“Сүүдрээр алхагч” роман хэвлэгдэн гарна

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

“Сүүдрээр алхагч” роман хэвлэгдэн гарна

Британийн зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” роман орчуулагч Б.Цацралын орчуулснаар хэвлэгдэн гарах гэж байна. entertainment.news.mn сайтаар уг зохиолыг цувралаар уншдаг уншигчдад энэ нь тун таатай мэдээ байх болов уу. Ээдрээт хэргийн араас мөрдөгчийн хамт мөшгин адал явдалд хөтлөгдөхийн хажуугаар өнөөгийн Монголын нийгмийг өөрийн нүдээр зураглан дүгнэсэн зохиолчийн сонирхолтой үгсийг унших боломжийг энэ ном олгоно.


“Энэ бол нэн сонирхолтой роман. Монгол орныг зурагласан дүрслэл нь баялаг бөгөөд сэтгэл татам” хэмээн Британийн “Индэпэндэнт” сонинд бичжээ. АНУ-ын “Лайбрари журнал” харин “Эрдэс баялаг, бизнесийн төлөөх өрсөлдөөн хүчтэй давалгаалж эхэлсэн төдийлөн танил бус орны тухай төсөөллийг Уолтер бидэнд өгсөн байна” гэсэн юм.


“Баялаг гэдэг хэмжээтэй. Гэсэн ч яг одоохондоо дуусахгүй мэт санагдах арвин нөөцтэй нутагт урьд хожид авч байгаагүй их алт олборлож, үүнээс ашиг, хувь хүртэхээр хошуурцгааж байна” гэсэн мөрүүд уг номд бий. Зохиолчийн сэтгэлд манай орон ийнхүү бууж. 2006 онд бичигдсэн ч энд дүрсэлсэн энэ мэт нийгмийн үзэгдэл өнөөдөр бидний тархи, зүрхийг өргөс мэт хүчтэй өвтгөх болсон. Тиймээс уншигчдын сэтгэлд лавтайяа нийцэх буй за.


“Сүүдрээр алхагч” ном ирэх долоо хоногт худалдаанд гарна. suudreeralkhagch@yahoo.com хаягаар номын захиалга өгч болох бөгөөд хаягаар үнэгүй хүргэж өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж