Цэцийн шийдвэр бол МАХН-ын ялагдал биш шүү

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Цэцийн шийдвэр бол МАХН-ын ялагдал биш шүү

Ц.ШИНЭБАЯР: ЦЭЦИЙН ШИЙДВЭР БОЛ МАХН-ЫН ЯЛАГДАЛ БИШ ШҮҮ

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа. 

-Үндсэн хуулийн Цэц ур­жигдар экс Ерөн­хийлөгчийн экипажийнханд “Үгүй” гэж хэл­лээ. Харин та бүхэн ялагд­лаа хүлээн зөвшөөрөх үү?

-Уучлаарай, энэ бол ялагд­ал биш. Монголд хууль байхгүйг л харууллаа. Бүр тодорхой хэлбэл, улс төрийн тогтолцоо, хууль хяналтын байгууллагууд болон төрийн түшмэдийн үйл ажиллагаа “ял­зарч” доройтсоныг та бид бо­ди­тойгоор харлаа шүү дээ. Ер нь Монгол Улсад шударга ёс хэзээ ялж байсан юм бэ. Тэгээд ч улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдсан. Гадаадынхны за­хиал­гаар ажиллаж, гар, хөл нь болсон хүмүүс төрд бай­гаа учраас шийдвэр нь мон­голчуудын эсрэг гардаг. Ур­жигдар болсон үйл явц ч гэсэн энэ бүхний салаа, мөчир нь.

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Уд­вал та хоёр нэгэн хачир­халтай тайлбарыг хийжээ. “МАХН хэмээх товчлолыг үргэлжлүүлж авах биш, дахин хэрэглэж болно” хэ­мээн үзэж байна” гэж. Энэ юу гэсэн үг вэ?

-Үнэнийг хэлэхэд, юуг ч тайлбарлаад нэмэргүй бол­чихсон доо. Манай улс мөхөж буй орнуудын жагсаалтад орсныг мэдэж байна уу. Ийм байхад хууль ёс, иргэний эрх гэж яриад нэмэргүй. Би Өмнөговь аймагт саяхан ажил­лаад ирсэн. Тэнд Монголын хууль хэрэгжихгүй байна. Мон­гол хүний эрх ашиг ха­рийнхны ашиг сонирхлоос дорд үзэгддэг болжээ.

-Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан ч эрх ашгаа хамгаалж чадсангүй, тийм үү. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд экс Ерөнхийлөгч оролцож “Намын нэр бол өмч биш” хэмээн мэтгэлцсэн ч нэмэр болсонгүй?

-Хуралдааны үеэр ямар ч мэтгэлцээн өрнөөгүй. Бүхнийг захиалгаар урьдчилан зохион байгуулчихсан учир юу ч болоогүй. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд зүгээр л танилцуулга хийсэн. Гэвч үндсэн сэдвээсээ гэнэт хазайсан юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болоогүй гэсэн үг. Н.Энхбаяр дарга ч үг хэлээгүй. Цэцийн гишүүд хуралдаанд оролцогчдоос ямар нэгэн асуулт асуугаагүй. Та нар “Монголд төр бий” гэж бодоод байх юм. Үнэнийг хэлэхэд, төр байхгүй.

-Тэгвэл та нар яах гэж Улсын дээд шүүхэд хандсан юм бэ. Энэ бол төрийн чухал институци шүү дээ?

-Бид төртэй байлгахын төлөө ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үнэхээр ардчилсан Ерөнхийлөгч юм бол, бас үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм бол үгээ хэзээ хэлэх юм бэ. Ер нь энэ нөхөр хаана яваа нь ч мэдэгдэхгүй юм. Гэтэл улс орных нь байдал болохоо байлаа шүү дээ.

-Та бидний ярилцаж буй сэдэвт Ерөнхийлөгч ямар хамаатай юм бэ. Үндсэн хуулийн Цэц “МАХН гэдэг товчлолыг дахин хэрэглэх боломжгүй” гэж шийдвэрлэсэн учраас энэ бүхэнд Төрийн тэргүүн нөлөөлсөн гэж арай хардаж байгаа юм биш биз дээ?

-Үгүй ээ, би Монгол Улс төргүй болсон тухай л ярьж байна.

-Таны хамтран зүтгэгч Н.Удвал уржигдар “Тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэж мэдэгдсэн. Тиймээс нуулгүй хэлээч. МАХН-ынхан цаашид ямар алхам хийх вэ?

-Ард түмний дунд санал асуулга явуулж л шийдэхгүй бол өөрөөр ший­дэх боломжгүй болчихлоо. Улс­төрчид нь эх орноо худалдсан, авлигад идэгдсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хараат бус байдлаа алдчихсан энэ үед санал асуулгын дүн гарсны дараа асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Ний нуугүй хэлэхэд, нөхцөл байдал ийм л байна.

-Өнөөдрийн байдлаар, санал асуулгад хэчнээн иргэн оролцсон бэ?

-Улаанбаатар хотод 200 гаруй мянган хүн санал асуулгад оролцсон. Бид орон нутгийн мэдээг өдөр бүр авч байгаа. Манай намынхан Улаанбаатар хотод зохион байгуулж буй санал асуулгын дүнг өдөр болгон нэгтгэдэг. Харин нийтэд нь хоёр хоног тутамд дүгнэж байгаа. Тиймээс санал асуулгын эцсийн дүн тун удахгүй гарна.

-Бүх ард түмний хуралдай энэ сарын 20-доор өндөрлөнө гэсэн байх аа?

-Санал асуулгын дүн эцэслэн гарсны дараа Бүх ард түмний хуралдай хуралдана. Нэгдсэн дүнг нь хуулийн дагуу баталгаажуулах ёстой юм. Ерөнхийдөө Монголд улс төрийн тоглоом дууссан. Хулгайч, луйварчид, эх орноосоо урвагчид төрийн эрхэнд гарчихлаа.

-Таны хэлсэнчлэн МАХН-ынхан Үндсэн хуулийн Цэц, бас УИХ, Улсын дээд шүүхийн шийдвэрээс илүү санал асуулгынхаа эцсийн дүнд найдаж байгаа юм байна. Ингэлээ гээд нэмэр байна уу?

-Санал асуулгын урьдчилсан дүнгээс харахад, иргэд төр засагт тааламжтай хандахгүй байна. Эцсийн дүн нь ч иймэрхүү байдалтай гарах хандлагатай. Манай намынхан иргэдтэй хийх уулзалтуудыг маш олон удаа зохион байгуулж байгаа. Нийслэлийн захын дүүргүүд болон орон нутагт хэсэгчилсэн уулзалтууд хийж байна. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандах зүйлс олон бий. Тэдний олонхи “Төрийн байгууллагуудад хариуцлагын тог­толцоо гэж алга. Шат, шатанд ажил хийхгүй байна. Өөрсдийг нь шүүмжилдэг хүмүүсийг дуугүй болгох, худалдаж авахаас биш шүүмжлэлийн мөрөөр ажиллахаа больсон” хэмээж байна.   
  
-“Онги гол”-ын Ц.Мөнхбаяр тэргүүтэй нөхөд уул уурхайн ком­панийнхныг дайлаар мордохоор одсон. Төрийн ордон тийш нум сумаар харваж, бухимдлаа илэрхийлсэн тэдэнтэй та бүхэн хүч хавсрах уу?

-Үгүй яах вэ дээ. Хөдөлгөөнүүд өөр, өөрсдийнхөөрөө үйл ажил­лагаагаа явуулж л байна. “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хө­дөлгөөнд маань 18 хөдөлгөөн нэгдсэн. Тэдгээрийн дунд Ц.Мөнх­баяр нар байхгүй.

-Гэвч энэ бүхний эцэст та бүхэн МАХН хэмээх нэрээ бүртгүүлэхийг зорьж байгаа шүү дээ. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцийн шийд­вэрийг УИХ хүлээн авч, Улсын дээд шүүхийнхэн ч бас “Тийм” гэвэл яах вэ. Ажиглагчдын таамагласанчлан Н.Энхбаярынхан Үндэсний шинэ намтай нэгдэх үү?

-Бид нэг тиймэрхүү “жижигхэн” улс төр хийж яваа хүмүүс биш шүү дээ. Намын нэрээ бүртгүүлэхээр зүтгэж байна гэдэг бол МАХН-ынхны зүгээс хийж буй нэг л алхам. Хоёр нам нэгдэх тухай яриа хөөрөө ч мөн адил. Гэтэл цаана чинь Монгол Улс орших уу, эс орших уу гэдэгтээ тулаад байна. Тиймээс бид эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээхэд анхаарлаа хандуулж байгаа.

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны үеэр өөр нэгэн сонин зүйл ажиглагдлаа. Улс төрийн намуудын тухай хуульд “Тухайн намын өөрчлөгдсөн нэрийг 24 жил хэрэглэхгүй” хэмээх заалт оруулсныг Цэц 2005 онд хүчингүй болгосон. Гэвч та бүхэн “Цэцийн гишүүд гаргасан шийдвэрээсээ буцаж, бидний эсрэг хөдөллөө” хэмээн эсэргүүцэж байна. Тэр ч атугай “УИХ-ын зарим гишүүн тухайн намын өөрчилсөн нэрийг найман жилийн хугацаанд дахин “copy”-дохгүй байх тухай хуулийн төсөл өргөн барих гэж байна. Үүнийгээ УИХ-аар хэлэлцүүлээгүй байж, Цэцэд танилцуулсан нь буруу” гэж танай намынхан үзэж байгаа?

-Үндсэн хуулийн Цэц ч гэж дээ. Худалдагдсан хүмүүс л өөрсдийгөө “Цэцийн гишүүд” гэж нэрлэж байгаа болохоос биш Монголд Үндсэн хуулийн Цэц гэж байхгүй. Тэдний шийдвэр ямагт эх орон, ард түмэн, тэр ч атугай Үндсэн хуулийн эсрэг байдаг. Ийм атал Үндсэн хуулийн Цэц гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ. Тэгээд ч би “Үндсэн хуулийн Цэц” гэж ярихаасаа ичиж байна. Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн хүмүүс л тэнд бий. Хар л даа. Зайсан орчмын газар нутаг бол тусгай хамгаалалттай. Энд аж ахуйн нэгж, байгууллагууд барилга барихыг хуулиар хориглосон. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийнхэн хууль зөрчин газар авч, байшин барилаа. Өөрсдөө ийм байж Үндсэн хуулийг яаж “манах” юм бэ. Чадахгүй шүү дээ. Хууль зөрчдөг, ашиг сонирхлын зөрчилтэй, аль нэгэн намыг төлөөлж, Цэцийн гишүүнээр ажилладаг хүмүүс хэзээ ч зөв шийдвэр гаргахгүй. Үүнийг бид мэднэ. Тийм ч учраас манай намынхан Үндсэн хуулийн Цэц ямар шийдвэр гаргахыг мэдэж байсан. Нэр бүхий гишүүд Улс төрийн намуудын тухай хуулийн 6.4 хэмээгч заалт бүхий хуулийн шинэ төсөл өргөн барьсан тухай УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Цэцийн хуралдааны үеэр хэлж байна лээ. Тэд “Уг хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд УИХ-ын даргад өргөн барьсан” гээд байгаа юм. Миний хувьд, өргөн барьсан хуулийн төслүүдийн жагсаалтыг нягталж үзсэн л дээ. Онцлог нь тэдгээрийн дунд байхгүй байна. Жагсаалтад байхгүй байхад “Ийм хуулийн төсөл өргөн барьсан” гэж хэнэг ч үгүй ярилаа. Энэ бол Монголын улс төрийн дампуурлыг л харуулж байна. Үндсэн хуулийн Цэцийнхэн улстөрчдийн дампуу байдалд тааруулан УИХ-д хандаж байгаагийн тод жишээ.

-Та бүхнийхээр бол УИХ дунд суудлын хуралдаанд намуудын төлөөллүүдийг оролцуулалгүй Ар­дын намын бүлгийн хоёр ги­шүүнийг илгээсэн нь ч сэжигтэй, тийм үү?

-УИХ ямаршуухан царайтай байгаагаа л харуулсан. Энэ чинь бүх зүйл бүтэлгүй болсны илрэл биз дээ. Ийм байхад шинэ, сайхан зүйл олж харна гэж байхгүй.                  
    
-Яг энэ мөчид УИХ Сон­гуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ардын намынхан холимог тогтолцоон дээр байр сууриа нэгтгэсэн бол Ардчилсан нам пропорционалиар явуулах хувилбараа өөрчиллөө. УИХ дахь МАХН-ын цорын ганц төлөөлөл болсон та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын сонгуулийг ямар ч тогтолцоогоор явуулсан будилаан, луйврыг нь эцэс болгож чадахгүй. Учир нь сонгуулийн үеэр гардаг будилаан тогтолцооноос хамаардаггүй. Улиг болсон энэ хэдэн улстөрчдөөс л хамаг юм болж байгаа. Сонгуулийн тогтолцооны тухайд, эрхэм гишүүд 50:26, 38:38, 24:52 гэсэн гурван хувилбарыг дэвшүүлсэн. Харамсалтай нь аль нь ч ялгаа байхгүй. Холимог тогтолцооны гурван өөр хувилбар юм. Харин эдгээрээс огт өөр нь гэвэл, цэвэр мажоритари, бас пропорцональ тогтолцоо. Гэвч дахиад хэлье. Сонгуулийг ямар ч тогтолцоогоор явуулаад зарчмын ялгаа гарахгүй. “Улс төрийн орчныг цэвэрлэе” гэж байгаа бол энэ бүхнийг ард түмний дунд явуулж буй санал асуулгын дүн гарсны дараа ярих ёстой.   

-МСДН-ын дарга А.Ганбаатар “Иймэрхүү байдлаар бол ирэх жилийн сонгуулийг давхар явуулах нөхцөл үүснэ” гэжээ. Хэдийгээр танай намынхан ингэж хэлээгүй ч зарим хүн “Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан ийм тактик хэрэглэх юм биш биз” хэмээн хардаж байна?

-Та нар Н.Энхбаяр гэж яриад байх юм. Гэтэл Монгол Улс төр засаггүй болчихоод байна. Хаана байна вэ, тэр Ц.Элбэгдорж. Ерөнхий сайд С.Батболд яаж байна вэ. Хулгай хийж байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ямар байгаа билээ. Энэ хүн зүгээр л өдөр хоногийг өнгөрүүлж байгаа шүү дээ.

-Экс Ерөнхийлөгч саяхан “МАНАН”-ийн төөрөгдлөөс га­рахуй” хэмээх нийтлэл бичсэн. Үүнийг арай өөр өнцгөөс харвал, мань хүн өөрөө МАНАН дундаас га­рах гарцаа хайж явна уу даа?

-МАНАН-ийн төөрөгдөл гэхээс илүү Монгол Улс харийнхны колони орон болчихоод байна. Гэтэл төр засаг яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байна вэ. Охидын биеийг үнэлүүлж, монгол хүнийг бэлгийн боолчлолд байлгаж байна. Энэ бол олон улсын ноцтой гэмт хэрэг.

-Ингэхэд МАХН биш, Ц.Шинэбаяр гэдэг улстөрчийн карьер цаашид хэрхэн үргэлжлэх бол. Зарим улстөрч “Энэ нөхөр Н.Энхбаярыг дагаад юу ч үгүй үлдэх нь тодорхой” хэмээдэг. Харин таны ширээн дээр ямар төлөвлөгөө байна вэ?

-Монголын нэгэн улстөрчийн карьер эцэс болох бол юу ч биш. Ядуурал, авлига улам газар авч байгаа энэ үед хэн нэгний тухай ярихаас илүү улс орон нь мөхөж байгаад анхаарах хэрэгтэй. Та нар манай С.Молор-Эрдэнийн бичсэн номыг уншаарай.

-С.Молор-Эрдэнэ гэс­нээс тэр­бээр “Н.Энхбаяр М.Энх­сайхантай хэтэрхий сүжирсэн учир би түүнээс зайгаа барьсан” гэж ярьсан. Танай намын дотоод уур амьсгал таагүй байгаа юм биш үү?

-Би тиймэрхүү шальдар бульдар зүйл яримаагүй байна. Монгол Улс байна уу, байхгүй болчихсон юм уу. С.Молор-Эрдэнийн бичсэн номноос энэ тухай унших хэрэгтэй шүү. Түүнээс биш хоёр улстөрчийн тухай яриа бол үнэхээр жижиг асуудал. Авлига бол гэмт хэрэг. Гэтэл бид гэмт хэргийн ертөнц бүхий төрөөр удирдуулсаар байх юм уу. Би үүнд л санаа зовж байна.

-Намынхаа даргыг багагүй шүүм­жилсэн С.Молор-Эрдэнэ та бүхэнтэй хамтран ажилласан хэвээрээ гэж үү?

-Хэвээрээ. Намдаа ажиллаж бай­гаа.

-Ингэхэд МАХН-ын гишүүдийн тоо хэд болсон бэ?

-Манай нам нийт 26 мянган гишүүнтэй.

-Монгол Улс мөхөж байгаа юм бол та нар МАХН-ыг байлгах гэж ингэтлээ зүтгэх хэрэг байна уу?

-Монгол Улсыг байлгахын төлөө бид ажиллаж байна. Үнэхээр хэцүү байдалд орчихоод байна шүү дээ, энэ чинь.

-Мартсанаас Монголын алдарт хувьсгалт нам нэрээ яахаар болов?

-Тэр байгаа, байгаа. Гэхдээ бид бусдад тийм ч амархан бууж өгөхгүй шүү.  

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж