Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Үйлдвэрчний Ганбаа

Уг нь түүнийг хэдэн жилийн өмнө бол “Фэнг Шүй” гэхэд хэн ч таньдаг байлаа. Дараа нь Иргэний хөдөлгөөнийхөнтэй нийлж элдэв жагсаал цуглааныг оройлж байсан болохоор нь тэгсэн үү, энд тэнд очоод жинтэйхэн үг хэлчихдэг учраас ч тэр үү “Лектор Ганбаатар” гэдэг болчихсон. Гудамжны жаг­саалыг нийгэмд арай зөөлрүүлж таниулсан нь ч тэр билээ. Тэр үед нэр хүнд нь ч одоогийнх шиг мөлгөр бус, сайн байсан. Өнгөрсөн 2008 оны парламентын сонгуульд аль ч тойрогт хүч үзсэн түвэггүй сонгогдохоор байв. Гэвч тэр өөр сонголт хийсэн юм. Сүүлийн жилүүдэд хүмүүс төдийлөн тоохоо больсон Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоог тэр сонгов. Ингээд 2007 оноос тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. МҮЭХ-ны эрх барих дээд байгууллага нь Их  хурал нь бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог. Ээлжит 20-р Их хурал нь хоёр өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэ үеэр аймаг, орон нутаг, нийслэлээс уригдсан 230 төлөөлөгчийн өмнө  С.Ганбаатар өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаараа “лектордсон” байна. Мөн ерөнхийлөгч болон хяналтын хорооны сонгуулийг ч тус холбоонынхон Их хурлынхаа үеэр давхар зохион байгуулжээ. Гэвч С.Ганбаатартай өрсөлдөх хүн тодроогүй тул тэрбээр ерөнхийлөгчөөр улирав. Ингэснээр сүүлийн хэдэн жилд олж авсан “Үйлдвэрчний Ганбаатар” гэсэн шинэ имижээ тэр ирэх дөрвөн жилд ч хадгалж үлдэхээр боллоо.  

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж