Ким Чен Уны ойрын зөвлөх ослоор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны ойрын зөвлөх ослоор нас баржээ

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ойрын зөвлөх өчигдөр /XII.29/ автомашины ослоор нас барсан тухай “KCNA” агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга, намын улс төрийн төв хорооны гишүүн  Ким Ян Гон автомашины ослоор нас барсан аж. Түүнийг Ким Чен уны ойрын нөхөр, хувьсгалын хамтрагч хэмээн Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг онцлон дурджээ.

 

73 настай Ким Ян Гон нь Пхеньяний урд хөрш Өмнөд Солонгостой харилцах харилцааны асуудлыг хариуцдаг байжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард хойгийн хурцадмал байдлыг намжаахаар хил дээр болсон уулзалтад Хойд Солонгосын төлөөлөгчдийг даргалан оролцсон байв. Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг газрын тэсрэх бөмбөгөнд өртөн гэмтсэнээс хойгт хурцадмал байдал үүсэж, талууд харилцан их буугаар гал нээсэн билээ.

 

Ким Ян Гоныг оршуулах төрийн ёслол маргааш /XII.31/ болох аж. Оршуулах ёслолд удирдагч Ким Чен Ун биечлэн оролцох гэнэ. Түүнчлэн Ким Ян Гоныг эцсийн замд үдэх ёслолд Хөдөлмөрийн намын өндөр албан тушаалын 80 хүн оролцох тухай мэдээлжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж