Хуульч О.Алтангэрэл цуврал нийтлэлээ манай уншигчдад хүргэж байна.
“Сэтгэлд гал байвал, зууханд гал олдоно” гэдэг сэн. Манай дипломатчид, тэр дундаа гадаад улсад суух Элчин сайд, консулын ажилтнуудад эх орныхоо харьяат иргэдийн төлөө гэсэн сэтгэлийн гал бараг л алга. Тэднийг томилдог эрх мэдэлтнүүд, төр засгийн удирдлагад ч таныг, бас намайг өмгөөлөх чин хүсэл бас алга.
Сайн муу хэлүүлсэн ч төрийн нүд чих болсон тусгай албыг нэр төртэйгээр хашиж, эх орныхоо төлөө тангараг өргөсөн Б.Хурц хэдэн сарын турш хэзээнээс эзэрхэгээрээ алдартай хатан хаант Английн шоронд хоригдож байна. Түүний хашиж байсан ажил албууд нь Монгол төрийн олон чухал нууцтай, үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой гэдгийг бүгд мэдэх ч манай улс хэр тааруухан нэг өмгөөлөгч хөлсөлж, хааяа нэг мэдэгдэл хийхээс өөр юу ч хийсэнгүй. Үгүй ядаж эрх мэдэлтнүүд Английн талд хандаж тэднийг буруушаасан хатуухан үг ч унагахгүй байна. Биднийг ийнхүү басамжилж байгаа Англид хөрөнгийн биржээ хүртэл өглөө. Хүүхдийг нь зодсон нөхөрт нэмээд мөнгө өгснөөс ялгаа ер нь байна уу. Иргэнээ өмөөрөх үүрэгтэй Монгол төрийн сүр хүч хаана байна.Монгол хүн амь насаа алджээ, хар тамхи зөөсөн байна, гэмт хэрэг хийж шоронд хоригджээ гэх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн л өгч байна. Үүнийг нь Гадаад хэргийн яамнаас асуухаар одоохондоо тийм мэдээлэл алга, хариу өгөх боломжгүй гэж хариулна. Хэд хоногийн дараа үнэхээр тийм юм болсон байна, бид бичиг цаас өгсөн гэж ирээд л чухал царайлна. Цөөн хэдэн Монголчуудынхаа бүгдтэй нь биш гэхэд харилцаа холбоо сайтай байдаг хэдтэй нь байнга холбоотой байж чаддаггүй яасан арчаагүй Элчин сайдын яамныхан, дипломат ажилтнууд вэ.
Монгол Улсын иргэн, аав ээжийн хайртай охин Ш.Алтантуяа харь газар бусдад онц хэрцгийгээр алагдаад удлаа. Элэг эмтэрсэн хөөрхий эцэг нь өөрийн чадлаар алуурчин Багиндатай хэдэн жил тэмцэлдэж байна. Монголын төр түүнд тус болохоор ер нь юу хийсэн бэ. Шүүх хуралд нь орчуулагч томиллоо л гэж дуулдсан, одоо бол бүр ч таг. Харин ч манай дипломатчид эсрэг талд ажиллаад эхэлсэн тухай гомдлыг Шаарийбуу гуай саяхан гаргаж байна лээ.
Нэг удаа надад Малайзын Дээд Шүүхийн үйл ажиллагаатай танилцах боломж олдсон юм. Тэр үед Монголоос очсон өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнд байсан бид тус шүүхийн албан тушаалтанд хандаж Ш.Алтантуяагийн хэргийг хэзээ шийдвэрлэх гэж байгаа талаар асуутал энэ талаар ярих боломжгүй гэж хариулсан. Тэндээс гараад автобусанд явж байхад япончууд Малайзын өмгөөлөгчдөөс “Монголчуудын асуугаад байгаа хэрэг юун хэрэг юм бэ” гэж асуухад нөгөөдүүл нь “аан нэг балай хүүхний хэрэг, удахгүй шийдэгдэнэ” гэж тоомжиргүй хариулж билээ. Дэлхийн талыг эзэлсэн гэж цээжээ дэлддэг, супер гентэй, хөх толботой, дээд тэнгэрээс заяат, өөр юу ч билээ ямар ч байсан дэлхийн бусад үндэстнүүдээс тэс өөр үндэстэн, Монгол хүний үнэлэмж, бахархал хаана байна.
Хөдөө малаа хариулж явсан иргэнийг машин унасан солонгос эр дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Анхан шатны шүүхээс мань эрд хоёр жилийн хорих ял өгснийг хүндэдлээ гэж үзэн, хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж явах үед нь би эхнэртэй нь таарч, “Хорих ялаа тэнсэж өгөөч гэсэн хүсэлт л тавьсан нь зөв. Ийм хэрэг хэрэгсэхгүй болно гэж байхгүй дээ” гэж хэлээд явуулсан юм. Сарын дараа сонстол нийслэлийн шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өнөөх солонгос нөхрийг тэр даруйд нь суллачихсан байдаг байгаа! Хожмоо дээд шүүхийн шийдвэр гарч солонгосын иргэнд ял өгсөн гэж сонссон. Гарсан л бол хэрэгждэг, хэн ч зөрчиж зүрхэлдэггүй Монгол төрийн хууль цааз хаана байна.
Анх ганзагын наймаа ид цэцэглэж байх үед буюу ерээд оны эхээр Хятадын зүүн хойд хилийн нэгэн тосгонд оросын наймаачин гурван хүн ахуйн түймэрт хүнд түлэгдсэн хэрэг гарсан. Тухайн үед моодонд ороод байсан зурагттай холбодог хятадын компьютер тоглоомоор тоглож байтал өнөөх нь гэнэт дүрэлзэн шатсан гэж ярьцгаадаг. Манайхан тэгж түлэгдсэн бол ёстой хохь болно. Гэтэл оросууд яасан гээч, парламентийн ордон руугаа буудаж, бүх зүйл нь орвонгоороо эргэж, сэхээтнүүд нь зугатаж байсан тэр үед удирдлагууд нь харин тэдгээр иргэнээ авах гэж бүхэл бүтэн нисдэг тэрэг явуулсан. Манай нэг сайд үнэг хөөж байгаад унагаад эвдчихдэгтэй адилхан Ми-8 нисч очоод тэдгээр иргэнээ авч байхыг нь телевизээр харсан монгол наймаачид “Манай улс хэзээ нэг ийм болно доо” хэмээн санааширч суусан. 20 жил өнгөрлөө, мөнгөтэй, уул уурхайн баялагтай, олон саятантай боллоо. Харин иргэнийхээ төлөө санаа тавьдаг, аавын сэтгэлээр иргэнээ бусдаас өмөөрдөг төртэй болсонгүй.
“Манайхан муухай”, “Монголчууд л болсон хойно тэгнэ дээ” гэх зэргээр ахуй байдлаар нь эх орон нэгтнүүдээ гоочлох, муулах явдал ихэсч байна. Татваргүй бараанаас хямдхан виски олж аваад согтотлоо уун, нисэх буудал даяар орилолдох монгол эрчүүд, нэртэй брэндийн том дэлгүүрт орчихоод үнийг нь доошоо буулгахаар мэрийн оролдож хуруу гараараа зангах эгч нар, азийн аль ч оронд очсон тааралдах биеэ үнэлэгч монгол эмэгтэйчүүд, гадны аль ч үндэстнээс цодгор гүзээ, зай завсаргүй зажлах бохиороо ялгарах залуучууд муухай харагддаг нь үнэн. Гэхдээ энэ бол Монгол хүний үнэлэмжийн гол асуудал биш ээ. Эдийн засгийн талаар төрөөс баримталж буй бодлого үр дүнгээ өгч, уул уурхайн томоохон ордууд нь эргэлтэд орж, хамгийн гол нь монгол хүн хөдөлмөр эрхлэн, түүнийхээ үр шимийг хүртдэг болчихвол дээрх асуудлууд аяндаа л шийдэгдэнэ. Тэгш хуваарилалт ярьж, хүн болгонд оногдох ёстой бөөн бөөн хувьцааны талаарх мөрөөдөлтэйгээ, он жилүүдийг үдвэл жаахан удаашрах л байх, гэхдээ л шийдэгдэнэ. Хамгийн энгийн жишээ л гэхэд “Сэрэлт” кинонд гардаг “Цагаан” Цэгмид гуай шиг дэлбэ өшиглөж байсан Сэнтрал тауэр, олны нэрлэдгээр “Шангрила” барилга хотын зүрхэнд босчихсон, бидний урьд нь сураг төдийгөөр л мэддэг, заримыг нь огт мэддэггүй байсан брэнд бүтээгдэхүүний дэлгүүрүүд нээгдчихсэн л байна. Одоогоор хөрөнгөтэй хэдхэн хүмүүс болон албан тушаал өндөртэй төрийн албан хаагчид л үйлчлүүлж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ л гадны хүмүүс ирээд Луй Виттон, Монбла, Зена гээд ярихаар нь “За тэр чинь юу билээ” гэж бодоод байхааргүй болчихлоо. Өөрөөр хэлбэл иргэн нь дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхах, ямар ч орны иргэнээс илүү хөрөнгө чинээтэй байх боломж байна. Энэ нь гагцхүү цаг хугацааны хийгээд төрийн зүгээс баримтлах эдийн засгийн болон бусад бодлогоос л хамааралтай асуудал.
Гэтэл яг одоо хэрэгжүүлж болох, сэтгэл л байвал хийчихээр, тэр байтугай хуульдаа заагаад өгчихсөн асуудал нь гадаадад байгаа монгол иргэний эрх ашгийг төр засаг нь хамгаалах асуудал юм. Зарим нь хуулиар үүрэг болгосон үйлчилгээг үзүүлэхдээ хариуд нь залуу охид бүсгүйчүүдийг өөртэйгээ унтахыг санал болгодог, эсхүл дипломат шуудангаар тамхи зөөж байгаад баригдаж эх орныхоо нэрийг шившигтэй хутгадаг арчаагүй дипломатчидаас нэн даруй салах хэрэгтэй байна. 2005 онд Брестээр дайран Польш явах замдаа миний бие хэдэн нөхдийн хамт тэндхийн консулын ажилтныхаар ороод гарсан юм. Монголчуудын хөл хөдөлгөөн ихтэй, амьжиргааны өртөг тийм ч сайнгүй газар гэхэд тэр хүн биднийг элэгсгээр хүлээн авч, өлсч ядарч явахад хэсэгхэн үхрийн мах, төмстэй чанаж өгсөн нь ер мартагддагүй юм. Муу хүн идсэнээ гэдэг ч мартдаггүй шалтгаан нь тэрэндээ биш байх. Хамгийн гол нь эмээгийн минь дахин дахин хэлдэг байснаар “Хүн гэдэг чинь сэтгэлийн л амьтан” болохоор тэр юм уу даа.