“Монгол Улс Хятадад хөрөнгө оруулдаг болно” гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

“Монгол Улс Хятадад хөрөнгө оруулдаг болно” гэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д хийж буй  албан ёсны
айлчлалаа Бээжин хотод үргэлжлүүлж байна. Тэрбээр уржигдар гэргий
Х.Отгонтуяагийн  хамт  Тянь Ань Мэний талбай болон Ардын Их хурлын 
ордны хажууд байрлах  Үндэсний их театрт танилсан юм.  Театрын захирал
Ерөнхий сайдыг зочилж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн
Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор
Монголын морин хуурын чуулга  тус театрт  тоглож, дэлхий нийтийг
гайхуулж байсан гэдгийг онцоллоо. Харин Монгол Улсын Ерөнхий сайд
өчигдөр БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, Монголын Үндэсний
худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан Монгол, Хятадын
бизнес форумд оролцож үг хэлсэн юм.  Форумд 200 гаруй төлөөлөгч оролцсон
бөгөөд хоёр улсын хооронд олон талт  хамтын ажиллагааг хөгжүүлэхэд 
дээрх арга хэмжээний гол үндсэн зорилго оршиж байгаа аж. Ерөнхий сайд
форумд оролцогчдод хандан “Өнгөрсөн хугацаанд Хятадаас манай улсад   нэг
тэрбум 400 сая  ам.долларын хөрөнгө оруулсан. Манай хоёр улсын ард
түмэн  худалдаа аж үйлдвэр эрхэлсэн уламжлалт түүхтэй. БНХАУ-д хийж буй
энэ удаагийн айлчлал стратегийн түншлэлийн харилцааг дээшлүүлэхэд чухал
ач холбогдолтой юм.  Өмнө нь БНХАУ-аас Монголд оруулах хө­рөнгө
оруулалтын талаар л өмнө нь ярьдаг байсан. Тэгвэл одоо Монголоос Хятад
руу хөрөнгө оруулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах эхлэл тавигдлаа”
гэв. Тэрбээр үүнээс гадна транзит тээврийн асуудлыг ойрын хугацаанд хоёр
талд ашигтай байдлаар шийдэхийг онцоллоо. Үүний дараа Ерөнхий сайд
БНХАУ-ын Ерөнхий сайд Вэн Зябаотой уулзаж, хоёр орны Засгийн газар
хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, хамтран ажиллах гэрээнд
гарын үсэг зурсан юм. Мөн Хятадаас манай улсад олгох 500 сая ам.долларын
зээл болон тус улсын Экспорт, импортын банктай хамтарч ажиллах зэрэг
долоон гэрээнд гарын үсэг зурлаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж