“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ хуралдав

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ болон түүний хороод энэ сарын 10-11-нд хуралдлаа. Энэ удаагийн ТУЗ-ийн хурлыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой төслийн талбайд зохион байгуулсан байна. ТУЗ-ийн хурлаар Оюутолгой төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааны тайланг голлон хэлэлцжээ. Тэр тусмаа геологи хайгуул, ил болон гүний уурхайн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцсан аж. Мөн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбогдуулан бэлтгэл ажил, төлөвлөгөө, нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Энэ үеэр уурхайн дэд бүтэцтэй холбоотой бүтээн байгуулалтын ажлын явц, ялангуяа усны шугам, хоолой, зам, эрчим хүчний хангамжид онцгой анхаарал хандуулан хэлэлцэж, холбогдох шийд­­вэр, зөвлөмжүүдийг гар­га­лаа.

ТУЗ-ийн хурал болохоос ердөө хоёр хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто”, “Айвен­хоу Майнз” ком­па­ниуд Оюутолгойн Хувь ний­лүүлэгчдийн гэ­рээнд оруулж буй нэ­мэлт өөрчлөлтийг батал­гаа­жуулан гарын үсэг зурсан билээ. Тиймээс ТУЗ-ийн ээлжит хурал­даанаар Хө­рөн­гө оруулалтын гэрээ­ний хэрэгжилт, Хувь ний­лүү­лэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, Оюутолгой төслийн сан­хүү­жилтийн явц, цаашдын төл­­вийн талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сүү­лийн үед Оюутолгой төс­лийн талбай дээр гар­сан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажил­лагаа, хүнс­ний аюулгүй байдалтай хол­богдох зарим асуудалд онцгой анхаарал хан­дуулан, ком­панийн удирд­лагад тодорхой үүрэг, даал­гавар өгчээ.

Мөн энэ үеэр ТУЗ-д бүл нэмэн, шинээр томилогдсон “Рио Тинто”-ийн Зэсийн бүлгийн Ерөнхий менежер Питер Николс, “Оюутолгой” ком­панийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей нарыг баталжээ. Ийнхүү тэд ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Питер Мередит, Билл Уэлд нарын оронд ажиллахаар боллоо.

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар онцгой ач холбогдол өгч хэлэлцсэн дараагийн асуудал нь Ханбогд сум руу татах цахилгаан дамжуулах шугам, нутгийн оршин суугчдын ундны цэвэр усны хайгуулын ажил болон тэнд барих, өргөтгөх сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжуудын төсөв, төлөвлөлтийн асуудалд чиглэсэн байв. Одоогоор Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 23 хувь, баяжуулах үйлдвэрийн барилгын ажлын явц 32 хувьтай байна. Энэ үзүүлэлт нь уурхайн эхний ээлжийн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэлийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө эхлэх боломжийг бүрдүүлж буйг ТУЗ-ийн хурлаар сайшаажээ.

Түүнчлэн ТУЗ-ийн гишүүд Ханбогдод болон Улаанбаатар, Даланзадгадад шинээр барих, Эрдэнэт, Дархан, Чойрт өргөтгөхөөр зэхэж буй Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн барилга, тоног тө­хөөрөмжийн хангалтын байдалтай танилцав. Тэд өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр, ашиглалтын зориулалттай “Хоёрдугаар босоо ам”, дулааны станцын ажлын явцыг үзэж, анхдагч бутлуур, хүдэр зөөвөрлөх туузан дамжлага, цахилгаан дамжуулах шугам зэрэг уурхайн болон дэд бүтцийн барилга бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ.

Оюутолгой төсөл бол Монгол Улсын Засгийн Газар болон Рио Тинто, Айвенхоу Майнз компаниудын гурвалсан түншлэлээр хэрэгжиж буй. Монгол Улсад хэрэгжиж байсан төслүүдээс хамгийн том нь яах аргагүй мөн. Тухайлбал уурхайн эхний үе шатыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ нь манай улсын 2010 оны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй тэнцэж юм. Үүнтэй холбогдуулан сануулахад дэлхийн тэргүүлэх эдийн засагчдын нэг, доктор Брайн Фишерийн хийсэн эдийн засгийн загварчилсан судалгааны дүнгээс харахад 2017 он гэхэд Оюутолгой төсөл дангаараа манай улсын эдийн засгийг 35 хувиар өсгөх нь гэсэн гайхалтай дүр зураг харагдаж буй.

Нөгөөтэйгүүр Оюутолгой нь дэлхийн хамгийн том, агуулга өндөртэй зэсийн уурхайнуудын нэг болох учиртай. Зөвхөн уурхайг барихад таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа. Эзэмшлийн хувь хэмжээ, Монгол орны ирээдүйн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгаа үзүүлэлтийн хувьд хөрөнгө оруулагч тал гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсээр байна. Тухайлбал, боловсролын чиглэлээр 78 тэрбум төгрөгийн, Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нэмэлт 36 тэрбум төгрөгийн өртөгтэй төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Цаашид үйлдвэрлэлийн үе шатанд байнгын ажиллах хүчний 90 хувийг монголчууд бүрдүүлнэ хэмээн төлөвлөөд байгаа зэргээс харахад төслийнхөн Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах ерөнхий том үүрэгтээ ихээхэн хүч хөрөнгө зарцуулж, анхаарал тавьж буй.

Харин Монголын талаас анхаарах шаардлагатай асуудал олон бий.Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтөө хангах байр суурин дээрээ тууштай зогсох нь чухал. Тиймээс ч хөрөнгө оруулагч талынхан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд гарын үсэг зурсны дараа хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэрээг тууштай хэрэгжүүлэх  бодлого баримталж буй нь олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улс бол хөрөнгө оруулахад таатай улс орон гэдгийг батлан харуулж байна” хэмээн хэлээд авна билээ. Талархал, сануулга хослуулсан энэ үг дэлхийн гигантуудын сонорт хүрсэн нь дамжиггүй.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж