
Оросын тэрбумтнуудын тоо болон тэдний хөрөнгийн хэмжээ хоёр дахин өссөн гэж “Forbes” мэдээлж байна. Гангийн тайкуун Владимир Лисин жагсаалтын нэгдүгээр байранд байна. Түүний хөрөнгө жилийн өмнө 5.2 тэрбум ам.доллар байсан бол одоо 15.8 тэрбум ам.доллар болжээ. Орост жилийн өмнө 32 тэрбумтан байсан бол одоо 62 болсон. Тэдний нийт хөрөнгө 142 тэрбум ам.доллар байсан бол одоо 297 тэрбум ам.доллар болсон байна. Оросын эдийн засаг ерөнхийдөө зогсонги байдалд байгаа ч Оросын хөрөнгийн биржийн гол индекс РТС-ийн ханш өнгөрсөн хугацаанд бараг хоёр дахин өссөн байна. Өнгөрсөн жил нэгдүгээр байранд жагсч байсан Михайл Прохоровын хөрөнгө 9.5 тэрбум ам.доллараас 13.4 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн хэдий ч тэрбээр энэ жил хоёрдугаар байранд орсон.
Газрын тос, жижиглэнгийн худалдааны тайкуун Михайл Фридманы хөрөнгө жилийн өмнө 6.3 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 12.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж гуравдугаар байранд орсон. Харин Их Британийн хөл бөмбөгийн “Chelsea” багийг эзэмшигч Роман Абрамович 11.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр дөрөвдүгээр байранд орж байна. Их Британийн “London Evening Standard”, “the Independent” сонингуудыг эзэмшигч Александр Лебедев нар тэрбум ам.долларын хөрөнгөөр 34 дүгээр байранд орж байна. 2009 онд Оросын эдийн засаг дэлхийн эдийн засгийн хямралд хүчтэй өртсөн бөгөөд эдийн засгийн хэмжээ нь бараг есөн хувиар агшсан юм.
Т.Санаа