Гэмт этгээдүүдэд дөрвөн жилийн дараа ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2015.12.31-нд нийтлэгдсэн

Гэмт этгээдүүдэд дөрвөн жилийн дараа ял оноолоо

БЗД-ийн 18 дугаар хорооны иргэн Б.Баттулгын хүү 2011 онд бусдын гарт амь насаа алдсан хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр саяхан шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаан болсны дараа талийгаачийн аав Б.Баттулгатай ярилцлаа.

-2011 онд гарсан хэрэг 2015 онд шийдвэрлэгдлээ. Хэрэг яагаад ингэж удаж байж шийдвэрлэгдэх болов?

-Би бүлэг гэмт этгээдүүдийн гарт 27 настай хүүгээ алдсан хүн байгаа юм. 2011 оны 02 дугаар сарын 17-нд 3 дахь хүү маань хүнд дээрэмдүүлж, хэрцгийгээр зодуулж эзгүй хээр хаягдсан байсан. Тухайн үедээ эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас барсан. Ингээд хууль хяналтын байгууллагынхан уг хэргийн эзэн холбогдогчийг нь олохгүй 2 жил гаруй эрэн сурвалжилж, шалгаж явсаар 2013 онд хэргийн сэжүүрийг олж сэжигтнүүдийг баривчилсан. Уг хэргийг бүлэг этгээдүүд үйлдсэн байсан. Улмаар 2014 оны сүүлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан болсон ба анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхээс нийт 3 удаа мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэсэн үндэслэлээр хэрэг буцсан. Ингээд үргэлжлүүлэн шалгагдсаар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн үед уг хэрэг илрэхгүй хэрэгтэн олдохгүй 2 жил болсны эцэст бүлэг этгээдүүдийг олж зохих шийтгэлийг өгч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр ороод хэвээр батлагдлаа.

-Шүүхийн шийдвэрийн талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Тэгэхээр анхан шатны шүүх маш сайн ажилласан гэж бодож байна. Энэ хэргийг шийдвэрлэхэд анхан шатны шүүх үнэхээр шударгаар ажилласан. Миний хүүгийн амь насыг хороосон Т нарын бүлэг гэмт этгээдүүд хийгээгүй хэрэг гэж бараг байхгүй.  Хулгай, дээрэм, хүчин гэх зэрэг маш муухай хэрэг хийдэг бүлэг этгээдүүдийн гарт цэл залуухан сайхан хүүгийнхээ алтан амийг алдсан ч гэсэн тэдгээр хэрэгтнүүд зохих шийтгэлээ эдлэх болсонд миний дотор жаахан ч гэсэн гэрэл асч байна. Шүүх гэдэг байгууллага чин үнэний төлөө ажиллаж байдагт итгэх итгэл их төрлөө. Шүүх Монгол улсын нэрийн өмнөөс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгч чадлаа. Шүүгч нар хэргийг ямар нэг нөлөөлөлтэй шийдвэрлэдэг гэсэн хардлага гадуур байдаг ч миний хувьд үнэхээр тэр яриаг эрс эсэргүүцэж байна. Би хүүгээ бусдын гарт алдчихаад 4 жил гаруй хөөцөлдөж цагдаа шүүхээр явахдаа шүүгч, ажилтнууд руу нь ямар нэг байдлаар огт хандаж үзээгүй. Яагаад гэвэл бүх зүйл хуулийн дагуу явагдаж байсан учраас тэр.

-Шүүхийн талаар танд ямар сэтгэгдэл үлдэв?

-Шүүх байгууллагын ажил нь өөрөө зөв буруугийн дэнс учраас буруутан нь шийтгэгдэж, гэм буруугүй иргэдийн эрх хамгаалагдаж байдаг тул хохирсон, шийтгэл авсан хоёр талын аль нэг нь гомдолтой байдаг учраас шүүхээр ялагдсан тал нь шүүхийн эсрэг яриаг гаргадаг гэж би хувьдаа боддог.

Ингээд шударга үнэний дэнс болж, шүүх байгууллагын энэ их нүсэр хүнд ажлыг нугалж байдаг шүүхийнхний ажилд амжилт хүсье. Шударгаар ажиллаж байгаа шүүгч нартаа ард иргэд урам зориг өгч байгаасай. Шүүх үнэхээр хуулийн дагуу ажиллаж чадаж байгаа гэдгийг ард иргэдэд уриалж хэлмээр байна. Прокурор, мөрдөн байцаагч нар жаахан дутмаг ажилладаг нь харагдаж байсан.. Би мөрдөн байцаагч, прокурорын байгууллагынхантай таагүй харьцаж муудалцаж маргалдаж явсан үе зөндөө байгаа. Харин би шүүх дээр ирээд нэг ч хүнтэй таагүй харьцаа үүсгээгүй, тийм сэтгэгдэл ч надад төрүүлээгүй. Тэгэхээр шүүх ямар ажиллаж байгааг харуулж байна. Бүхэл бүтэн 4 жил явсны эцэст хэрэгтнүүдийг барьж зохих шийтгэл хүлээлгэж байгаад хүүгээ алдсан эцэг, эхийн сэтгэл бага ч гэсэн амарч, тэнгэрийн оронд байгаа хүү минь амар амгалан нойрсох байх гэж итгэж байна. Надтай адилаар хайртай хүнээ бусдын гарт алдаж хохирсон хүмүүст хандаж хэлэхэд Монголын шүүхэд итгээрэй гэж хэлье.

Ж.ЭНХБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж