“Ариун оршихуй ба Үзэгчидийн оюун санаан дахь ханаагүй сублимаци”
Шүүмжлэл гэдэг бол урагшлах замын түүчээ юм
Чинад ахуйн шүтээн болсон “Язгуурт” Улсын Драмын Эрдмийн Театрийн оройн алтан ганжирыг мөргөөд сүйрсэн Бойнг-Бойнг хэмээх бэлгийн хүсэл тачаал тээврэлсэн өрнөдийн нисэх онгоцноос цаг хугацааны үйлчлэгчидын нэгэн ч амьд гарсангүй. Хөшиг нээгдэж хоосон оршихуйн Франц жүжиг тайзнаа амилав. Орчин үеийн гэмээр техникээр тайзны тэмдэгтүүдээ хөнгөн шийдчихсэн нь найруулагчийн заль мэх гэлтэй.
Марк Камолеттийн сублимаци ба О.Ганлхагвын “сулруулмаци”
Бэлгийн дур хүсэлдээ хөтлөгдсөн баян эрийн оюун санаанд ээлж дараалан бууг ч хүүхэн онгоцнууд, жүжгийн гол шугамыг хэт биологчилж, биеийн тачаалалыг эрх мэдэл ямбаар өдөөж дүрүүдээ амилуулсан нь Франц эр Марк Камолеттийн уран бүтээл туурвих үеийн сэтгэл зүйн сублимацийн овоо хараанаас залуу найруулагч О.Ганлхагва гарч чадаагүй учраас түүний хөөрөгсөн СУЛРУУЛМАЦИ хөлгийн ахмад Бернар залуу жүжигчин Г.Ганбат зохиолч, найруулагчийн дур хүслийн хэмжүүрээр өгөгдсөн нөхцөлт дүрийг автоматаар өөрийн оюунд хэсэгчлэн тулгасан нь тайзан дээр жүжиг эхлээд дуусан, дуустал өөрийн дүрийн хувилахуй болох Бернар бус залуу жүжигчин Г.Ганбат өөрөө байх шиг надад санагдлаа. Нөгөөтэйгүүр хүний бэлгийн чиг хандлагыг нэгэн болох садизмын илэрхийлэмжээр өнгөлсөн найруулагчийн ядмаг шийдэл жүжгийн гол санааг үнэхээрийн ХҮДЭН мананд төөрүүлэн үзэгчдийг сублимацид оруулах биш “сулруулмаци”-д оруулчихав уу гэлтэй.
Жишээ нь: Бернар Г.Ганбат “Бурхан”-Мери Г.Анар “Чөтгөр”,
Робер Г.Норовдаян “Ромео” -Марта П.Дайриймаа “Жулетта”,
Бернар Г.Ганбат “Хаан ” -Мишель П.Мягмарсүрэн “Клеопатра” мэө 69 он хатан нарын үзэгдэл хоорондын Секс тоглоом юм. Ариун Театрт хүний язуурын араатанлаг шинжийг ил гарган бэлгийн дур хүслээр илэрхийлж, Театрын уран сайхан, үнэ цэнэ, хорио цээрийн үнэлгээ, урлагийн мөн чанар, хэлбэрийн гоо сайхан, оюун ухаант хүмүүний ухамсрын хэм хэмжүүрийг алдагдуулсан нь онгоц сүйрэхийн гол шалтгаан байв. Театр бол араатанлаг шинжээс хүнийг ангижруулагч оршихуйн ариун газар юм. Тэнд гагцхүү урлагийн үнэ цэнэ дангаар ноёрхож байдаг гэдгийг эрхэм уран бүтээлчид маань хэсэгхэн зуур огоорсон гэмээр, мөнхүү жүжгийнхээ зохиол дахь харилцан яриа диалоги -г хэтэрхий танаж үзэгчдийг хуурсан нь эмгэнэл аж. Монгол хөрсөнд бордож ургуулсан хоосон оршихуйн Франц жүжгийг хэдэн үзэгч таашаалгүй орхин гарч яваа харагдав. Энэ зуур К.С.Станиславскийн “Тайзан дээрхи жүжигчидийн амьд үйл хөдлөлд тохилдох осолтой зүйлийн нэг бол зохиогчын бүтээлд хөнгөмсөг хандах явдал” хэмээсэн нэгэн өгүүлбэр санаанд урган тодров. Хүн амьдрахын тулд, бие болоод хооллох, унтаж амрах, хос биеийн шүтэн барилдлага сэтгэлийн хэрэгцээгээ оюун санааны ариусал хангаж байхаар байгалаас бүтээгдсэн бодгаль юм. Үүний тод жишээ бол Бойнг-Бойнг хэмээх Францын инээдмийн жүжгийг үзэж таашааж УРЛАГИЙН МӨН ЧАНАРТ хэсэгхэн ч болов сэтгэлээ ариусгах гэж саатан сууцгаасан үзэгчид бид амуй. Надад нэгэн хүлээлт бий болов. Хаа нэгтэйгээс нисэн ирэх, хэний ч мэдэхгүй “Язгуурт” Бойнг-Бойнг нисэх онгоц…
“Хүн амьдралынхаа турш цаг хугацаанд үйлчилдэг” гэсэн далд санаа зохиолын өгөгдөлд байсан сан…
Зохиолч Марк Камолетти “Бойнг- Бойнг” инээдмийн жүжгийн “Хүн амьдралынхаа турш цаг хугацаанд үйлчилдэг” гэсэн далд санаагаа ОНГОЦ цаг хугацаа, ҮЙЛЧЛЭГЧ БҮСГҮЙЧҮҮД амьдралын эргэх хүрд, ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ Берта, ЦАГИЙН ЗӨРӨӨ, тэдэнд үйлчилж буй ГОЛ БААТАР Г.Ганбат гэсэн гол түлхүүр дүрт үгсүүд зохиолын өгөгдөлд оршиж байсан авч, уран бүтээлчид маань гурван үзэгслэнтэй бүсгүй явдал дор жүжгийн эхлэл, өрнөл, тайлал, төгсгөлийг бэлгийн чиг хандлага руу мулгуйдан хамаатуулсан нь үнэхээр ёс жудаггүй, эрээ цээргүй мэт санагдаж мөр, мөрөө түшилцэн суугаа нас, насны ялгамжит хүмүүсээс эмээнгүй харцаа мушгиж сууснаа нуух юун билээ. Урлаг судлалын ухааны доктор, Урлагийн гавъяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг багш маань Зохиолч Марк Камолетти “ Бойнг- Бойнг” инээдмийн жүжгийг гайхалтай сайхан орчуулж уншигч түмний хүртээл болгосноос гадна, шууд найруулагчийн зохиолын бэлэн төлөвлөгөө байхаар зохиомжилсон ажгуу. К.С. Станиславский “Найруулагч жүжгийн утга санааг бие даан гаргаж түүний өгөгдсөн нөхцөлд идвэхтэй тоглож үйлчилж чаддаг урамсаргүйн төвшинөөс илүүц гарч, ухамсартайн босоо тэнхэлт үйлчилж чаддаг байх ёстой” хэмээсэн нь оюун санааны бүтээл дахь анхдагч үүтгэл болох ЖҮЖГИЙН зохиолд аргагүй анхаарал хандуулж байсныг гэрчлэх шиг, ингээд “Зуун ямаанд жаран ухна” гэгчээр садист залуу Бернарын Г.Ганбат нуруунд үрүүлсэн ачаа ихдэж “Тэмээ туйлах”-ын адилаар самууруулж орхисон нь үнэхээрийн Франц инээдэм гэмээр, аз болоход Берта Б.Мөнхдэлгэр, Робер “Бернарын багын найз” Г.Норовдаян нар аргаа тасартал туйлах шахсан тэмээг тайтгаруулснаараа энэ жүжгийг аврагчид нь болов. Үнэхээр л… ЮУ ЯААСАН ЮМ ДАА. Залуу жүжигчин Б.Мөнхдэлгэр Берта нь өгөгдсөн нөхцөлт дүрийнхээ зан байдал, сэтгэл зүйг, үйл хөдлөлөөрөө дамжуулан эвлэгхэн гаргаж буй нь нэн сайшаалтай хэдий ч харилцан ярианд оролцохдоо өнөөх Берта бус залуу жүжигчин Б.Мөнхдэлгэр болж буй надад анзаарагдлаа. Өөр нэгэн сайшаалтай Ролийг дурдахад Марта П.Дайриймаа нь тайзны тоглолтын уран сайхан болоод жүжигчны ролдоо уусах, сэтгэлийн илэрхийлэмжийг маш зөвөөр гаргаж үзэгчидэд хүргэж буй нь “ Язгуурт” хэв шинжит дүр мэт санагдаж, Л.Ванган “Эмч нар” жүжгийн Бүрнээ, Ч.Лодойдамба “ Гарын таван хуруу ” жүжгийн Сүрэн, Ч.Чимид “Буурай аав ” жүжгийн Туяа нарын ролуудын зан байдал, сэтгэл зүй, үйл хөдлөлд зохицуулан хамаатуулж миний бие, өөрийн оюун санааныхаа театрт шууд үзэж суулаа. Чингээд би аврах “Биднийуранбүтээл“төсөлт багийнхны Ариун Тайзан дээр пал хийтэл асгаж орхисон сүйрсэн дур хүсэлийн бүлээн нурманд угаартаж өөрийн эрхгүй жингүйдсээр тайз тийш хөвөв. Эль жүжигт оролцон буй ролиудын үүрэг нь биеийн хүсэл, хуялаар нөхцөлдөж шууд үзэгчидийн сэтгэл зүйд эерэг бус сөрөг СУБИЛМАЦИ-г өдөөж буй нь өнөөх УРЛАГААР оюун санаагаа арисгах гэж ирсэн үзэгчидын сэтгэл зүйг ХАНААГҮЙ дур хүсээр тулан шагнах авай. Тэнд Г.Ганбат, Берта, Робер, Марта, Л.Анар, П.Мягмарсүрэн нар цаг хугацааны мөргөлдөөнөөс болж сүйрсэн Бойнг-Бойнгоо хараад зогсцгоож байв. Төд удалгүй би, өөрийгөө төсөлт тачааллын бүлээн нурман дотороос олж аваад, удаан хүлээсэн ув, улаахан нисэх онгоцондоо суугаад амьдралынхаа зах хязгааргүй төгсгөлд үйлчилэхээр алгуурхан дээш хөөрлөө. Хөшиг хаагдав. Гадаа чөмөг царцам хүйтэн байлаа.
Д.АРИУНБАЯР /СУИС/