“Хүн шувуу”-д Монголын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

“Хүн шувуу”-д Монголын тайзнаа

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн урилгаар дэлхийн тайзыг эзэгнэгч шилдэг бүжигчид Монголд ирээд байгаа юм. Тэд Монголын тайзнаа “Хунт нуур” балет, “Night Of Ballet” гала тоглолтод бүжнэ. Балет бол хамгийн нандин, тэнгэрлэг урлаг. Энэ тэнгэрлэг урлагийн эзэд нь” хүн шувуу”-д. Тэд яг л тэнгэрт дүүлэн нисэх шувуу шиг тайзыг эзэгнэдэг.


1.Дугараагийн Алтанхуяг. 2000 онд АНУ-ын Нью-Йорк хотын New York International Ballet Competition /NYIBC/ тэмцээнээс тусгай шагнал, 2001 онд Япон улсын Токио хотноо зохиогдсон Ази Номхон далайн орнуудын тэмцээнд оролцож Монгол Улсын түүхэнд анх удаа олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2002 онд АНУ-ын Миссисипид болсон “JACKSON” тэмцээнээс шагналт тавдугаар байр, 2002 онд ОХУ-ын Пермь хотноо болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, 2003 онд Токиогийн Ази Номхон далайн орнуудын балетчдын тэмцээнээс мөнгөн медаль, 2005 онд хоёр жилд нэг удаа болдог балетын урлагийн хамгийн том тэмцээн болох New York International Ballet Competition /NYIBC/ тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртсэн.


2.Эрика Р.Корнейо /Erica R Cornejo/ Аргентин улсын иргэн, American Ballet Theater, “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Аргентиний Ерөнхийлөгч Жорж Карлос Мениум нарт зориулсан тоглолт, Metropolitan Opera House-д, мөн АНУ-ын Цагаан ордонд Ерөнхийлөгч асан Жорж Бушид зориулсан тоглолтод бүжиглэж байсан төдийгүй 2000 оны ЮНЕСКО-гийн энх тайвны элчээр тодорч байжээ.

3.Жон Лэм /John Lam/ АНУ-ын иргэн, дөрвөн настайгаасаа эхлэн Марин балетын сургууль, Канадын үндэсний балетын сургууль, Pierino Ambrosoli сангуудын бүтэн тэтгэлэгт шалгаран суралцаж эхэлсэн. Тэрбээр 2005 оны Сөүлийн олон улсын балетын тэмцээн, Хельсинк, АНУ-ын үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс тусгай болон шагналт байрт шалгарсан “Бостон балет” компанийн модерн бүжгийн нүүр царай болсон бүжигчин.


4.Уитни Женси /Whitney Jensey/ АНУ-ын иргэн, 10 настайдаа бүх Америкийн залуучуудын балетын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, мөн 11, 12 настайдаа Америкийн Найдвар /Hope of American/ тэмцээнд тэргүүн байр, 22 болон 23 дахь “Варна” олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. 44 жилийн түүхтэй тус тэмцээн түүхэндээ дөрвөн удаа Гран-при шагнал диплом гардуулсны нэгийг тэрбээр хүртсэн билээ. Тэрбээр нийтдээ долоон алт, нэг мөнгөн медаль хүртсэн дэлхийн шилдгүүдийн нэг юм.

5.Родриго Алмаралес. Куба улсын иргэн, Германы “Синсинати балет” театрын гоцлол бүжигчин. “Варна” олон улсын балетын тэмцээнээс мөнгөн медаль, 2011 оны “Бостон” олон улсын балетын тэмцээнээс мөн мөнгөн медаль хүртсэн. Сонирхуулахад, тэрбээр Италийн “Авьяаслаг италичууд” тэмцээний шилдэг долоогийн нэгээр шалгарч байжээ.

6.Миса Куранага. Япон улсын иргэн. New York International Ballet-ын хүндэт бүжигчин, Японы New National Ballet театрын гоцлол бүжигчин тэрбээр ес дэх удаагийн “Москва” олон улсын тэмцээнээс алт, 2006 онд Америкийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Тэрбээр Нью-Йорк балетын 75 жилийн ойн гала тоглолт, “Вайль” олон улсын фестивальд 2008, 2009, 2010 онд оролцсон.


7.Ят Сен Чанг. Английн үндэсний театрын гоцлол бүжигчин. “Варна” олон улсын тэмцээний шилдэг хамтран бүжиглэгч, мөн шилдэг орчин үеийн бүжигчин.


8.Андил Ндлову /Andile Ndlovu/ ӨАБНУ-ын иргэн. “Вашингтон балет” театрын гоцлол бүжигчин. Тэрбээр ӨАБНУ-ын олон улсад танигдсан цорын ганц залуу балетчин юм. Тэрбээр 2010 онд ӨАБНУ-д зохиогдсон олон улсын тэмцээнээс шүүгчдийн шагнал, 2011 оны “Бостон балет” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.

9.Рэе Ичикава Япон улсын иргэн, “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин.

10.Марк Черчиль /Mark Churchill/ АНУ-ын New England Conservatory хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, удирдаач, мэргэжлийн симфони найрал хөгжимчдийн холбооны удирдаач, АНУ-ын El Sistema байгууллагын захирал. Тэрбээр Азийн залуу найрал хөгжимчдийн холбооны гишүүн, “Эл” системийг АНУ-д санаачлагч юм.“Хүн шувуу”-д Монголын тайзнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж