АНУ-ын тэрбумтан Дональд Трамп олон улсад заналхийлж буй “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийг ерөнхийлөгч Барак Обама, экс төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар бий болгосон хэмээн мэдэгджээ. Цагаан ордны төлөө өрсөлдөж буй нэр дэвшигч Дональд Трамп өчигдөр /I.2/ Миссиссипи муж улсад дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ дээрх мэдэгдлийг хийжээ. Түүнчлэн тэрбээр Ойрхи-Дорнодын зөрчил бослогын талаар ярихдаа АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Бушийн Иракт хийсэн дайныг иш татан ярьсан байна.
Тэрбумтан Дональд Трамп ирэх намар болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг тэргүүлж байгаа юм. Түүний эсрэг Ардчилсан намаас нэр дэвшигч АНУ-ын экс төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хүчтэй байгаа аж.
“Исламын улс” бүлэглэл өнгөрсөн онд Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоон, олон орны барьцааны иргэдийг хэрцгийгээр цаазалж, Парис хотноо 130 хүний амийг хөнөөсөн халдлагыг үйлдсэн бөгөөд ОХУ, АНУ тэргүүтэй дэлхийн 60 гаруй оронд заналхийлээд байгаа юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: CNN