ГАРГАСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА
УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд хангалттай баримт нотолгоог хууль хяналтын байгууллагууд цуглуулж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлэхээр болсон тухай мэдээлэл цацагдах болсон. Үүнтэй зэрэгцэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж буй УИХ-ын гишүүд нь Ардын намынх бөгөөд тэдний дунд Д.Дондог, Ш.Сайхансамбуу нарын нэр бий гэсэн мэдээлэл ч “тэнүүчлэх” болсон. Тиймээс дээрх мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа. Ш.Сайхансамбуу гишүүнтэй холбогдуулан шалгаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэгтэй зэрэгцээд дээрх мэдээлэл гарсан. Харин тэрбээр одоогоор Улаанбаатарт байхгүй учир ямар нэгэн тайлбар авах боломж гараагүй юм.
Харин Д.Дондог гишүүнээс дараах зүйлийг тодруулав.
-УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хууль хяналтын байгууллагууд УИХ-ын даргад албан бичиг илгээх бэлтгэлээ хангаж байгаа тухай мэдээлэл гарах болсон. Дээрх гурван гишүүний тоонд таны нэр оржээ. Танд энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлсэн үү?
-Надад дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл ч юм уу, албан бичиг ирээгүй. Ямар нэгэн хэрэг түвэгт орооцолдоогүй учир би тайван л явж байна. Харин би Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоны дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын ярилцлагатай зэрэгцүүлээд миний тухай тийм мэдээлэл гаргасан тохиолдлыг санаандгүй хийсэн зүйл гэж бодохгүй байна.
-УИХ-ын гишүүн болохоосоо өмнө таныг газрын маргаанд нэр холбогдож байсан гэсэн. Энэ асуудал бүрэн эрхийг тань түдгэлзүүлэх үндэслэл болсон гэх яриа байна?
-Миний хувьд, тийм асуудлаар маргаан үүсгэсэн тохиолдол байхгүй. Хэвлэл мэдээллээр л тэгэж бичээд байдаг юм. Нөгөөтэйгүүр хүмүүс маргаандаа миний нэрийг хавчуулаад байдаг юм болов уу. Хэрэв тийм юм бол хууль хяналтын байгууллага хянаж, шалгаад үнэн зөвийг нь тогтоох байлгүй. Үнэхээр шалгаж байгаа бол аяндаа дуудах биз. Дээрх мэдээллүүдийг улс төрийн ямар нэгэн зорилготой л хийсэн байх гэж таамаглаж байна.
-Ямар учраас улс төржүүлж ойлгож байгаа юм бэ?
-“Зууны мэдээ” сонин миний тухай бичихдээ сонинд урьд нь бичсэн зүйлсээс иш татсан байсан. Үүнд уржигдар намайг “Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцлоо. Ямар нэгэн хаалт хийж байна” гэсэн санаа байгаа байх. УИХ-ын дарга захирамж гаргаад л Үндсэн хуулийн Цэцийн хуралд суу гэсэн болохоос би дурандаа суусан зүйл байхгүй шүү дээ. Тэр нь улс төрийн намуудын хоорондын маргааны асуудал ч биш. Хуулиудын хооронд маргаан байна гээд Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцэд асуудал тавьсан. Иймээс УИХ-ын гишүүн Су.Батболд бид хоёр тайлбар хийж, асуултад хариулсан л төдий. Мөн өнгөрсөн жилүүдэд ямар нэгэн жагсаал, цуглаан болоход би Төрийн байгуулалтын байнгын хороог төлөөлөн гарч “Тар” гэж хэлдэг. УИХ-д ямар нэгэн шаардлага хүргүүлэхэд нь авдаг байсан.
-Тэгэхээр энэ бүх асуудлыг МАХН-ынхны хийж буй үйлдэл гэж ойлгож байгаа байх нь ээ?
-“Зууны мэдээ” сонины өчигдрийн дугаарт гарсан мэдээллийг би тэгж л ойлгож байгаа. Хэрэв бичих байсан бол өмнө нь бичиж болох л байсан шүү дээ.
-Таны талаар бичсэн мэдээллийг нотлох баримтаар баталсан тохиолдолд УИХ-ын бүрэн эрхээсээ та сайн дураараа татгалзахад бэлэн байгаа юу?
-Би ямар нэгэн асуудал гаргаагүй учир нотлогдсон тохиолдолд гэж ярих нь зохихгүй. Хэрэв нотлох зүйл байвал хууль хяналтын байгууллагын шийдвэрийг дагах нь мэдээж шүү дээ. Сонгогчдынхоо итгэлийг алдаагүй гэдэгтээ итгэлтэй байгаа учир надад айж эмээх зүйл байхгүй.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
