Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт хумигдаж, үүнээс үүдэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуй нэгжүүд борлуулалтгүй зогсож, зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүйд хүрсэн гэж эх сурвалжууд тодотгох болсон. Тэгвэл Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дээрх мэдээллийг үгүйсгэж, жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээлийн эргэн төлөлт 95 хувьтай яваа. Гэхдээ мөнгөний эргэлтээс хамаарч, борлуулалт саарсан гэж ярилаа. Иймээс ирэх 2016 он аж үйлдвэрийн салбар үйл ажиллагааны жил буюу борлуулалтыг дэмжих чиглэлд төвлөрөхөөр төлөвлөжээ. Товчхондоо 2016 он дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил болно. Мөн зээлийг бодлогын зээл болгон хувиргах юм. Ирэх онд улс орны эдийн засаг эргэн сэргэх магадлал тун тааруу. Ийм үед дотоодынхоо үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжиж, зах зээл дэх мөнгийг бодитой эргэлдүүлэх нь зөв гэж салбарын яам нь тооцжээ. Харин дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжихэд эрх зүйн орчин саад болбол, Аж үйлдвэрийн яам дор бүр нь хууль, эрх зүйн зохицуулалтыг хийж өгнө хэмээн сайд Д.Эрдэнэбат тодотголоо.
2016 оны борлуулалтын жил болгоход төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх ёстой юм. Одоогоор дотоодын үйлдвэрлэлээ идэвхтэй дэмждэг ганцхан яам байдаг. Батлан хамгаалах яамны хувцас, хэрэглэгдэхүүний 80 хувь нь Монголынх. Цаашид боловсролын салбарт хэрэглэгдэх ширээ, сандал, сургуулийн дотуур байрны ор, сурагчийн дүрэмт хувцас гээд бүгдийг дотоодын үйлдвэрлэгчид хангадаг байх санамж бичгийн төслийг Аж үйлдвэрийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай байгуулахаар боловсруулжээ. Ирэх оны нэгдүгээр сард дээрх санамж бичгийг байгуулна. Улмаар боловсролын салбар тэр чигтээ Монголд үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүн ашиглана гэсэн эерэг ажлыг Аж үйлдвэрийн яам санаачилсан байна.
Дотоодынхоо бүтээгдэхүүнийг ашиглах нь улсынхаа эдийн засгийн цусны эргэлтийг сэлбэхэд том нэмэр болно гэж сайд Д.Эрдэнэбат тооцоолжээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөр, зээлийг үр дүнтэй болгохын тулд 2016 оноос үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг уралдаант шалгаруулалт зарлаж, олгохоор болсон байх юм. Ялангуяа орон нутагт хэрэгжих үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрт бодитой үйлдвэрлэл явуулж буй, өөрийн гэсэн худалдан авагчидтай болсон эсэхийг харгалзан үзэж, бодлогын зээл өгч, дэмжихээр болжээ.
Д.УЛАМБАЯР