-2015 он Грек, Орос хоёрт хүндхэн туслаа-
Бид эргэлтийн гэж тодорхойлж болохуйц цаг үед амьдарч байна.
Өнгөрч буй онд дэлхийн эдийн засгийн системийн бүтцийг өөрчлөх хандлага ажиглагдлаа. Аравдугаар сард АНУ ба Ази, Номхон далайн бүсийн 11 улс орон Номхон далайг дамжсан худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ гэрээнд гарын үсгээ зурлаа. Энэ гэрээ нь Дэлхийн худалдааны байгууллагын журамд харшлахгүй ч тус байгууллагын үнэ цэнийг буулгалаа. Гэхдээ тэр нь Хятадыг барих зорилготойг хэн ч нууж хаахгүй байна. Обама Хятадтай найрамдая гэж ярьж байгаа ч Азид чиглэсэн бодлогоо зарлан, Хятадад “байр сууриа мэд” гэсэн сануулгыг өгсөөр байна. Азийн бүсэд цэргийн хурцадмал байдал ч бусад улс орнуудад таалагдахгүй хэвээр. АНУ Хятадын газар нутгийн маргааныг зөв биш гэж үзэн, байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Үүний зэрэгцээ өнгөрсөн зун Хятадад хөрөнгийн биржийн хямрал болов. Тэрхүү хямрал үүсэнгүүт л Хятадын эдийн засгийн халалтын талаар яригдаад эхэлсэн билээ. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсныг муу зүйл биш гэж тайлбарлаж ирэв. Гэхдээ энд итгэх аргагүй. Хятадын торгон замын эдийн засгийн бүс гэсэн өмнөх төсөл шавхагдаж байгаатай холбоотой байж мэднэ. Тэр нь Евроази, Орост ашигтай юм.
Гэтэл Хятад Баруунд илүүтэй хандаж байна. Учир нь одоо Хятадын Азид явуулж байгаа бодлого бүр нь тэдний зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тийм учраас баруунд хандах нь тус улсын хувьд зөв юм. Мөн Хятад эдийн засгийн хоцрогдолтой яваа баруун хойд бүсүүдээ хөгжүүлэхийн төлөө байгаа нь ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй. Дээр нь Торгон замын эдийн засгийн бүс нь Хятадад эдийн засгийн түрэмгийлэл хийх боломжийг гарган үйлдвэрлэлийг нь ачаалалтай болгон өгч байгаа.
Тийм ч учраас Оросууд баруунтай байдал хурцдангуут зүүн тийш эргэх бодлогоо энэ жил эрчимтэй явууллаа. Тэр нь оросуудад ашигтай. Оросууд энэ зуунд юу ч хийгээгүй Ази дахь харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай тулгараад байна. Гэхдээ Азийн бүс нутаг нь олон төрлийн сонирхлууд солбилцсон ээдрээтэй нутаг. Үүнд олон жилийн тасралтгүй ажиллагаа хэрэгтэй бөгөөд оросууд энэ чиглэлээр гэрийн даалгавраа биелүүлээгүйг өнгөрч буй он харууллаа. Тэдний түншүүд Хятад руу эргэх хандлагатай болов.
Орос, Хятадын улс төрийн харилцаа маш өндөр төвшинд гарч ирэв. Гэхдээ Хятад эдийн засгийн хамтын ажиллагаанд улс орондоо гарзтай зүйл хийхгүй нь ойлгомжтой.
Ерөнхийд нь дүгнэвэл өнгөрч буй он дэлхийн эдийн засагт хамгийн тааруу жилүүдийн нэг боллоо. 2015 он Грек, Орос хоёрт хүндхэн туслаа. Грекийн өрийн асуудал оны эхэнд ихээхэн яригдаж, тэр нь улс төрд нь ч нөлөөлөн шинэ намыг засгийн эрхэнд гаргалаа. Тэд хэчнээн зүтгэсэн ч байдал дээрдсэнгүй. Грекийн эрх баригчид зээлдүүлэгч нартайгаа тохиролцон, дахин тусламж авч, түүнийхээ ачаар арайхийн тэсч байна.
АНУ-ын занарын нефтийн хувьсгалтай ОРЕС-ийн хийсэн тэмцэл хувьсгалыг нь алдагдалтай болгон сааруулсан ч нефтийн үнэ байнга унасаар, зарим үед 2000-аад оны эхэн үеийн төвшинд хүргэлээ. Тэр нь нефтийн хамааралтай Орос болон Ойрхи Дорнодын орнуудын эдийн засгийг уналтад орууллаа. Мөн Оросын эсрэг авсан Барууны хориг арга хэмжээ ч эдийн засгийн уналтад нь нөлөөлсөн юм. Нефтийн үнийн уналтыг дагаад олон улс орны валютын ханш нурлаа. Мөнгөний ханшны уналт нефтийн улс орнуудад хүчтэй нөлөөлж байна.
Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарч тэр нь үндэсний валютын ханшаа таван ч удаа буулган экспортоо дэмжихэд хүргэлээ. Нефтийн үнийг дагаад бусад ашигт малтмалуудын үнэ 2009 оны хямралын үеийн төвшинд очоод байна. 2015 онд Барууны өвөл дулаан байгаа нь нефть хийн эрэлтийг улам ч сулруулсан юм.
Эдийн засгийн өсөлтийн гол саад нь хүчээ авч байгаа өрийн хямрал юм. Тэр нь одоо Хятад руу нэвтэрч байна. Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй гурав дөрвөн орны эдийн засаг зогсонги байдалд байна. Дэлхийн эдийн засагт нөлөөлсөн бас бус нөхцөлүүд бий. Тухайлбал, хакеруудын довтолгоон өнгөрсөн онд 27 тэрбум ам.долларын хохирлыг дэлхийн эдийн засагт авчирсан байна. Ерөнхийдөө дэлхийн эдийн засаг сэргэтэл их хугацаа шаардлагатай бөгөөд ирэх жил ч хангалтгүй сэргэхгүй гэж экспертүүд мэдэгдэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР