Манай улсад 576 хууль хүчин төгөлдөр үйлчилж байдаг гэсэн тоо баримтыг шинэ оны өмнөхөн албаны эх сурвалж мэдээлжээ. Тэгвэл 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хэд хэдэн хууль бүл нэмэн орж ирж байгаа. Одоогийн УИХ 2012 онд 17, 2013 онд 38, 2014 онд 23, 2015 онд 48 хуулийн төслийг баталсан байдаг бөгөөд эдгээрээс шинэ оны эхний өдрөөс 15 хууль шинээр хэрэгжиж эхэлж байна. NEWS агентлаг шинээр хэрэгжсэн хуулиудын талаар “Хууль төрсний дараа” буландаа толилуулж байна. Энэ удаагийн дугаартаа Нийтийн сонсголын тухай хуулийн талаар онцолъё.
Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сард батлан гаргасан юм. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш нэг жил, нэг сарын дараа баталсан байна. Нийтийн сонсгол гэхээр нэг л чихэнд наалдацгүй, амьдралд хүртээмжгүй мэт санагдах ч төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хамгийн дөт зам болно гэж хууль тогтоогчид үзэж буй юм.
Нийтийн сонсголын тухай хууль нь таван бүлэг 26 зүйлтэй.
Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавихад хуулийн амин сүнс оршиж буй юм. Түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нийтийн сонсголын үйл ажиллагааг зохион байгуулахаар хуульд заажээ. Ингэхдээ Нийтийн сонсголын тухай хуулиар хууль тогтоомжийн төсөл, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн зургаан төрлийн сонсголыг доор дурдсан үндэслэл, журмаар явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ. Үүнд:
Хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой болон нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулахаар тусгасан байна. Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах асуудлыг тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэх бөгөөд иргэн хуулийн этгээд уг сонсголыг явуулах хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргах юм.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгажээ. Ингэхдээ Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тогтмол явуулах юм.
УИХ төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ.
УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заажээ.
Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсголыг захиргааны хэм хэмжээний актыг батлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө зохион байгуулахаар тусгасан байна.
Орон нутгийн сонсголыг УИХ, Засгийн газар нь тухайн орон нутгийн ИТХ-ын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар хуульд заасан байна.
Нийтийн сонсголын тухай хуулийг баталснаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж, төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэнэ хэмээн итгэж буй гэнэ. Түүнчлэн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглосон.
Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болох бөгөөд бусад асуудлаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь эсвэл Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, Орон нутгийн ИТХ-ын зэрэг гишүүд сонсгол явуулах хүсэлт гаргаж болох юм. Харин үүнд нь иргэд оролцох хүсэлтээ сонсгол болохоос таваас доошгүй хоногийн дотор гаргах учиртай юм.
Д.ЦЭЭЛ