УИХ-ын гишүүн, Боловсрол, соёлын сайд асан Ц.Оюунгэрэл ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийджээ. Ингэх болсон шалтгаан нь гадаадын зах зээлд монгол ном гаргах болсонтой холбоотой аж. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “2016-д хэдхэн хоног үлдэж.Гадаад зах зээлд монгол номыг гаргасан шиг гаргаж үзье гэсэн амбиц маань 2016-д улс төрөөс завсарлах шийдвэрт хүргэж байна” хэмээн жиргэсэн байна.
Түүний энэ жиргээнээс үүдсэн “сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үг үү” гэсэн асуултад тэрээр “тийм” хэмээн товчхон хариулт өгсөн байна.
Өмнө нь “Ногоон нүдэн лам” зохиолоо хэвлүүлж бестселлер болгосон түүний тухай утга зохиолынхны дунд үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа бий. Түүний нэг нь Ц.Оюунгэрэлийг өөрийнхөө номыг өөр хүмүүсээр авхуулж бестселлер болгодог гэх хардлага байдаг.
Нөгөөтэйгүүр сайд хийж байхдаа бүтээл, туурвилаа хэвлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг хүссэн эрдэмтэн, зохиолч нарт “Би өөрөө ном бичиж чадна. Яагаад таны номыг хэвлүүлэх ёстой юм” гэж амыг тагладаг тухай ч чих дэлсэх нь бий.
Ямартай ч тэрээр өөрийн номоо гадаадад гаргахаар эргэлт, буцалтгүй шийдсэн бололтой.
Л.ХАЛИУ