Н.Алтанхуяг: Цөмөөхэйд 220 хүүхэд бүжиглэсэн

Хуучирсан мэдээ: 2016.01.01-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Цөмөөхэйд 220 хүүхэд бүжиглэсэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын балетын хөгжил сан”, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр(УДБЭТ) хамтран “Цөмөөхэй” балетыг шинэ оны өмнөхөн зургаан удаа тоглосон билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр УДБЭТ-ын тайзнаа дэлхийн алдартай “Цөмөөхэй” балет тоглогдож, үзэгч хүүхэд багачуудыг уйдаасангүй. Ингээд шинэ оны эхний өдөр гавьяат жүжигчин Н.Алтанхуягтай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө таньд шинэ оны баярын мэнд хүргэе. Та дэлхийд алдартай “Цөмөөхэй” балетыг дахин дэглэх болсон талаараа мэдээлэл өгнө үү?

-2016 оны шинэ жилийн мэндийг нийт Монголын ард түмэндээ хүргэж байна. Шинэ он гарахын өмнө дэлхийд алдартай “Цөмөөхэй” балетыг зургаан удаа тоглолоо. Дэлхий олон оронд тоглогдож буй энэхүү балет сүүлийн жилүүдэд манай улсад тоглоод эхэлчихлээ. Үзэгчдийн ч гэсэн хүсэн хүлээдэг балетын нэг боллоо. “Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал, Анх Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд "Цөмөөхэй" нэртэй үлгэр зохиосон байдаг. "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Дон Кихот" зэрэг алдарт балетуудыг зохиосон Петр Ильич Чайковский тус үлгэрээс сэдэвлэн 1892 онд "Цөмөөхэй" балетыг бичиж, өдгөө дэлхий дахинд алдартай болсон түүхтэй. "Цөмөөхэй" балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог уламжлалтай. Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алгасан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет болжээ. Тиймээс энэхүү балетыг 2014 оноос шинэчлэн тоглож байна. Шинэ оны өмнөхөн үзэгчдийн баярласан сэтгэлийг харах сайхан байлаа.

-Манай улсад “Цөмөөхэй” балетыг хэдэн онд анх тоглож байсан бэ?

-Дэлхийд алдартай энэхүү балетыг хамгийн анх амилуулсан уран бүтээлчид нь Оросын Маринский театрынхан гэж бичигдсэн байдаг. Манай улсын хувьд анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглож байсан юм.

"Цөмөөхэй" балетад тоглож буй хүүхдүүд маань үнэхээр сэтгэл хөдөлгөж байна. Тэд жил ирэх тусам улам л чадварлаг болж байна. Хамгийн наад захын жишээг хэлэхэд цагийг маш сайн баримталдаг болжээ. Томчуудаас илүү тэдний тэр их хичээл, зүтгэлийг харах сайхан байна. “Цөмөөхэй -2015” тоглолтод нийт 220 хүүхэд оролцлоо. Тэднээс хамгийн бага нь 7-8 настай. Эндээс харахад балетын урлаг өнөөдөр маш сайн хөгжиж байгаа нь харагдаж байна. Төлөвлөсөн зүйл маш их бий. Монголдоо олон улсын балетын тэмцээнийг зохион байгуулах бодолтой байна. Магадгүй энэхүү тэмцээн 2016 онд болж амжихгүй бол 2017 онд зохиогдоно. Тэгэхээр балетын тэмцээн манай улсад болох юм байна гэдгийг энэ дашрамд хэлэхэд сайхан байна.

-“Цөмөөхэй-2015” тоглолтод тоглосон бяцхан балетын бүжигчдийн талаар та юу хэлэх вэ?

-Энэ балетад тоглож буй хүүхдүүд маань үнэхээр сэтгэл хөдөлгөж байна. Тэд жил ирэх тусам улам л чадварлаг болж байна. Хамгийн наад захын жишээг хэлэхэд цагийг маш сайн баримталдаг болжээ. Томчуудаас илүү тэдний тэр их хичээл, зүтгэлийг харах сайхан байна. “Цөмөөхэй -2015” тоглолтод нийт 220 хүүхэд оролцлоо. Тэднээс хамгийн бага нь 7-8 настай. Эндээс харахад балетын урлаг өнөөдөр маш сайн хөгжиж байгаа нь харагдаж байна. Жигүүр далиа дэлгэж буй бяцхан бүжигчдийн маань сэтгэл ямар их хүсэл мөрөөдлийг тээж байгаа нь харагдлаа. Мөн бяцхан бүжигчдийн арын албыг авч яваа багш, гэр бүлийнхэнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлмээр байна.

-“Цөмөөхэй-2014” тоглолтод Япон улсын балетчид тоглосон. Тэгвэл “Цөмөөхэй-2015”-д хойд хөршийн балетын бүжигчид тоглолоо. Энэ нь “Цөмөөхэй”-н нэг онцлог юм уу?

2014 онд анх “Цөмөөхэй” балетыг тайзнаа тоглоход Японы балетчдыг урьж тоглуулж байсан. “Цөмөөхэй-2015” тоглолтод бидний урилгыг хойд хөршийн бүжигчид маань сайхан хүлээн авч хүрэлцэн ирж тоглосон байгаа. ОХУ-ын балетын гоцлооч ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавъяат жүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцон тоглосон. Гадаадын бүжигчдийг урьж тоглуулж байгаа нь дэлхийд алдартай энэхүү балетын оролцоо нь ямар чухал байгааг харуулах зорилготой юм. Тиймээс бидний урилгыг бүжигчид маань хүлээн авч дуурийн театрын тайзнаа бүжиглэнэ гэдэг бол балетын нэгэн оргил хэсэг болж байна.

-“Монголын балетын хөгжил сан” сайн үйлсийн аянд нэгдсээр байдаг. 2015 онд та бүхэн саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнд дэмжлэг үзүүлсэн гэж сонслоо?

-Бид 2014 онд “Цөмөөхэй” балетыг анх тайзнаа тоглоход хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ төлбөргүй үзүүлсэн. Улиран одсон 2015 онд “Цөмөөхэй” балетыг тархины саажилттай 10 хүүхдийг онцлон үзүүлсэн байгаа. Мөн тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүсийг авахад хандивласан.

 -2016 онд таны хувьд ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-Мэдээж шинэ он гарчихлаа. Төлөвлөсөн зүйл маш их бий. Хамгийн чухал нэг ажил бол бид энэ онд Монголдоо олон улсын балетын тэмцээнийг зохион байгуулах бодолтой байна. Магадгүй энэхүү тэмцээн 2016 онд болж амжихгүй бол 2017 онд зохиогдоно. Тэгэхээр балетын тэмцээн манай улсад болох юм байна гэдгийг энэ дашрамд хэлэхэд сайхан байна. Урлаг гэдэг бол үнэхээр сайхан зүйл. Бид бүхэн урлагт дуртай ард түмэн. Ингээд Монголын ард түмэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэе.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж