Фото: Ann Parry / Zuma / Global Look
АНУ-ын Нью-Йоркийн Куинс районы шууданч шинэ оноос өмнө хүргэх ёстой байсан баярын захидлууд, бэлгийг хараад тэдний нэг хэсгийг хаяжээ. Ингэж залхуурсныхаа улмаас тэрээр ял авахаар болоод байна. The New York Post сонинд бичсэнээр, Дэниел Дарби (Daniel Darby) хогийн гурван уутыг худалдан авч түүндээ захидал бэлгийн хэсгийг хийгээд хогийн саванд хаясан байсан нь хоёр хоногийн дараа илэрсэн гэнэ. Шуудангийн 25 настай ажилтан зарим захидлуудыг нь хүргэхийн өмнө задлан уншсанаа хүлээн зөвшөөрчээ.
Түүнд өнгөрсөн мягмар гаригт шууданг цаг тухайд нь хүргээгүй, сүйтгэсэн гэх ялыг дуулгажээ.
Бас нэг ийм хэргээр Жеймс Хэйден (James Hayden) гэдэг Бруклины шууданч шийтгэгдэнэ.
Түүний хэрэг нь наймдугаар сард 100 ам.долларын Visa картын бэлэг эзэндээ очоогүй гэсэн гомдол ирсний дараа илэрчээ. Түүнийг арванхоёрдугаар сарын 21-нд баривчлахын өмнө түрийвчээс нь бэлгэнд явуулсан бөөн карт олдсон байна. Тэрээр бэлгийн картыг нь завшин мянгаад ам.доллараар өөртөө бараа худалдан авсан байжээ.
Энэ хоёр эрэгтэй таван жилийн ялаар мөн 250 мянган ам.доллараар торгуулах магадлалтай.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР