Шинэ оны анхны чуулганы хуралдаанаар хамгийн түрүүнд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр УИХ товложээ. Тодруулбал, өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард түмнээс санал асуух хэрэгтэй, хэрэггүйг ирэх Пүрэв гаригт парламент хэлэлцээд шийднэ гэсэн үг.
Хууль санаалагчдын зүгээс хуулийн төслийг өргөн барихдаа, хэрэвзээ парламентын дэмжлэгийг авбал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуульд өөрлөлт оруулах асуудлаар ард түмний саналыг авахаар тооцож байсан юм. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан З.Энхболдын парламент энэ асуудлыг шинэ оны эхэнд хэлэлцэхээр болсон нь энэ.
Уг хуулийн төсөл парламентын босгыг давж, ард түмний дэмжлэгийг авлаа гэхэд энэ парламентын өнгөн дээр Үндсэн хуулийг өөрчилж чадахааргүй болов. Учир нь, эцэг хуулийг өөрчлөх чадамжгүй гэсэн шүүмжлэлд өртөөд буй З.Энхболдын парламентад Үндсэн хуулийг шинэчлэх хугацаа алга.
Бүрэн эрхийнхээ хугацааны дийлэнхийг сандал суудлын хэрүүлд зарцуулсан энэ парламент дараагийн УИХ-д хоёр том даалгавар өгөөд байгаагийн нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнийг өнөөгийн УИХ-ын даргын хэлсэн “Бидний асуугаад, ард түмний дэмжсэн заалтыг дараагийн УИХ үг дуугүй хууль болгоно” гэх үгнээс нь анзаарч болохоор. Тиймээс ямар ч байсан Ард түмнээс санал асуулга авах асуудлыг нь өнөөгийн парламент хуульчилж өгөөд, Үндсэн хуулийг өөрчлөх томоохон хийгээд ярвигтай үүргийг дараагийн парламентад шилжүүлж байна гэсэн үг юм.
Уг нь Үндсэн хуулийг өөрчлөхөөр З.Энхболдын парламент багагүй зүтгэл гаргасан. Ажлын хэсэг байгуулж, арван сар ноцолдсоны эцэст Эх хууль нэртэй эх хувилбараа УИХ-д өргөн бариад хоёр сар өнгөрчээ. Гэвч, ихэнх цаг хугацаагаа эрх мэдлийн хэрүүлд зарцуулсан энэ парламентад иргэд итгэж эцэг хуулийг өөрчлөх үүрэг өгөх нь эргэлзээтэй. Үнэндээ Ц.Нямдоржоос эхлээд өнөөгийн парламент дунд өөрсдийгөө Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй гэж үзэж байгаа хүн цөөнгүй бий.
Эндээс харахад Үндсэн хуулийг өөрчлөх эхний хугацаа ирэх 2020 оноор товлогдож байгаа юм. Эс бөгөөс УИХ-ын гишүүн Н.Батбаярын хэлсэнчлэн эцэг хуулийг эх болгон өөрчлөхөд ахиад дөрвөн жил хүлээх, цаашилбал, найман жилийн хөгжлийн боломжоо ч алдаж магадгүй.
Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсныг Монголын улс төр, эдийн засагт үүссэн өнгөрсөн хугацааны гашуун түүхүүдээс харж болно. Хамгийн сүүлийн жишээг дурдахад Ч.Сайханбилэг танхимынхаа сайдыг толгой мэдэн томилж чадахгүй шинэ онтой золголоо. Эрүүл мэнд, спортын сайдаар хэнийг томилоо шийдэж чадахгүй тэлчилж байгаа Ерөнхий сайдын зовлонгин эх нь өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн үндэс. УИХ-ын гишүүн бүрийн кнопоор засгийн сайдын асуудал шийдэгддэг учраас Шийдлийн Засгийн газрын тэргүүн УИХ-ынхаа барьцаанд орж, парламент нь гүйцэтгэх засаглалынхаа бүхий ажилд хошуу, гараа хутгаад сууж байна.
Эдийн засгийн хямрал болоод засаглалын хямралын эх булаг нь болсон Үндсэн хуулийг өөрчлөх нь үнэндээ манай нийгмийн ганц захиалга болсон Энэ захиалгыг биелүүлэх эрхэм хийгээд хүнд үүргийг З.Энхболдын парламентаас авсан, энэ онд болох УИХ-ын сонгуулиар байгуулагдах дараагийн парламент бүрэн эрхийнхээ хугацааны сүүлээр эцэг хуулийг өөрчлөх, шинэчлэх асуудлыг хөндөх болов уу? Учир нь аль парламент бүрэн эрхийнхээ хугацааны эхэнд Үндсэн хуулийг өөрчлөхгүй нь мэдээж.
“Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгчээр З.Энхболдын ангийнхнаас дараагийн парламентад өгсөн бас нэгэн даалгавар бол Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах.
Өнгөрсөн жилийн хамийн их хэрүүл, шуугиан тарьсан, Шийдлийн засаг, Ч.Сайханбилэгийн сандлаар барьцаалсан Тавантолгой төсөл УИХ-ын хаалгаар ч орж амжилгүй төрхөмдөө буцаад удаж буй.
Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу М.Энхсайхан сайдын боловсруулсан гэрээний төсөл УИХ-аар хэлэлцэгдээгүй гол шалтгаан нь эрхэм даргад таалагдаагүй явдал гэдгийг өнгөрсөн жилийн үг, үйлдлээс нь харж болохоор Засгийн газраас өргөн барьсан Тавантолгой төсөл дээр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гаргаж, Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд энэ төслийг гацаасандаа энэ оны сонгуулийн листэд бичигдэх эрхээ олж авсан гэх хов жив ч улс төрийн хүрээнд өдөлж байв. Ямар ч байсан энэ төслийг гацаасандаа Л.Эрдэнэчимэг гишүүн ганцаараа баярлаагүй, төмөр зам тойрсон “оля”-нуудын зодоон төслийг зогсоох гол үндэслэл болсон нь үнэн юм.
Энэ бүхнээс харахад "Янцаглахыг нь би, үүрэхийг нь чи" гэгчээр хэрэлдэж гацаах ажлыг өнөөгийн парламент, хэлэлцэж батлах нь дараагийн парламентад ногдож байна.
Долоон тэрбум коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын төмөр замтай болох Монголын мөрөөдөл ийнхүү дахин нэг жилийг алдаж, өнөөгийн парламентаас өгсөн даалгаврыг дараагийн парламент “дааж” чадах уу гэдэг бас нэгэн асуулт тавигдаж байна. Улстөрчдөд сохор зоосны ашиггүй бол улс оронд чухал төслүүд урагшаа явдаггүй гэдгийг Тавантолгой харуулсан.
Тийм болохоор дараагийн парламент дахиад энэ асуудлыг улс төрийн хэрүүл,зодоон болгон хувиргахгүй гэсэн баталгаа бий юу.
Энэ бүхнээс харахад "Янцаглахыг нь би, үүрэхийг нь чи" гэгчээр хэрэлдэж гацаах ажлыг өнөөгийн парламент, хэлэлцэж батлах нь дараагийн парламентад ногдож байна.
УИХ-ын сонгуулиар хэн ялахаас дараагийн парламентад өгсөн даалгавар биелэгдэх эсэх нь хамаарах нь мэдээж. АН хэрвээ ялбал Тавантолгой урагшаа явахгүй, МАН ялбал Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй гэсэн итгэл үнэмшил улс төрийн хүрээнд бий болжээ.
Ийнхүү эдийн засаг, улс төр, нийгэмд нэн чухал том асуудлууд парламентаас парламент руу шилжихийн хэрээр Монгол Улсын хөгжил улам бүр алсарсаар. Тэгээд ч дараагийн парламент даалгавраа биелүүлэх нь даанчиг хол байна шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН