Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди өчигдөр зарим албан тушаалтнуудын хамт сэтгүүлчдэд өөрийн салбарын яам, агетлагаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн гол сэдэв нь гадаадад ажиллах хүч илгээх болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж буй ажлын тухай байлаа.
Өмнөд Солонгост хууль ёсоор, болохгүй бол хараар ч болтугай ажиллах сонирхолтой монгол хүн олон. Ямартай ч одоогийн байдлаар тус улсад албан ёсоор 19 мянга 500, хараар 10 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байгаа гэдгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас танилцууллаа. Жил бүр Өмнөд Солонгост ажиллах сонирхолтой залуусыг бүртгэж, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Өнгөрсөн оны хувьд хэлний түвшин тогтоох шалгалтад 3105 хүн тэнцсэн. Гэсэн ч тэднээс 2134 хүнийх нь нэр Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр байршсан аж. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга Ж.Эрдэнэбаатарын хэлж буйгаар хэлний шалгалтад тэнцсэн хэрнээ нэр нь одоог хүртэл тус улсын хөдөлмөрийн бирж рүү шилжээгүй 866 иргэний зарим нь эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй аж. Мөн бичиг, баримтын зөрчилтэй хүн ч байгаа гэнэ. Бас холбогдох мэдээллээ авч чадаагүй, өөрийн хариуцлагагүйгээс болоод явж чадаагүй хүн олон байгаа ажээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж зэрэг байгууллагаас эдгээр иргэдтэй холбоо барьж нэрийг нь Өмнөд Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байршуулах ажлыг зохион байгуулж байгаа гэдгээ өчигдөр танилцуулсан юм.
Хэлний шалгалтад тэнцсэн хэрнээ бусад шалтгаанаар Өмнөд Солонгост ажиллах хууль ёсны боломжийг авч чадаагүй хүний тоо ийнхүү олон байна. Тэгвэл өнгөрсөн жил Солонгос хэлний шалгалтын босго оноо ч авсан 3105 хүний тоонд орж чадаагүй иргэд “Явж чадахгүй, эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй хүний оронд дараагийн хүнийг явуулах боломжтой юу” хэмээх асуудлыг тавьж, зарим нь эсэргүүцэл илэрхийлж байсан билээ. Т.Ганди сайдаас ийм боломж бий эсэхийг тодруулахад “Өмнөд Солонгосын холбогдох хүмүүстэй уулзах үедээ энэ саналыг удаа дараа тавьсан. Гэсэн ч маш товчхон “Боломжгүй” гэсэн хариултыг өгдөг” гэсэн юм. Энэ жилийн хувьд Өмнөд Солонгост ажиллах сонирхолтой ердөө 5000 хүнийг л бүртгэнэ гэдгийг тэрбээр онцолсон. Өнгөрсөн онд хэлний шалгалтад орохоор 14 мянга гаруй иргэн бүртгүүлж байсан юм. Улмаар энэ онд бүртгүүлсэн иргэдийн тал нь тус улсад ажиллах боломжтой болох ажээ. Ерөнхийдөө манай талаас Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах иргэдийн тоог бууруулах бодлого баримталж байгаа гэдгийг салбарын сайд нь онцоллоо.
ЗАСГИЙН ГАЗРААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ
Манай улсад 1995 оноос өмнө тэтгэвэртээ гарсан иргэн, 2000 оноос хойш гарсан иргэний авдаг мөнгөний хэмжээ ихээхэн зөрүүтэй. Энэ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлс, цалингийн үнэлэмж, төгрөгийн ханшаас шууд хамааралтай. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас 2001 оноос өнөөг хүртэлх хугацаанд тэтгэврийн нэмэгдлийг 21 удаа их, бага хэмжээгээр хийсэн гэдгийг танилцуулсан юм. Гэсэн ч олонхи хүн бага хэмжээний тэтгэвэр авдаг хэвээр байна. Нийгмийн даатгалын сангаас энэ онд 302.3 мянган хүнд 360 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр олгохоор төсөвлөсөн. Тэгвэл тэтгэвэр авдаг иргэдийн 181.4 мянга буюу 60 орчим хувь нь хамгийн доод хэмжээгээр нь тэтгэвэр авч байгаа ажээ. Тиймээс тэтгэврийн зөрүүг арилгах явдал зайлшгүй тулгарчээ. Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тэтгэвэр, тэтгэмжийн гурав дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснээ танилцуулж байв. Ямартай ч уг асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлнэ гэдгийг хурлын үеэр онцоллоо.
Энэ жилийн хувьд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд төлөвлөсөн ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг ажилд голлох үүргийг хүлээсэн. Мэдээж үр дүн нь ажлын байрны тоо өнгөрсөн онд хэд байсан, энэ онд хэдээр нэмэгдсэн гэдгээр хэмжигдэнэ. Ямартай ч салбарын яамнаас шинээр 15 мянга 700 хүн байнгын ажлын байртай болсон гэсэн тоог одоогийн байдлаар гаргаад байгаа юм билээ. Харин түр ажлын байраар 12 мянга гаруй хүнийг хангаад байгаа аж. Гэхдээ улирлын чанартай ажлын байрны тоо үүнд ороогүй гэдгийг онцолж байсан юм. Нэг ёсондоо уул уурхай, аялал жуулчлал, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт авсан арга хэмжээ, нэмэгдсэн ажлын байрны мэдээллийг нэгтгэхээр энэ тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөрийн төв биржийн захирал А.Зангадын хэлж буйгаар ажилгүй, ажил идэвхитэй хайж байгаа хүмүүсийн олонхи нь боловсрол, ажлын туршлагаар гологддог аж. Тиймээс боловсон хүчний чадавхигүй байдал ажлын байрыг нэмэгдүүлэх ажилд гол чөдөр болсон хэвээр байна.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин