ХУУЛИЙН ДАГУУ ҮЛДЛЭЭ" ГЭВ
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал: ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭНЭ
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр нэгэнт гарсан хойно УИХ хэлэлцэх ёстой. УИХ ямар шийдвэр гаргахаас шалтгаалж, цэцийн их суудлын хурал хийх байх л даа. Энэ процессийг иргэн хүний хувьд харахад хуулийн аливаа процессийг үл анзаардаг, тоомсорлохгүй байх нь сөрөг үр дагавартайг харуулж байгаа юм. Ер улс төрийн намууд үйл ажиллагаа явуулахдаа хууль эрх зүйн үндэслэл байна уу, үгүй юү гэдгийг судалж байж аливаа шийдэлд хүрэх хэрэгтэйг харууллаа.
Хуульч Л.Батцэнд: ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
-“МАХН гэдэг нэрийн хууль ёсны өмчлөгч нь Монгол Ардын нам юм” гэсэн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Монгол Улсын иргэн хүний хувьд хүндэтгэж байна. Үндсэн хуулийн Цэц бол мэргэшсэн байгууллага. Мэдээж хуулийнхаа зүйл, заалтын хүрээнд судалгаа шинжилгээний үндсэн дээр тодорхой шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Монголд хууль нь хэрэгждэг. Хүмүүс нь хуулиа биелүүлдэг. Улс төрийн үйл ажиллагаа явуулдаг намууд нь ч бие биеийнхээ эрх ашиг, тэр дундаа жирийн иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэн үздэг байгаасай гэж бодох юм. Цэцийн энэ удаагийн шийдвэр иргэдийн дунд бий болоод байсан мэдээллийн төөрөгдлийг арилгалаа.
УИХ-ын гишүүн Д.Одбаяр: ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЛАА
-Мэдээллийг сониноос авлаа. Улс төрийн намуудын тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг цэц гаргасан. Энэ бол зөв шийдвэр. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн Цэцийн өмнөх хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхдээ хэрэглэхгүй байх хугацааны хувьд арай урт байгаа юм биш үү гэсэн үндэслэл гаргасан байдаг. Энэ үндэслэлийн хүрээнд шийдсэн дүгнэлт гарлаа.
Гавьяат хуульч И.Дашням: ЦЭЦ ШУДАРГА ШИЙД ГАРГАЛАА
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Улс төрийн намуудын тухай хуулийн заалтын талаар хэлэлцсэн. Энэ талаарх мэдээллийг сонирхон сонсч, Цэцийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байлаа. Монгол Ардын намын өмчлөлд хуулийн дагуу МАХН гэдэг товчлол үлдлээ. Энэ бол хуулийн дагуу гарах ёстой байсан шийдвэр. Хуулийг гуйвуулдаг, санаснаараа засдаг, танадаг эрхтэн дархтанууд ихтэй болсон болохоор эцсийн шийд яаж гарах бол гэж бодож байсан. Хуулийн дагуу шийдвэр гаргаж, МАН МАХН-ын түр штабынхны маргааныг нэг талд гаргаж өгсөн нь жирийн иргэд бидэнд ч нэг чигийн мэдээлэл авах, олон намын дунд төөрөгдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж өглөө. Н.Энхбаяр даргын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Улс төрд дахин шинэ нам байгуулан улс төрийн эрчтэй үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй үлдлээ. Энэ эрхээ эдэлж улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаасай гэж хүсч байна.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин