Монгол цэргүүд Улаан талбайн парадад

Хуучирсан мэдээ: 2015.12.31-нд нийтлэгдсэн

Монгол цэргүүд Улаан талбайн парадад

 

-Фронтын таван морь тут­мын нэг нь монгол адуу, зөвлөлт шинелийн тавны нэг нь “монгол” байжээ-

 

 

Ялалт 70-2015 оны тавдугаар сарын 9

 

Өнгөрч буй он нь фашист Герман, милитарист Японыг ялсны 70 жилийн ойн жил тохиосон жил байлаа. Дэлхийн II дайн төгссөний 70 жилийн ой бол түүхэн томоохон үйл явдал. Харамсалтай нь хүн төрөлхтөнд хамгийн их гай авчирсан энэ дайнд оролцон фашизм, милитаризмыг ялахад чухал үүрэгтэй байсан зарим орнууд улс төрийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн, дэлхийн улс төр хурцадмал байснаас энэ чухал ой улс төрийн өнгө аяс дор тэмдэглэгдсэн юм. Тийм ч учраас ойг тэмдэглэх эрхэм үүрэг энэ дайнд хамгийн ихээр хохирсон ч ялалтад хамгийн чухал хувь нэмрээ оруулсан Орос, Хятадад шилжсэн билээ. Тавдугаар сарын парад дээр Си даргатай зэрэгцэн зогссон Оросын ерөнхийлөгч “Брестийн цайзаас Хятадын өмнөд нийслэл Гуаньжоу хүртэл “Сталин, Мао биднийг сонсож байна” гэсэн дуу цуурайтаж явсан үеийг сануулж байв.Украины хямралын улмаас Барууны орнуудын лидерүүд дэлхийн энэ чухал баярыг дайны хүндийг нуруундаа үүрсэн Оросын урилгыг хүлээн авалгүй дов жалгандаа тэмдэглэв.

 

Түүхт 70 жилийн ой дайны хүнд үед Орост хамаг чадал тэнхээгээрээ тусалсан Монголын нэрийг дэлхийд сонсголоо. Дэлхийн II дайны үеэр Монгол л ганцаараа Зөвлөлтийн армийн морины хангамжийн эх сурвалж болж байжээ. БНМАУ нь Японы Манж-Го улсын эсрэг зогсох Зөвлөлтийн том түшиц газар байсны зэрэгцээ өөрсдийнх нь хэлдгээр “Агуу эх орны дайн”-д шаардлагатай мориор Улаан армийг хангахад эргэлзэх зүйлгүй чухал нөлөөг үзүүлжээ. Монгол Улс дөрвөн жилийн дотор Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-д 485 мянган агт морь ний­лүүл­жээ. Зарим эх сурвалжаар бол 500 мянга гаруй монгол морийг нийлүүлсэн гэдэг. Морьт-механикжсан нэгтгэлийг 1941-1945 онуудад командлан Смоленскаас Сталинградаар дамжин Будапешт, Ман­жуур хүртэлх дайны замыг туулсан генерал Исса Плиев, хожим дурсамжиндаа бичих­дээ, “… арчил­­гаа маллагаа төдийлөн шаардахгүй мон­гол морьд Зөвлөлтийн танк­тай зэрэгцэн Берлин хүрсэн юм” гэсэн нь санамсаргүй үг биш юм. Үүний хажуугаар, зургаан морин диви­зийг хангах хэмжээний 32 мянган морь­дыг Монголын ард түмнээс Улаан армид бэлэг­лэжээ. 1943-1945 онд фронтын таван морь тут­мын нэг нь монгол адуу байжээ. Улаан арми, хүн амынх нь хангамжид Монголын махны нийлүүлэлт бас чухал байсан юм. АНУ Зөвлөлтөд 665 мянган тонн махан консерв нийлүүлсэн бол Монгол улс тэр жилүүдэд бараг 500 мянган тонн махаар туслажээ. Мөн дайны жилүүдэд Монголын тал нутгаас ирсэн бас нэг гол тусламж нь ноос байсан юм. АНУ 54 мянган тонн ноос илгээсэн байхад монголчууд түүнээс ч илүү 64 мянган тонн ноос Зөвлөлтөд өгчээ. Дайны жилүүдийн зөвлөлт шинелийн тавны нэг нь “монгол” байсан аж.

 

“Зөвхөн 1941 онд Монгол Ард улсаас Зөвлөлтийн дайчдад зориулан 140 вагон бэлэг ирж байлаа гэж маршал Жуковын дурсамжинд бичигджээ. Гадаад худалдааны банкинд нь 2 сая 500 мянган төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алт Монголоос шилжүүлсэн байв. Тэр хөрөнгөөр 53 танк хийсэн бөгөөд “Хувьсгалт Монгол” танкийн бригад нь Танкийн гвардийн 1-р армийн 112 –р бригадын бүрэлдэхүүнд багтан, Берлин хүрчээ. Түүнчлэн монголчууд танкаас гадна “Монгол ард” нисэх эскадрилийг Улаан армид бэлэглэсэн байна.

 

Фото: Георгий Зельма / РИА Новости

 

Тийм ч учраас Москва, Бээжинд тэмдэглэсэн Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн урьж, монголчуудын тусламжийг онцолж байлаа. Монголын ардын армийн 22 мянган хүнтэй анги нэгтгэл энэ дайны төгсгөлд Байгал нуур орчмын фронтын баруун жигүүрт тулалдаж яваад дэлхийн түүхэнд хамгийн их хор нөлөөтэй дайныг дуусгалцсан билээ. Тэгэхлээр Монгол ч энэ агуу их ялалтын баяраа бас өргөн тэмдэглэсэн юм.

 

Мөн энэ дайнд ихээхэн нэрвэгдсэн Хятадын алдар гавьяаг тодотгоход хүргэв. Хятадын арми эх орны дайнд оролцоогүй. Гэхдээ түүний үйл ажиллагаа нь Японыг Зөвлөлтөд довтлохоос барьж байсан нэг шалтгаан нь юм. Япон улс 1937 онд Хятадын эсрэг дайныг эхлээд таван сарын дараа Нанжин, Бээжин, Шанхай хотуудыг эзэлсэн, Хятадын армийг бараг бут ниргээд байсан юм. Тэр үеэр Зөвлөлт их хэмжээний зэвсгээр тусалжээ. Зөвлөлтөөс 1285 нисэх онгоц, 1600 их буу, 14 мянган пулемёт нийлүүлсэн ба оросын сайн дурынхан гэгдэх нисгэгчид Хятадын талд тулалдаж эхэлсэн байна. Улаан арми 1938 онд Хасан нуурын орчим, 1939 онд Халх гол дээр японы цэрэгт цохилт өглөө. Хятадад япончуудын ялалт нь ялагдалтайгаа зэрэгцэх нь ихсэв. 1938 онд Японы таван дивизийг хятадууд бүслэн устгасан байна. 1939-1942 онуудад Хятадын арми Чанша хот руу хийсэн довтолгооныг гурван удаа няцаасан нь түүхэнд “Зуун хорооны тулалдаан” гэж бичигджээ. Хоёр сарын дотор Хятадын арми таван сая хүнтэй нутгаа чөлөөлсөн байлаа.

 

Зөвхөн Хятадад япончууд хагас сая хүнээ алдан тэнд сая хүнтэй армийг барьж байх болсон юм. Тааруухан сургасан муу зэвсэгтэй дөрвөн сая цэрэг партизантай тэмцэлдэж байсан Япон Зөвлөлтөд довтлохоос татгалзсан юм.

 

Хятадын цэргүүд Москвагийн парад дээр.

Фото: Jia Yuchen / Xinhua / ZUMA Wire / Global Look

 

Гитлерийн эсрэг эвслийн зэвсэгт хүчинд Британийн эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан Энэтхэгийн (тэр үед өнөөгийн Пакистан, Бангладеш бас хамт байсан юм) 2,5 сая хүн армийн эгнээгээр дамжсаны ихэнх нь сайн дурынхан байв. Дайны төгсгөлд энэтхэгчүүд явган цэргийн 25 дивиз, танкийн нэг дивиз, агаарын десантын хоёр дивиз, явган цэргийн 20, танкийн 2 бригадыг бүрэлдүүлж байлаа. Эрэлхэг зоригтой Энэтхэг цэргийн ялалтад оруулсан хувь нэмрийг Орос улс энэ жил цоо шинээр үнэлсэн бөгөөд Энэтхэгчүүд хоёр том ялалтын парадад оролцлоо.

 

Энэтхэгийн цэргүүд Эритрейд, 1941 он дөрөвдүгээр сар.

Фото: Mirrorpix / Corbis

 

Ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн сербичүүд Югославын Ардын чөлөөлөх армийн гол цөм нь байсан юм. 1941 онд Сербийн нутагт Зүүн Европын цорын ганц партизаны Ужицкийн эх улс хоёр сар оршин тогтнож байжээ. Югославын партизаны отрядууд нь Гуравдугаар рейх, түүний хамсаатнуудын ихээхэн хүчийг татаж байв. Хэрэв 1941 онд Югославт немцийн 4 дивиз байсан бол 1943 оны төгсгөл рүү бараг сая хүнтэй 20 дивиз нь партизануудтай байлдаж байв. Тийм ч учраас энэ жил Серби Энэтхэгийн нэгэн адил шинээр үнэлүүлэн цэгнүүллээ.

 

Агуу эх орны дайнд ялсан Оросын ард түмний үүрэг ролийг доош хийх гэсэн оролдлого ийнхүү харин Оросуудын бахархлыг улам нэмэгдүүлсэн юм. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж, дайнд ихээхэн хохирсон Балтийн орнууд, Украин зэрэг улс орон харин өөрсдийн фашистуудыг дээдлэх гэж оролдлоо. Гэвч дайны хүндийг нуруудаа үүрсэн агуу ард түмний дурсгалыг доош хийж чадаагүй юм.

 

Ялалтын баярын өдөр Оросын 26 хотод цэргийн парад жагслаа. Москвагийн гол парадад 14 мянган цэргийн албан хаагчид, 194 хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцжээ. “Үхэшгүй мөнхийн хороо” гэсэн арга хэмжээ олон хотуудад болж, дайнд оролцогчдын үр хүүхдүүд тэднийгээ мартаагүйг харууллаа.

 

 

Энэ арга хэмжээ нь Ялалтын 70 жилийн ойн оргил нь байсан юм. Хагас сая хүн оролцсон Москвагийн “Үхэшгүй мөнхийн хороо” арга хэмжээнд ерөнхийлөгч Владимир Путин эцгийнхээ зургийг барьж оролцлоо.

 

Ялалт 70-2015 оны есдүгээр сарын 3

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв Тянь-Аньмэний талбайд дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ой, Японы түрэмгийллээс чөлөөлөгдсөн ялалтын баяр Хятадын цэргийн парадаар үргэлжилсэн юм. Парадад 12 мянган цэргийн албан хаагч, 200 гаруй байлдааны онгоц, нисдэг тэрэг, цэргийн 500 гаруй техникийн нэгж оролцсон байна.

 

 

 

Бээжингийн парад "Дайнд ялсан агуу их ялалтын дурсгал, Японы түрэмгийлэгч нарын эсрэг дайны агуу сүр хүч, Агуу ард түмний сэргэн мандлын ололт” хэмээх нэртэй бөгөөд Хятадын энх тайвны төлөөх эрмэлзлэлийг харуулж байгаа хэмээн тайлбарлаж байлаа. Мөн дэлхийн 49 орны төр засгийн тэргүүн, зочид төлөөлөгч Бээжин хотноо хүрэлцэн очсон нь энэхүү парадын үнэлэмжийг илтгэж байна хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж байлаа.

 

Эх орны дайн буюу дэлхийн II дайны түүхэн ач холбогдол нь фашизм, нацизмыг нийгмийн амьдралаас шахан зайлуулсанд оршдог. Дэлхийн сая сая хүн хүний амьдралд харшлах фашист үзэл суртал, стратегийг энэ дайны уршгаар ойлгосон гэж болно. Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. Нийт хүний хохирлын 85 хувь нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15 хувь нь Тэнхлэгийнхэнд ноогдоно. Хорих лагерьт 12 сая хүн, бөмбөгдөлтөд 1.5 сая хүн, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ. Одоо Хятад хохирлынхоо талаар өөрчлөн шинэчилсэн мэдээ гаргаж байгаа. Европын хүн амын хохирлын талаас илүү хувийг ЗХУ дангаар үүрч байлаа. Орос 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ.Харин АНУ материаллаг хохирол бараг амсаагүй гэхэд болно. Тэдний хохирлын хэмжээ нэг тэрбум 267 сая ам.доллар буюу дайнд оролцогч орнуудын нийт хохирлын 0,4 хувийг эзэлдэг байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж