Интернэтийн орчинг хүүхдэд зориулан зохицуулж болно

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Интернэтийн орчинг хүүхдэд зориулан зохицуулж болно

Харилцаа, холбооны зохицуулах хорооны /ХХЗХ/ судалгаагаар Монгол Улсын гурван иргэн тутмын хоёр нь интернетийг өдөр тутам хэрэглэдэг байна. Тэр дундаа фэйсбүүк хэрэглэгчийн 60 гаруй хувь нь бага насны хүүхэд гэх судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Гэтэл энэ хэрээр цахим гэмт хэрэг, зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдсэн дүр зураг бий. Тиймээс интернэтийн соёлтой хэрэглээг нэвтрүүлж, бага насны хүүхдийг цахим гэмт хэргээс сэргийлэх вэ гэх асуудлыг албаныхан тал бүрээс нь хөндөж эхэлсэн байна.

Энэ асуудалд:

  1. Эцэг эхийн хараа хяналт
  2. Сургуулийн захиргаа
  3. Цагдаагийн байгууллага
  4. Интернэтээр хангагч байгууллага гэсэн тал бүрийн оролцоо чухал гэдгийг албаныхан сануулж байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Б.Саруултуяа "Эцэг эхчүүд хүүхдээ өрөөндөө ороод чимээгүй сууж байна, ашгүй гэж баярладаг. Гэтэл тэр хүүхэд хаалганы цаана интернэт орчинд юу хийж байна вэ гэдэгт анхаарал хандуулдаггүй. Иймээс эцэг эхчүүд нэн тэргүүнд хүүхэдтэйгээ ойр харилцаж, ярилцах хэрэгтэй. Интернэт орчинд юу хийдэг вэ, ямар хүнээс болгоомжлох ёстой вэ гэх мэтчилэн найзын ёсоор зөвлөгөө өгч, ойр харилцах нь чухал" гэв. Цагдаагийн байгууллагад хамгийн сүүлд л гэхэд "Нүцгэн охид" гэх хуудас бүртгэгджээ. Фэйсбүүк, чатаар дотно танилцсан охидынхоо зургийг ийм байдлаар олонд дэлгэсэн байна. Эргээд нүцгэн зургаар нь тухайн охидыг сүрдүүлэх, бэлгийн харилцаанд орохыг шаардах явдал гарах болжээ. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас сэрэмжүүлэг өгч, сануулдаг ч эцсийн дүндээ эцэг эхийн хараа хяналт нэг номерт үгүйлэгддэг гэв.

Хоёрдугаарт, сургуулийн захиргааны интернэт хэрэглээнд тавих бодлого үгүйлэгдэж байгааг албаныхан санууллаа. Учир нь, сургуулийн орчинд үнэгүй интернэт байдаг. Сурагчид хичээлийн болон хичээлийн бус цагаар утаснаасаа интернэт орчинд чөлөөтэй "нааддаг" нь томоохон эрсдэл дагуулдаг гэв. Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн мэдээллээр нийслэлийн 10 гаруй сургууль интернэт орчинд тавих хяналтаа сайжруулжээ. Ингэхдээ +18 мэдээллийг интернэт орчноосоо цензурдах гэх мэтээр зохицуулалт хийжээ. Сургуулиуд ийм байдлаар зохицуулалт хийж болно гэдгийг ч сануулж байна.

Гуравдугаарт, энэ асуудалд интернэтээр хангагч байгууллага ч үүрэг хүлээдэг аж. Тухайлбал, ”Интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага”-ын 5.3-д “Айл өрхийн интернэтэд насанд хүрэгчдэд зориулсан контент (+18) руу хандах хандалтыг хязгаарласан (систем эсвэл програм хангамжийн) үйлчилгээтэй байна. Энэ үйлчилгээг хэрэглэгчийн гэрээ болон байгууллагын веб сайтаар дамжуулан иргэдэд мэдээлнэ” гэж заажээ.

Үүнээс үзэхэд иргэн та интернэтээр хангагч байгууллагаас "Насанд хүрэгчдэд зориулсан контент руу хүүхэд хандах боломжгүйгээр хязгаарлалт хийж өгөөч" хэмээн хүсэлт тавих эрхтэй юм.

Улсын хэмжээнд интернэтээр хангагч 69 байгууллага, түүний 25 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 25 байгууллагын 90 орчим хувь нь энэ зохицуулалтыг мөрддөг хэмээн ХХЗХ-ны зохицуулалтын албаны дарга Л.Гантулга хэллээ. Харин одоогоор орон нутгийн интернэт түгээгч нарт энэ хяналтыг бүрэн тавих боломжгүй байгаа гэв.

Энэ мэтчилэн цахим гэмт хэргээс хүүхдийг хамгаалж, урьдчилан сэргийлэх ажилд тал бүрийн оролцоо чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч эцсийн дүндээ эцэг эхчүүдийн өдөр тутам хүүхэддээ тавих анхаарал, халамжаас бүх зүйл шалтгаална гэдгийг цагдаагийн байгууллагаас санууллаа.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж