УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж зарчмын зөрүүтэй асуудлуудаа ярилцаж тохиролцоод УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанд оруулсан юм. Зарчмын зөрүүтэй гэх асуудлуудаас нэг заалт нь сонирхол татав. Сонгуульд өрсөлдөж байгаа бүх нэр дэвшигчийн мэдээлэлтэй эмхтгэлийг Улсын төсвөөс санхүүжүүлэх тухай заалт л даа. Энэ заалт батлагдвал үнэхээр нүдээ олсон шийдвэр болох байх гэж бодоод байгаа юм. Сонгуульд өрсөлдөх гээд дор хаяж 1000 гаруй нэр дэвшигч дөрвөн жил хүлээж байна. Зайлуул, тэд сонгогдох байсан ч гарахгүй болсон ч ард түмний л төлөө гэж дуугардаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг сонгуулийн хуулийн нэг том шигтгээ, амин сүнс гэж ойлгомоор санагдаад байгаа юм. Манайх шиг дөрвөн жил тутамд сонгуулийн хуулиа шинэчилдэг улсад бол энэ үнэхээр зөв шийдэл. 2016 оны сонгууль дөхөхөөр дахиад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж магадгүй. Тэгэхдээ дээрх заалтыг бүр тод томруунаар засч сайжруулаасай. 2012 онд нэр дэвшигчдийн сэтгүүлийг, 2016 онд нэр дэвшигчдийн сонгуульд өмсөх дээл, костьюмыг, 2020 онд бүх нэр дэвшигчийг байр, машинаар хангах зэрэг зүйл заалтыг оруулж өгөх хэрэгтэй. Яг л гишүүн бүр жилд 10 саяыг авдаг байснаа тэр нь өссөөр тэрбум төгрөгт хүргэсэн шиг. Ер нь сонгуульд өрсөлдөнө гэдэг хэр баргийн хүний хийдэг ажил биш шүү дээ. Байнга гоочлуулж дарамтлуулна. Бас мөнгө муутай бол бүр ч сонгогдох магадлал муутай шүү дээ. Ард түмэн бол яах вэ, амьдарна. Болоод л ирсэн юм чинь, болсоор ч байх болно. Зарим хүмүүс дээрх заалтыг их эсэргүүцэж байна лээ. Уг нь тэгж эсэргүүцэх шаардлагагүй л дээ. Аливаа асуудлыг асуудал болгон харж байгаа хүн өөрөө асуудалтайн шинж гэж үг бий. Тэгэхээр ямар ч асуудлыг асуудалд тооцохгүйгээр УИХ-ын гишүүдийнхээ сонгуулийн зардлыг төсвөөс гаргавал ямар вэ.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин