Амлалтаа мартсан “Ардчилал”

Хуучирсан мэдээ: 2015.12.31-нд нийтлэгдсэн

Амлалтаа мартсан “Ардчилал”

-NEWS агентлаг 2015 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна-

“Албан тасалгааны цонхоор

Амьдрал сайхан харагдана…”

Хүмүүнлэг, эрх чөлөөт улс болохоор монголчууд гэрээсээ гарснаас хойш 26 жил өнгөрчээ. Бид харин өнөөдөр хаана хүрсэн бэ гэх асуултыг шинэ оны босго бидэнд тавьж байна. Өнгөрсөн 26 жилийн 18-ыг нь МАН, дордохын долоон жилд нь АН эрх барьж ирсэн хэнд ч ойлгомжтой статистик байна. Коммунистууд өнөө хэр амь бөхтэй, тэргүүлэх чиглэлд оршсоор ирсний баталгаа нотолгоо нь 18-ын тоо.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс болохоор тэмүүлсэн энэ он жилүүдэд бид зорьсондоо хэр ойртов. Тухайн үед ардчилсан хөдөлгөөний туг нь болж явсан залуус өнөөдөр тавь хэдийнэ гарчээ. Хүний амьдралын нэг үеийг эрдэм боловсрол эзэмшин гэр бүл, үр хүүхэдтэй болох 22-26 насаар тооцвол шинэ үе хэзээний гарч иржээ. Харин залуу ардчилагчид маань сэтгэлгээ, үнэт зүйлс, үзэл баримтлалын хувьд коммунистуудаас дутахгүй хийрхэгчид болон бэлтгэгдсэн байх юм.

Хэн нэгэнд толгойгоо мэдүүлж бус алдсан ч хамаагүй өөрийнхөөрөө үзэл санаа, хүсэл мөрөөдлөөр солголтоо хийдэг залуус өнөөдөр сохроор нам даган намирахыг бүхнээс илүүд үздэг болж. Өнөөгийн нийгэмд дөвчигнүүрүүд, албан тушаалтнууд өнгөтэй өөдрөг явдаг болсноос тэр биз ээ.

Ардчилсан хувьсгалын ойн босгон дээр үзэл бодлоо илэрхийлсэн залуусаа ардчилагчид хөөгөөд гаргасан нь эрх чөлөөг өөрсдийн өмч гэх нь холгүй явдаг тэд өөрсдөө ч мэдэлгүй ийм болжээ.

Ардчилсан намын дарга З.Энхболд баярын хурал дээрээ “Нэг хүнд ногдох ДНБ 2010 онд 3.5 сая төгрөг байсан бол 2015 онд 7.4 сая төгрөг болж нэмэгдсэн байна. 1990 оноос өмнөх жилүүдэд 27 сая толгойгоос илүү гарч байгаагүй малын тоо 2015 оны эцэст 60 сая толгойд хүрэх төлөвтэй байна. 1940-1990 оны хоорондох 50 жилд Монгол Улсын эдийн засаг 10,4 дахин өссөн бол Ардчилсан хувьсгалаас хойшхи 25 жилийн хугацаанд 76 дахин өссөн байна” гэдгийг индэр дээрээс халуун алга ташилтан дор хэлсэн.

Яг хуучны “Үнэн” сонинд тав зургаан нүүр дамнан гаргадаг хоосон магтуу, худал хийрхэл шиг.

Албан тасалгааны цонхоор амьдралыг төсөөлсөн төсөөлөл. Худлаас худлын хооронд хуруу дарамхан үнэн үнэндээ харагдахаа байжээ.

Монголын нийт баялгийн 90 орчим хувь нь 200 гаруй гэр бүлийн мэдэлд байна гэдгийг хэн хүнгүй хэлэх болсон.

Бизнес хийж үйлдвэрлэл эрхлэхээс илүүтэй төрд ажиллахыг илүүд тооцсон хэвээрээ.

Хэдийгээр шилэн данс, чөлөөт худалдааны бодлогыг эрх баригчид барьж буй ч хуулийн тэгш бус байдал, эрүүдэн шүүлт Монголд бодитоор оршсоор буйг өнгөрсөн жил явуулсан хүний эрхийн тайлан илтгэл бэлээхэн гэрчилнэ.

Монголын нийгмийн бодит төрх ардчилсан гэхээс илүүтэй феодализм, капитализм, коммунизмын хярамцаг болжээ. Төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэнд хууль үйлчилдэггүй, энгийн иргэдэд зориулсан аятай дүрэм журам үйлчилж, харанхуй бүдүүлэг, хариуцлага, соёлгүй хачин үл ойлгогдох ширэнгийн гэхэд ч балмад тийм “хууль” үйлчилж байна. Ер нь хууль журам гэхээсээ танил талын сүлжээ үйлчилж байна.

Улстөрчид албан тушаалаа, орон нутгийг өөрсдийн өмч мэт үзэж, түүндээ өөрөө эсвэл өөрийнхөө ойр дотныхонг томилдог болоод удлаа.

Гадаадад улс орныг үзэл санаагаараа удирдан залж, хөгжүүлэх бодлогыг боловсруулан өрсөлдөгч нь нам байдаг бол манайд нам нийлж, сэм хуйвалдах “чөтгөрийн үүр” болов.

Өнөөгийн Монголын аль ч намд нарийн үзэл баримтлал байна уу гэвэл хол хэвтэнэ. Харин нарийн зохион байгуулалттай, ашиг сонирхлын олон бүлэглэлийн нэгдлийг олоод ир гэвэл захаас нь заагаад өгч болно. МАН-д “хотын”, “зүүний хүчин” гэхчилэн байх бол АН-д “Шонхор”, “Алтан гадас”, “МҮДН”, “МоАХ” гэхчилэн фракциуд нэртэй бүлэглэл бий. Өнөөдөр тийм боловсролтой, туршлага хуримтлуулсан гэхээсээ илүүтэй “тэрний хүн”, “тэдний суудал” гэж төрийн хариуцлагатай албан тушаалын томилгооны тухай тэд ярихыг хоёр дэлдэнгээрээ харамгүй сонсож явлаа.

Ноу хау, өрсөлдөх чадвартай бизнесийн хүрээллээс бус төрөөс тэрбумтнууд төрөөд буй шалтгаан нь энэ. Ичгүүр сонжуур утгаа алджээ.

Улс төрийн хүчнүүд ч гэлтгүй нийгэм бүхэлдээ энэ тахлаар өвчилсөн. Төр засгийг өөрсдөд нь хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэсэн халамжийн коммунист сэтгэлгээнээсээ бид салаагүй байгаа нь ч төрд луйварчдыг гаргах гол шалтгаан болж байна. Өнөөдөр иргэдийн саналыг худалдаж авчхаад иртэй, бяртайдаа сонгогдсон юм шиг шархаа нөхөхийн төлөө төсвийн данс улайлгадаг увайгүй нөхдүүд олшроод буй нь нийгэм бүхэлдээ ашиг хонжооноос өөр илүүг сэтгэж, үнэ цэнээ ухамсарлаагүй эсвэл ухамсарлахыг хүсэхгүй байгаагийн шинж гэлтэй.

Жирийн бизнесмэнүүд ч улс төрд орох сонирхолтой болсон нь шударгаар явбал маргаангүй хаалгаа барихаас өөр аргагүй байдалд орж буйтай холбоотой. Тиймээс эрх мэдэлтнийг мөнгөөр тэтгэж, оронд нь тендер, зөвшөөрлийг нь авдаг авлигын тор нэхэхийг илүүд үзэж болсон нь нууц биш.

Эрх чөлөөг эрхэмлэн сонгосон нийгмийн гажуудал эцэстээ хуучны тоталитар дэглэмээ санагалзагчдыг төрүүлэхэд хүргэж, Монголын олон арван сэхээтнийг хэлмэгдүүлж, үг сөрвөл үе удмаараа харгислуулж, бусдад дагаар орохыг уриалж байсан нийгмийн удирдагчийн 100 жилийн ойг тэмдэглэх тухай санаачлагыг хууль тогтоогчид нь хэлэлцэж байх жишээтэй.

Монголын баяр ёслол ч хуучин хэвээрээ. Коммунизмын баярын өдрүүд үгүй болсон ч оронд нь ардчилагчдын гаргаж ирсэн өөрсдийг нь тодотгож, магтан дуулж, халуун алга ташилтын дор гоёчилсон, яруу алдраа дуурсах яг хуучны сэтгэлгээтэй баяраа хийсэн хэвээрэй.

Тэгсэн хэрнээ улстөрчдийн хамгийн дургүй газар нь нийгэмд хамгийн хэрэгтэй авлигатай тэмцэгчдийг балбах. Авлигын хэргээр ард түмний өмнө шийтгүүлсэн хүн өнөөдөр Засгийн газарт Шадар сайд болох гээд санал гаргаж байгаа нь бидний мэдэх ардчилал бололтой.

Авлигачид хүний эрх ярьж, авлигын хэргээр яллуулсан албан тушаалтнууд шоронд хоригдохын оронд эмнэлэгт өдөр хоногийг өнгөрүүлдэг, Ардчилсан намын дарга асан нь АТГ-ын үйл ажиллагааг эсэргүүцдэг ийм л хачин нийгэмд бид аж төрж байна.

Дарангуйлагчийн засаглалаас 26 жилийн дараа Монголд ашиг сонирхол, бизнесийн бүлэглэлийн засаглал бий болж, нам дамнасан бүлэглэл түүнд нь заларсан, мухар сүсгийг шүтэж, хариуцлага үгүйлэгдсэн улс болжээ. Бид улам бүр Африкийн улс орнуудтай адил төстэй болж байна.

Ан Сан Су Чигийн хэлсэнчлэн "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой" гэдгийг бид бодит байдал дээр амсаж байна. Гэхдээ бид дүр эсгэх гэж бус бүрэн утгаар нь бий болгох гэж ардчиллыг сонгосон. Тиймээс одоо анхны зорилгоо эргэж харах цаг иржээ. Ардчиллын оюун санааны удирдагч нь болж явсан Баабар өнөөгийн энэ бүхний төлөө яваагүй гэдгээ илэрхийлж “Намын гишүүнээс намайг хасаарай” гэтлээ ичгүүртэй болжээ. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэж… Хонхны дууны агуулга 26 жилийн тэртээхээсээ ердөө ч өөрчлөгдсөнгүй. Одоо ардчилагчид өөрсдөө нойрноосоо сэрэх цаг нь болсныг сануулсан Л.НАРАНТӨГС.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж