн 480-р тогтоолын хүрээнд улсын нөөцөөс 10 авто машин гаргаж, машин техник шаардлагатай байгаа сумдад тусламж хэлбэрээр олгохоор болжээ. Үүний гурвийг нь цагдаагийн байгууллагад, гурвыг нь онцгой байдлынханд, дөрвийг нь эрүүл мэндийн салбарт хуваарилсан байна.
Т.ДАВААНЯМ