Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Л.СИЛВА: Б.ОБАМА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСНООР ДЭЛХИЙ ДАХИНД НЭГ ТОМ ХУВЬСГАЛ ГАРСАН


Бразилийн Ерөнхийлөгч асан Луйз Инасио Лула да Силвагийн “Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр Бразилийн Ерөнхийлөгчийн албыг найман жил хашсаны эцэст өнгөрсөн онд албан тушаалаасаа буусан билээ.

-Та найман жилийн турш Бразилийн Ерөнхийлөгчөөр ажил­ласан. Энэ хугацаанд эх оронд чинь ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид Бразилийн төр засаг тогтвортой байхад нөлөөлсөн олон хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бүхий л хүчин чадлаараа ажиллаж чадсан гэсэн үг юм. Би нэг зүйлийг маш буруу гэж боддог. Бразилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнээс дэд бүтцийн томоохон ажил өрнүүлж, байгаль орчинг хамгаалах гэх зэрэг олон том зүйлийг амлахыг шаарддаг. Гэтэл тухайн хүн сонгуульт хугацаандаа энэ бүхнийг амжуулж чаддаггүй. Би ганц жишээ хэлье. Бразилийн Пицимийн эргээс Пернамбуко хүр­тэлх газарт 1720 км урт төмөр зам тавьж, түүгээр эрдэнэ шиш, төмрийн хүдэр тээвэрлэх болсон. Энэ ажлыг хийхийн тулд Бразилийн Сангийн яам, Үндэсний хөгжлийн банктай хамтран хоёр жилийг зарцуулсан.

-Тэр төсөл яагаад өмнө нь бүтэлгүйтдэг байсан юм бэ?

-Уг нь энэ төмөр замын барилгын явц санхүүжилтгүйн улмаас зогс­чихоод байсан юм. Ер нь аливаа төслийн ажил дуусангуут түүнтэй холбоотой өөр нэг асуудал гараад ирдэг. Зөвхөн энэ төмөр замын ажлын тухайд гэхэд өмнөх таван жилийн турш “Төсөл бэлэн. Бүх асуудал шийдэгдсэн. Мөнгө байна. Байгаль орчинд аюулгүй. Хууль зөрчөөгүй. Одоо ажлаа эхлэе” гэж ярьж суусан. Эцэст нь ажлаа гүйцээхийн тулд хоёр жил зарцуулсан. Ер нь аль ч орны төр засаг ийм байдалтай ажилладаг. Ингэхээс ч өөр аргагүй. Бразилийн Бэло Монтегийн гидро үйлдвэрийг байгуулах ажил маш удаан сунжирсан жишээ ч бий.

-Ер нь Бразилийг шинэлчлэх хэцүү юү. Иймэрхүү олон нийтийг хамарсан томоохон төслийг хэ­рэгжүүлэхэд хүндрэл учирдгаас харахад тийм юм шиг санагдлаа?

-Мэдээж хэрэг, тийм. Бразиль улс бүхэл бүтэн 25 жилийн турш дэд бүтцээ огт хөгжүүлээгүй. Ямар ч төсөл эхлүүлээгүй. Хамгийн сүүлд 1974 онд Жисилийн Засгийн газрын үеийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцээ босгож байсан. Өмнө нь бодлогын хүү гурван хувьтай байхад Бразилийн Засгийн газрын өрийг ам.доллараар тооцож байлаа. Харин АНУ-ын төсвийн алдагдлын хэмжээг зохих түвшинд нь аваачихын тулд Паул Волкер бодлоыг хүүг 21 хувьд хүргэж, Бразилийн төр хэзээ ч өрөө төлж чадахгүй хэмжээнд хүргэсэн. Тэр өрөө төлөхийн тулд дараагийн 20 жилийг зарцуулсан. Ингээд дэд бүтцийн салбарт ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй байсаар хагас зуун жил өнгөрчихсөн. Дөнгөж 1989 оноос эхлээд Бразиль улс 50 мянга гаруй инженер бэлтгэн гаргах зорилт тавьсан.

-Харин та энэ бүгдийг өөрчилж чадсан уу?

-Намайг засгийн эрхэнд гарах үед ердөө найман мянган инженер их сургууль төгссөн байлаа. Их сургуулиуд инженер бэлтгэх со­нирхолгүй байсан. Төгсч гарсан инженерүүд нь мэргэжлээрээ ажил­лахаас илүү санхүүч болох нь элбэг байв. Харин миний үед энэ бүхнийг өөрчилж чадсан. Үүний ачаар Бразилийн үйлдвэрүүдэд ажиллагсадын тоо нэмэгдэж, дэд бүтцээ хөгжүүлэх боломжтой болсон юм. Товчхондоо бид томоохон асуудлуудаа шийдэж чадсан. Бра­зильд бизнесийн таатай орчин бий болсон. Үүнээс өмнө бизнесмэнүүд Бразилиас хөрөнгөө татаж, Латин Америкийн бусад орныг сонирхдог болчихоод байсан юм. Харин одоо бүгд өөрчлөгдсөн.

-Тэгэхээр та Бразилийн дэд бүтцийг шинэчилж чаджээ. Харин бусад өөрчлөлтийн тухайд юу хэлэх вэ. Өмнө нь та 2006 онд дараагийн сонгуульт хугацаандаа татвар, улс төр, ажиллах хүчний зах зээлд шинэчлэл хийнэ гэж амлаж байсан. Гэхдээ эдгээр зүйлсийн хувьд өнөөдөр өөрчлөгдсөн зүйл алга байх шиг. Энэ нь Бразилийн эдийн засгийн өсөлт хурдассантай холбоотой юу?

-Үгүй. Би амлаж байсан тэр бүх шинэчлэлийг хийж чадаагүй явдал нь Бразилийн парламентын тогтолцоотой холбоотой. Энд Конгрессын эрх мэдэл их байдаг. Би анх Бразилийн Ерөнхийлөгчийн албыг 2003 оны нэгдүгээр сард авч байв. Түүнийхээ дараахан буюу дөрөвдүгээр сард нь татварын шинэчлэл хийхэд чиглэсэн хуулийн төслийг Конгресс руу оруулсан. Түүний зарим хэсэг, бүр тодруулбал, холбооны татварын тухай хэсэг нь дэмжигдсэн. Яагаад гэвэл аль ч орны төр засаг өөрөө татварын тогтолцоогоо шинэчилж, өөрийн гэсэн татварын бодлоготой байхыг хүсдэг. Аль ч орны Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрээ алдахыг хичээдэггүй. Дараа нь би Ерөнхийлөгчийн хоёр дахь сонгуулийн хугацаандаа татварын шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэд хэдэн удаа сөхөж гаргаж ирж байсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Тиймээс Бразильд энэ асуудлыг шийдэх маш хэцүү байдаг нь харагдаж байна.

-Харин улс төрийн шинэч­лэлийн тухайд та юу хэлэх вэ?

-Улс төрийн шинэчлэл хийх нь Ерөнхийлөгчийн үүрэг биш. Гэхдээ би үүнтэй холбоотой хуулийн төсөл Конгресст оруулж л байлаа. Энэ бүхний эцэст би юу хэлэх гээд байна вэ гэхээр маш их зүйлийг хийж бүтээхэд найман жил гэдэг хэтэрхий хангалтгүй хугацаа. Ту­хайн үед Конгресс миний хуулийн төслийг батлаагүй. Тэгэхэд нь би “Сонгуульт хугацаа минь дууссаны дараа нам байгуулж, түүнийгээ бүр эхнээс нь өөрчлөн шинэчилнэ” гэж өөртөө амлаж байсан. Харин өнөөдөр Бразильд намын хүч нөлөө суларчихаад байна. Харин иргэн бүр, муж бүр бие даасан субъект болж чаджээ.

-Бразиль улс өнөөдөр газрын тосны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна. Бараг л газрын тосны нийслэл болчихлоо. Түүхий эд олборлох шинэ хуулиуд ч гарсан. Гэхдээ өнгөрсөн онд Мексикийн буланд гарсан ослоос ямар нэгэн сургамж авч, энэ салбарт илүү анхаарал хандуулах хэрэгтэй юу?

-Мексикийн буланд болсон хэргийн хариуцлагыг тэнд олборлолт хийж байсан компани хүлээсэн. Үүнээс миний ойлгож авсан зүйл бол Бразильд хямд гэгдэж байгаа зүйлс үнэн хэрэгтээ маш өндөр өртөгтэй байгаа явдал. Газрын тосыг аль болох бага үнээр үйлдвэрлэж, богино хугацаанд зах зээл рүү нийлүүлэхийг оролдож байна. Гэтэл хамгийн наад захын аюулгүйн шаардлагуудыг хангаж чадахгүй бол энэ бүх санаа ямар ч хэрэггүй болж байгаа юм. Мексикийн булангийн хэрэг явдлын дараа Бразиль дахь олборлолтын ажлыг улам илүү хатуу хянах болсон. Шинээр боловсруулах гурван үйлдвэр байгуулсан нь газрын тосны баялаг бол Бразилийн ард түмний өмч гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Эзэн нь юмаа мэдэж, өмчөө зарж худалдах эрхтэй. Харин энэ бүхнийг төр зохион байгуулж ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд Бразиль улс олон улсын харилцааны гол тоглогчдын нэг болж эхэллээ. Бразиль улс баруун болон өм­нөдийн орнуудаас илүү хүчирхэг байж чадах болов уу. Эсвэл энэ хоёр хэсгийн аль нэгийг нь дэмжихээр сонгох уу?

-Бразилийн хүн ам, газар нутгийн хэмжээ их учир угаасаа том хүч нөлөөтэй орон. Миний бодлоор дэлхийн Засгийн газар гэгддэг НҮБ-д шинэчлэл хийх шаардлагатай. Хүйтэн дайн дуусч, геополитикийн өрсөлдөөн өөрчлөгдөж, улс орнууд, дэлхий дахин тэр чигтээ өөрчлөгдөж байна. Гэтэл НҮБ-ын Аюулгүйн зөлөлийн гишүүн орнуудыг аль 60 жилийн өмнө сонгосон шүү дээ. Улс орныхоо хэмжээг бодоод үзэхэд Бразиль яагаад Аюулгүйн зөвлөлд багтаж болохгүй гэж. Африк тивийн төлөөлөл ч энд багтах ёстой. Яагаад Энэтхэг, Япон, Герман энд нэгдэж болохгүй байна вэ. Энэ бүхнээс дүгнээд үзэхэд НҮБ-д улс орнууд харилцан тэгш эрхтэй байж чадахгүй байна.

Жишээлбэл, би Ойрхи Дорнодод энх тайван тогтоно гэж итгэхгүй байна. Ядаж л дэлхийн улс төр, эдийн засгийн төв нь АНУ хэвээр байгаа цагт шүү дээ.

-Бразилийн гадаад бодлогын талаарх шүүмжлэл үе үе гардаг. Бразиль улс Барак Обама гэхээс илүү авторитари дэглэмтэй орнуудтай нягт харилцаатай байдаг. Гэтэл Б.Обама бол АНУ-ын Ерөнхийлөгч. Тийм учраас дэлхийн улс тө­рийн бодлогын чиг хандлагыг тодорхойлж байгаа  хүн гэж болно. Гэтэл Бразиль улс хүний эрхийг хангадаг, ардчиллын жишиг орон байж чадах уу. Та Уго Чавесыг хэзээ ч шүүмжилж байгаагүй. Ф.Кастро, Ахмадинжадтай найзууд. Тэгэхээр энэ тухай юу гэж хэлэх вэ?

-Дайсан гэж нэрлээд байгаа тэр хүмүүсийн оролцоогүйгээр дэлхий дахинд энх тайван тогтохгүй. Би 2003 онд албан тушаалаа авсныхаа дараахан Эквадорын Ерөнхийлөгчтэй уулзсан. Мөн У.Чавес, Ф.Кастротой ч ярилцсан. Тэр үед У.Чавес хүнд байдалд ороод байгаагаа хэлсэн. Энэ бүхний тухай хэн нэгэн ярих л ёстой. Өнөөдөр Сталин, Черчиль, Рузвельтийн үе өнгөрчихөөд байна. Тухайн үед зөвхөн тэр хэд ширээний ард суугаад дэлхийн хувь заяаг шийдчихдэг байж. Гэтэл өнөөдөр илүү олон хүний оролцоотой яригдах болсон. Би Латин Америкийн хамтын нөхөрлөлийн орнуудтай АНУ-г нэгдээсэй гэж хүсдэг. Б.Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн ялалт байгуулахад хамгийн их баярласан хүмүүсийн нэг бол би. Энэ Бразильд Лула, Өмнөд Африкт Н.Мандела ялалт байгуулсантай адил том үйл явдал байсан. Агуу их Америкийг испани хэл мэддэггүй, зөвхөн англиар ярьдаг хүн удирдана гэдэг гайхалтай. Б.Обамаг сонгогдсоны дараа би дэлхий дахинд том хувьсгал гарлаа гэж хэлж байсан юм. Би түүнтэй найз. Бид үргэлж тийм байх болно.

-Латин Америк дахь АНУ-ын нөлөө хэр их вэ?

-Миний бодлоор, АНУ Латин Америкт нөлөөгөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж байж олон асуудлыг шийдвэрлэж чадна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж